Айлбаянгийн уурхайн дордохын долоон баримт

e5f013851b17b038big- Айлбаянг эзэмшигч эрхэм түшээ алдаагаа засаач -

Манай стратегийн ач холбогдол бүхий орд газрууд бүгд хэн нэгэн улстөрчийн халаасанд байдаг гэдгийг надаар хэлүүлэх юун. Монголчууд төдийгүй дэлхий дахины мэдэх Тавантолгой, Оюутолгой гэх мэт уурхайнууд бол яалт ч үгүй төрийн өмчид бүртгэлтэй. Түүнээс бусад томоохон орд газрууд бүгд л хэн нэгэн эрхмийн халаасанд байх аж. Тухайлбал, Хөшөөтийн уурхай бол яах аргагүй стратегийн ач холбогдолтой хэмээн шинжээчид болон эрдэмтэн мэргэд үздэг ч У.Барсболд гэх эрхэм түүнийг эзэмшиж байх жишээтэй. Эдгээр стратегийн ач холбогдол бүхий ч албан ёсоор бүртгэгдээгүй уурхай бол Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Айлбаянгийн уурхай гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Айлбаян нь металлургын үйлдвэрт ашиглах боломжтой сайн чанарын 14 сая тонн нүүрсний нөөцтэй гэхээр яах аргагүй төрийн мэдэлд байх ёстой гэдэг нь харагдана. Гэтэл тус уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг манай нэр бүхий УИХ-ын гишүүн эзэмшдэг бөгөөд хувь нийлүүлдэг томоохон улстөрчийн нэр ч дуулдана билээ. Энэ уурхай нь нэр бүхий улстөрчийн төрсөн дүү Б.Балдоржийн удирддаг “Коэл” компанийн мэдэлд байдаг юм байна. Тиймээс Айлбаянгийн уурхайн олборлолтыг хариуцаж буй “Билигт говь” компани нь “Коэл”-ийн оператор компани учраас Б.Балдоржийн шууд удирдлагаар ажилладаг, харин “Билигт говь” компанийг Н.Наранбаатар гэх залуу орон нутагт удирдан залдаг аж. Тус компани нь 2011 оны тавдугаар сараас эхлэн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд үйл ажиллагаа явуулсан бөгөөд өнөөдөртэй золгоход багагүй хэл ам дагуулсаар байгаа. Тиймээс манай сайтад тус компанид ажилладаг нэгэн ажилтан бидэнд хандсан юм. Тэрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн хэдий ч нэрээ нууцлахыг давхар дайлгасан учраас бид түүний нэрийг энд дурдалгүй баримтуудыг дэлгэж байна.

Баримт-1
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Автотээврийн газраас Айлбаянгийн уурхайн ажилтай танилцаад үйл ажиллагааг зогсоохыг 2011 оны аравдугаар сард шаардсан байна. Учир нь тус уурхайн 80 орчим хүртэлх тоннын даацтай 200 гаруй машин нь шороон замаар өдөр шөнөгүй тээвэр хийх боломжгүй. Хөрс маш ихээр эвдрэх аюултай гэсэн төдийгүй алс хэтдээ мал амьтан амьдрах нөхцөл алга болно гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн Мэргэжлийн хяналтын газраас ажилчдын байр болон иргэдийн ажиллах аюулгүй байдал хангаагүй гэх хэд хэдэн үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоохыг шаардаад явсан. Гэтэл уурхайн удирдлагууд аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон дээшээ эрх мэдэл бүхий хүмүүстэй хуйвалдан, үйл ажиллагаагаа сэргээн ажиллаж эхэлсэн аж. Энэ ажлыг манай нэр бүхий улстөрчийн дүү “Билигт говь” компанийн толгой компани болох “Коэл”-ийн захирал Б.Балдорж их хэмжээний ам.доллар цүнхэлж явсаар гүйцэтгэсэн гэдгийг ч нуугаагүй.

Баримт-2
Тус уурхайд 2011 оны сүүлчээр Эрдэс баялагийн сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар очиж үйл ажиллагаатай танилцаад тал талын сөрөг үзүүлэлттэй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь хаа гэсэн шийдвэр гаргасан. Мөн энэ үеэр “Коэл”-ийн захирал Б.Балдорж дээрх аргаар уурхайн үйл ажиллагааг сэргээсэн байна. Нөгөө талаар эзэмших эрхийн лиценцийн эзэн эрхэм түшээ хувь нийлүүлэгчтэйгээ ч хамтран зүтгэснээр үйл ажиллагааг сэргээсэн байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл хууль бусаар ажиллах эрхийг төрийн эрхэм хоёр түшээ гүйцэлдүүлжээ.

Баримт-3
“Билигт говь” нь Айлбаягийн уурхайд 60,0 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хөрс хуулалт, зам засвар, барилга байгууламж, цалин хангамжид оруулж 300-аад ажилтантай ажиллаж байна. Ордын батлагдсан нөөц 14,0 сая тонн. Жилдээ 1,5-2 сая тонныг олборлох юм бол 7-10 жил ажиллах ерөнхий төлөвлөгөөтэй гэх танилцуулгатай ч бүгд цаасан дээр зоосон худлаа төлөвлөгөө гэдгийг ч хэлсэн. Гэсэн хэдий ч бидэнд ирүүлсэн мэдээллээс харахад тус уурхайн батлагдсан нөөц нь 20 гаруй сая тонн гэдгийг судалгаа хийж нөөц тогтоосон багийнхан ам алдасныг ч нуусангүй. Тэгэхээр мэргэжлийн багийнхан шалгах юм бол үүнээс ч томоохон булхай нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй.

Баримт-4

Мөн “Билигт говь”-ийн удирдлагууд сэндвичээр ажилчдын болон офиссын байр барьж байгаа. Завсарын газар, шатахууны станц, 150 тоннын пүү, объект бүрт уурын зуух, ус шахах 250-400 кВт-ын дизель станц барьж, боомт хүртэл 160 км сайжруулсан шороон зам тавьсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард олборлосон 31 мянган тонн нүүрсийг Ханги руу ачуулсан. 2012 онд 1,2 сая тонн нүүрс олборлож, 24 тэрбум төгрөгийн татвар төлнө гэсэн байгууллагын төлөвлөгөөг танилцуулж байжээ. Гэтэл өнгөрөгч 2012 онд 24 тэрбум бүү хэл 10 тэрбум төгрөгийн татвар ч төлөөгүй. Тэгсэн хэрнээ 2012 онд хоёр ээлжийн 200 машинаар 1.5 сая тонн орчим нүүрс олборлож хилээр гаргасан гэдгийг дэлгэсэн юм. Мөн тэр 160 километр сайжруулсан зам бол нэр төдий зүйл бөгөөд өдгөө тус газрын зам дагуух газрын хөрс эвдэрч мал амьтан бэлчих нөхцөл улам муудсаар байгаа аж. Магадгүй Тавантолгойн орд газрын замбараагүй үеийн болон өдгөөгийн түүх энд давтагдахаас өөр гарцгүй гэдгийг хэлсэн юм.

Баримт-5
Харин уурхайн захирал Н.Наранбаатар болон толгой компанийн эзэн Б.Балдорж нарт Дорноговь аймгийн удирдлагуудаас ахин шаардах бичиг ирүүлжээ. Тус шаардах бичигт “гэрээнд заасан олон зүйл зөрчигдөж байгаа учраас үйл ажиллагаагаа зогсоо. Гэрээнд заасан дагуу асуудлаа шийдэж байж үйл ажиллагаа явуул” гэсэн байжээ. Харин энэ үед Б.Балдорж, Н.Наранбаатар нар аймгийн удирдлагуудад үнэнээ хэлж гуйж байсныг дамжуулъя. Энэ үед Н.Наранбаатар захирал “Манайх хатуу хучилттай зам тавихад 160 сая ам.доллар хэрэгтэй. Тийм боломж манай “Коэл” компанид байхгүй. Зам шаардлага хангахгүй байгааг мэднэ. Муу хайргаар хийсэн. Нарийн, эргэлт ихтэй, машин эвдрэхэд зогсоол байхгүй. Тоос боссон нөхцөлд машин мөргөлдөх магадлалтай байгаа. Манай хөрөнгө оруулалтаар зам барьсан “Дардан зам” компанийнхантай бид нэг ч уулзаагүй. Үйлдвэрлэлийн зориулалттай хоёр цистернтэй. Замаа услаад нүүрсээ зөөнө. Бид анхнаасаа л сайжруулсан шороон замаар нүүрсээ зөөнө гэж тооцсон. Өөр арга байхгүй, хатуу хучилттай зам барихад наад зах нь хоёр жилийн хугацаа шаардлагатай. Сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийг би олж үзээгүй гэсэн тайлбарыг өгч байжээ. Үнэн хэрэгтээ хоёр усны машинаар 200 хүнд даацын автомашины явах замыг услаад асуудлаа шийддэг зүйл гэж хаа ч байхгүй. Тухайн үеийн сайдын тушаал, аймгийн Засаг даргын ахин хүргүүлсэн шаардах бичиг өнөөдөр хүртэл хэрэгжээгүйг бодоход бас л дээрх аргуудаа хэрэглэсэн болов уу.

Баримт-6
“Билигт говь” компани нь өнгөрөгч долдугаар сараас хойш ажилчдынхаа цалинг олгоогүй байна. Одоогоор уурхай амарч байгаа ч ажилчид нь өдөр болгон цалингаа авахаар утас цохидог ч хөрөнгө оруулалт байхгүй болсон гэх мэтээр шалтаг тоочсоор байгаа аж. Сүүлдээ бүр утсаа авахаа больсон тухай дуулгасан юм. Түүнчлэн тус уурхайн дүрэм, аймаг орон нутагтай байгуулсан гэрээнд уурхайн ажилчдын 90 хувь нь монголчууд, гэхдээ орон нутгийн иргэд байна гэж заасан ч өдгөө уурхайн ажилчдын 60 гаруй хувь нь хятадууд байдаг аж. Тэнд ажиллаж буй хятадууд нь бүгд зөвшөөрөлгүй ажилладаг бөгөөд төвөөс шалгалт ирэхээр хятадуудыг хөдөө жалганд нууж байгаад шалгалт дууссаны дараа авчирдаг гэнэ. Учир нь уурхайн удирдлагууд төвд тусгай цалин олгодог мэдээлэгчтэй байдаг бөгөөд ирүүлсэн мэдээллийн дагуу асуудлаа зохицуулдаг аж. Магадгүй тэд төрийн албанд нууц мэдээлэгчээ шургуулсан ч байж болох юм.

Баримт-7
Тус уурхайн толгой компани “Коэл”-ийн төлөөлөгчид Айлбаянд хуваарийн дагуу ээлжээр ажиллаад буцдаг байна. Тиймээс ажилчид толгой компанийн төлөөлөгчид болж буй үйл явдлыг хэлэхэд огт авч хэлэлцдэггүй аж. Харин төлөөлөгчид бид дотоод асуудалд оролцдоггүй. Шатахуунаар л хангадаг. Та нарын наад цалингийн асуудал, халагдсан солигдсон чинь бидэнд ямар ч хамаа алга гэдэг байна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй төлөөлөгчид ихэд дээрэнгүй ханддаг хэмээж байв. Уг нь уурхайчдын дотоод болон гадаад асуудал ямар ч утгаараа толгой компанид хамаатай байж таарна.

Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих