Шинэчлэл нэрийн дор МУИС-ийн үнэт зүйлсийг үгүй хийж байна гэв
МУИС-ийн багш нар “МУИС-д ардчиллыг сэргээх” түр хороо байгуулсан талаараа өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал тус сургуулийн Гадаад харилцаа, Эдийн засаг, Олон улсын харилцаа зэрэг салбар сургуулиудын багш нар бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцээд байгаа юм. Төрийн болон хувийн их дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийх салхийг МУИС эхлүүлсэн. Аливаа зүйл хуучин хэв маяг загвараасаа ангижирч, шинэчлэгдэнэ гэдэг сайшаалтай ч эсрэгээрээ багагүй хэл ам дагуулж, бэрхшээл саадтай тулгардаг нь үнэн. Гэхдээ эл шийдвэрийг олон хүн урьд хожид хийж байгаагүй түүхэн шийдвэр хэмээн ам сайтай байна билээ. Багш нарын эгдүүцлийг төрүүлээд байгаа бүтцийн өөрчлөлт хэн нэгний ашиг сонирхолд тулгаарлаж хийгээгүй. Харин тус сургуульд одоо суралцаж байгаа болон ирээдүйд суралцах олон мянган оюутанд үр шимээ өгөх алхам болно гэдэгт олон хүн итгэж буй. Тус сургуулийн араас шинэчлэлийн эгнээнд ШУТИС ч багтаад байгаа. Ямартаа ч шинэчлэл хийх шаардлагатай их, дээд сургуулиуд манай улсад энэ хоёроор зогсохгүй ээ. Уг нь МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг оюутан залуус хүлээн зөвшөөрч дэмжсэн. Багш нарын эсэргүүцэж буй шалтгаан шинэчлэл гэсэн нэрийн дор хийж байгаа бүтцийн өөрчлөлт ардчиллын тулгуур гурван зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буйтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлтийн талаарх үйл ажиллагаа ил тод бус, багш, оюутан, ажиллагсдын оролцоог үл ойшоосон, хариуцлага, эрх үүргийн хяналтгүйгээр хийж байна гэж үзжээ. Тиймээс маргааш /өнөөдөр/ Хүний эрхийг олон улсын өдрийг тохиолдуулан жагсаал хийнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм. Мэдээлэл хийх үеэр МУИС- ийн Эдийн засгийн сур- гуу лийн тэнхмийн эрхлэгч Б.Алтанцэцэгээс дараах асуултад хариулт авлаа.
-МУИС-д хийж байгаа бүтцийн өөрчлөлт ардчиллын үндсэн зарчмыг зөрчсөн гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Ардчилсан зарчим хүн төрөлхтний олж нээсэн хамгийн сайн ололт. Гэхдээ үндсэн суурь зарчмыг алдагдуулбал нэр төдий зүйл болох аюултай. Үүний тод жишээ манай сургууль болж байна. Шинэчлэгчид эхнээсээ МУИС-ийн үнэт зүйл болох академик эрх чөлөө, сайн засаглал, нийгмийн ёс зүй, уламжлал ба шинэчлэл мөн ардчиллын үнэт зарчим болох хүний эрх, ил тод байдал, оролцоо, хариуцлага зэргийг үгүй хийж, дарангуйллаа тогтоох гэж улайрч байна.
-Тодруулбал?
-Шинэчлэл нэрийн дор хийж байгаа бүтцийн өөрчлөлт ил тод биш байна. Удирдлагын зүгээс бүтцийн өөрчлөлттэй холбоотой гаргасан аливаа шийдвэр багш, оюутан, ажилчдад хаалттай байдаг. Хэзээ, хаана юу болсон нь огт ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн уулзалтын талаарх хурлын тэмдэглэл, түүнд зарцуулсан хөрөнгө мөнгө ил тод зарчмаас гажууд хийж байна. Мөн бүтцийн өөрчлөлтийг хариуцлага, эрх үүргийн хяналтгүй хийж байх жишээний. Хариуцлага тооцох зарчим МУИС-ийн удирдлагуудын өөрсдийн үзүүлсэн үлгэр дуурайллаас улбаалан шат шатандаа алдагдаж, үерийн ус мэт газар авч байна.
-Түр хороог ямар зорилгоор байгуулсан бэ?
-Бид энэ бүтцийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаа. Анхнаасаа ил тод бус, шударга биш байдлаар эхэлсэн. Сүүлдээ ч тийм байна. Дээд боловсролын тухай хуулийн цоорхойг ашиглан хийж байна л даа. Оюутны хичээл сонголт аль өнгөрсөн жилээс манай сургуульд нэвтэрсэн. Шинэ зүйл биш. Маргааш /өнөөдөр/ түр хорооны багш нар эсэргүүцлээ илэрхийлж жагсана.
-Оюутнууд бүтцийн өөрчлөлтийг дэмжсэн. Багш нар энэ үйлдлээрээ оюутнуудыг турхираад байгаа юм биш үү?
-Багш нар ч гэсэн оюутнуудынхаа эрх ашгийн төлөө эсэргүүцэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш турхираад байгаа юм байхгүй. Бид Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр нарт хандаж албан бичиг хүргүүлнэ.
URL: