ОХУ төрийн мэдээллийн агентлагаа шинэчлэн зохион байгуулна
МОСКВА. /РИА Новости/. Оросын Засгийн газар төрийн мэдээллийн байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулах үүднээс төрийн мэдээллийн “РИА Новости” агентлагийн бааз суурийг түшиглэн мэдээллийн томоохон шинэ агентлаг байгууллаа.
“РИА Новости” агентлаг болон “Оросын дуу хоолой” радиог олон улсын мэдээллийн “Россия Сегодня” шинэ агентлагт нэгтгэх зарлигийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан аж.
Уг алхам нь Оросын мэдээллийн салбарт хийж буй томоохон өөрчлөлт бөгөөд хэдийнэ хатуу дүрэм журамтай Оросын хэвлэл, мэдээллийн салбарт төрийн хяналтыг улам бүр нэмэгдүүлэх бодлого бололтой.
Түүнчлэн “Россия Сегодня” агентлагийг телевизийн нэртэй хөтлөгч, менежер, ижил хүйстнүүдийг эсэргүүцсэн мэдэгдлээрээ дуулиан тариад буй Дмитрий Киселёвоор удирдуулах тухай зарлигт дурдсан байна.
Уг шийдвэр нь төсөв хэмнэх, мэдээллийн хэрэгслийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой гэж Кремлийн ордны албан ёсны төлөөлөгч Сергей Иванов мэдэгджээ.
“Орос улс үндэсний эрх ашигт тулгуурласан, өөрийн гэсэн бие даасан бодлоготой. Үүнийг олон улсад тайлбарлах хэцүү байдаг хэдий ч бид энэ алхмыг хийх ёстой байсан” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэв.
Үгчлэн орчуулбал “Орос улс өнөөдөр” хэмээх шинэ агентлаг нь англи хэлээр мэдээлэл гаргадаг, төрөөс санхүүжүүлдэг “Russia Today” телевизийн сувгаас тусдаа үйл ажиллагаа явуулах аж. Тус телевизийн захирал ч Кремлийн шийдвэрийг мэдээллийн хэрэгслүүдээс олж мэдсэн гэлээ.
“Россия Сегодня” агентлагийг одоогийн “РИА Новости” агентлагийн байранд байрлуулж, өөрчлөлтийг гурван сарын дотор хийхийг зарлигт тусгасан байна.
“РИА Новости” агентлаг нь ЗХУ руу нацист Герман довтолсноос хоёр хоногийн дараа буюу 1941 онд “Зөвлөлтийн мэдээллийн товчоо” нэрээр байгуулагдсан юм. Тус агентлагийн сурвалжлагчид дэлхийн 45 улсаас 14 хэлээр мэдээ бэлтгэдэг билээ.
Оросын байгалийн хий олборлогч “Газпром” төрийн өмчийн компанитай нягт холбоотой “Газпром-Медиа” мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн сард Оросын тэрбумтан Владимир Потанинаас мэдээллийн “Профмедиа” компанийг худалдан авсан. Аравдугаар сард нь Кремлийн ордны зөвлөх асан Михаил Лесинийг “Газпром-Медиа”-гийн захирлаар томилоод байжээ.
Л.Урангуа монцамэ
URL: