Мөсний авиралтын уулчид шилдгээ тодруулжээ

39e6a09d7bb944d65831821e7f0e7f1b_LМонголын уулын хөтөчдийн холбоо, адал явдалт аяллын “Монголиа Экспедишнс” компаниас зохион байгуулсан мөсний авиралт тэмцээний аварга багаар Хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбооны баг тамирчид тодорлоо.

Энэ сарын 6-8-нд зохион байгуулсан мөсний авиралтын тэмцээнд уулчид болон аялагчид нээлттэй оролцсон бөгөөд эрэгтэй 55, эмэгтэй 30 гаруй тамирчин ур чадвараа сорьжээ. Өвөрхангай аймаг,  Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээнд жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа мөсөн авиралтын тэмцээн нь Монголын уулчдын техник ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, шинэ залуу уулчдыг бэлтгэх, мөсөн хананд авирах спортыг хөгжүүлэх зорилготой юм.

Багийн дүнгээр Хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбоо тэргүүлж, Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб, “Монголын уулын хөтөчдийн холбоо”-ны тамирчид II, III байрт тус тус шалгарчээ. Харин хувийн авиралтад эрэгтэйчүүдээс “Сутайн бор” клубын тамирчин Б.Баасандорж, эмэгтэйчүүдээс мөн “Сутайн бор” клубын тамирчин Д.Баярцэцэг нар тэргүүн байрын эзэд боллоо.

“Монголиа Экспедишнс” компани, Монголын уулын хөтөчдийн холбоо энэхүү авиралтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн авиралт өмнөх авиралтаас илүү олон хүнийг хамруулж, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, Б.Цэвээндаш нарын дэлхийн дээвэр Эверестийн оргилыг эзэлсэн дөрвөн шилдэг уулчид тэргүүтэй уул, ханан хадны спортын шилдэг тамирчид оролцсон гэдгээрээ онцлогтой байв.

Д.Өлзий МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих