Мориныхоо сайныг унадаг нь биш, уядаг нь мэддэг

erdemted545

1.Хууч яриа

1940-өөд онд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Монгол хэлэнд хэрэглэх орос үсгийн цагаантолгой зохиох даалгавар авчээ. Үүнийгээ хэдхэн хоногт гүйцэтгэсэн. Яагаад гэвэл монголбичгийн зүй тогтолд тулгуурлаж зөвхөн орос үсгийн тэмдэгтийг ашигласан байсан. Тэгээд маршал Чойбалсанд танилцуулж,  жишээ бичихдээ ”мори” гэсэн үгийг сонгосон юмдаг.

Маршал “Би ямар орос үсэг мэдэх биш. Харин  орос сургагчаараа уншуулъя” гэжээ. Гэтэл цаадах нөхөр нь орос дуудлагаараа “мори” гэхийг “мории” гээд хэлж. Маршал, – Мории гэж юу гэсэн үг вэ? Би сонсоогүй юм байна. Дамдинсүрэн ч,-Мории биш ээ, мори гэсэн үг, монголбичгийн уламжлалаар бичсэн юм. Гэтэл, -Орос хүн нь орос үсгээрээ уншаад байхад би лав ойлгосонгүй. Чи наадахаа зас. Юу зохиогоод ирчихсэн юм гэж уурсжээ.

Дамдинсүрэн маань засч сайжруулахаар явлаа. Нэлээд хэдэн сар болсон дог. Шахаж шавдуулж авчруулаад, дахиад хэлэлцлээ.

“Мори” гэдэг үгээ “морь” гээд биччихэж.  Орос сургагч түүнийг нь “мор” гээд уншлаа. Маршал, -Мор гэдэг чинь тэгээд мори гэсэн үг үү.  Ямар хачин юм хийгээд байна аа гээд дүрсхийтэл мань эр ч, -Мор гэж хатуугаар дуудахгүй л дээ.  Мори гэж зөөлнөөр дуудах ёстой.  Ингэж зөөлрүүлж буй үсэг нь энэ “ь” зөөлний тэмдэг юм шүү дээ гээд өөрийгөө аварсан юм.

Тэнд байсан Намын Төв Хорооны хэд ч “За ингэвэл болмоор юм шиг болж байна. Наадахаа сайжруулаад ир. Бүх нийтээр хэрэглэх үсэг болгоно” гэж тогтсон юм. За ингээд “ь” зөөлний тэмдэг гэсэн үсэг мэндэлсэн юм гэж 1983 оны намар Ардын Гэгээрлийн сайд асан Машлай бидний хэдэн оюутанд хуучилж билээ.

Тэр жил 1983 онд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Багшийн сургуулийн багш Б.Осортой хамтран “Монгол үсгийн дүрмийн толь” гэж хамгийн сүүлчийн хувилбараар сайжруулсан толь гаргасан. Энэ толь одоо хүртэл Монголхэлний зөв бичих ёсыг зохицуулж байна.

2. Шинэ үсгийн давуу тал

- Монгол улсын албан ёсны төрийн үсэг бичиг

- Монголын шинжлэх ухаан, соёл урлаг, түүхийн нэгэн зурвас үеийг энэ бичгээр тэмдэглэж байна.

- 1930-40 онд Монголчууд өөрийн төрийн бичиг үсгийг сонгох зайлшгүй түүхэн үе ирсэн.

Монголбичиг, Латин үсэг, Орос үсэг гэсэн сонголтоос улс төр, нийгэм эдийн засгийн шаардлагаар энэ үсгээ сонгож авсан.

- 1957 онд шинэ  үсгийн комисс бичиг үсгийн сонголтын талаар дахин санал асуулга авахад монголын хүн амын 90% нь “Энэ үсгээ хэвээр нь хадгалъя. Харин зөв бичих дүрмийг сайжруулах хэрэгтэй” гэсэн.

- 1960 онд хүн амын 90% нь богинохон хугацаанд бичиг үсэгтэй боллоо гэж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн.

- Шинэ үсгээ заах арга туршлагатай. Арга зүйг нь сайжруулсан цагаан толгой, зөв бичих зөвлөмжийн олон арван ном гарсан. Зааж сургах багш нарын бүхэл бүтэн арми, хүлээж авдаг нийгмийн сэтгэл зүйн хөрс нэгэнт тогтсон.

3. Шинэ үсгийн дутагдалтай тал

- Монгол улсаараа зөв бичих дүрмийн алдаатай бичдэг.  Энэ бол үндэстний эмгэнэл. Зөв бичих дүрмийн алдаагүй нэг ном, нэг сонин ольё гэвэл тэнгэрт залбирч газарт мөргөөд ч олдохгүй.  Энэ бол үндэстний гутамшиг. Олон улсын хэл шинжээч эрдэмтдээс нууж байдаг ичгүүр.

- Шинэ үсгийн дүрэм 100 гаруй үсгийн дүрэмтэй. Сурагчдад заахад хүнд сэдэв. Хэрэглээний сургалт биш харин академик нүсэр сургалт юм.

- Шинэ үсгийн дүрмийг сайжруулах гэж үе үеийн монгол хэл шинжээчид оролдож байсан ч нэгэн шийдэлд хүрдэггүй. Яагаад?

- Авиа-үсгийн аргыг гол болгож, ярианы хэлэнд суурилж зохиосон учраас үсгийн дүрмийн мөнхийн маргаан дэгдсэн.

Одоо Чингис гэхийг Чингэс гэж бичиж хэвшиж эхэлж байна. Удалгүй Чэнгэс болоход гайхах зүйлгүй. Товчхондоо энэ дүрмээр тэмдэглэсэн 20-р зууны бичиглэлийг 21-р зууны монголчууд ойлгоход хүндрэл үүснэ. Харин 22-р зууны монголчууд нь бүр ч лөөлөө. Учир нь ярианы хэлэнд зориулж гаргасан дүрэм шүү дээ.

Жишээлбэл, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 1983 оны толь бичигтээ “эрвээхий, дэгдээхий” гэж бичнэ гэж заасан. Гэтэл одоо “эрвээхэй, дэгдээхэй” гээд бичиж байна.

“Бөлөг гэж юу гэсэн үг вэ?” гэж нэг хүү асууж билээ. 1960-аад онд хэвлэсэн уран зохиолын номноос энэ үгийг уншиж. ”Бүлэг гэсэн үг чинь шүү дээ” гэж хэлэхдээ би  цочирдсон.

Энэ дүрэм нь монголхэл сурч байгаа гадаад хүнд маш хүнд . Тэд монгол ярианы хэл сурдаг. Зөв бичих дүрмийг сурч чаддаггүй. Залхдаг зарим нь сурахаа зогсоодог. Үсгийн дүрмийн тамын тогоонд толгойгоо дүрж, тарчилахыг хэн хүсээ аж.

- Монголхэл бол өөрийн гэсэн бичгийн хэлний зүй тогтолтой. Гэтэл монгол үгийн үндсийг эвдэж бичдэг. Үүнийг дагаад олон дүрэм хогийн шарилж шиг сагсайж ургасан. Энэ нь эргээд бичгийн хэлний дархлааг сулруулж сонсголонт аялгууг нурааж эхэлсэн. Жишээ нь, засчхаж, номхтго гэхэд “-с,-х” –ийн дүрэм, дараалан орсон заримдаг 2,3 гийгүүлэгчийн дүрэм, ”-ж,-ч,-ш”-ийн дүрэм гээд нэг үгэнд чихэлцэж шахалцан дайрдгаас эгшиг үсэг нь сувдны хэлхээ мэт цуварч байдаг аялгуу сайхан дуудлага нь тас түс хийсэн хахир хатуу дуудлагатай болж байна.

- Хэлний сургалт бол өөрийн хэлний зүй зохицлыг дагасан сэтгэлгээний хөгжил байдаг. Гэтэл шинэ үсгийн дүрэм нь монголхэлний үгийн гарал үүслийг тодорхойгүй болгодог. Жишээ нь, “шавьж” гэсэн үгийн задлал хийхэд сурагчид “шавь,оюутан” гэсэн язгуураас “шавьж” гэсэн бичил биет үүсэв үү гэж ангайдаг. Гэтэл монголбичгийн хэлэнд “шавж” гэж бичдэг бөгөөд “шав” гэж “шавах шамбааралдах” гэсэн үгийн язгуураас “шавж” гэсэн бичил биет амьтны нэр үүссэн нь тодорхой байдаг.

- Шинэ үсгийн гарал нь славян төрлийн хэлтний авиаг тэмдэглэсэн тэмдэгт үсэг учраас монгол хэл аялгуунд ямар ч хэрэггүй илүү үсгүүд байдаг. Жишээ нь, Щ үсэг бид “шч” гэж дууддаг. Энэ үсэг ямар ч хэрэглээгүй 70 жил манай үсгийн цагаантолгойд хоригдож байна. Ийм авиатай ямар ч монгол үг, тэр бүү хэл англи үг ч байдаггүй. Энэ үсгийг суллаж, чөлөөлмөөр.

- Ы гэж “уий” гэж дуудах ёстой.  Үүнийг дуудахад, хөгшдийг бол ичээж, хүүхдүүдийг бол элгийг нь хөшөөчих гээд янцаглаж ухилах мэт сонин авиа гардгаас багш нар “61-ийн и үсэг” гэж таниулдаг.

4.Шинэ үсгийг өөрсдийн хэрэглээнд тохируулж сайжруулах боломж

- Үсгийн  дүрэм бол хүний хэрэглээ. Хүн бүрт энгийн ойлгомжтой, сурахад амархан байх ёстой Жишээ нь: Монголбичиг бол гарын 10 хуруунд ч багтахгүй дүрэмтэй. Үсгийн дүрмийн талаар ямар ч маргаан байдаггүй. Иймдээ ч 1200 жил өвөг дээдэс маань хэрэглэжээ.

Улсаараа зөв бичдэг больё. Ийм боломж байна.

1. Монгол үгийнхээ үндсийг эвдэж болохгүй. Энэ бол өвөг дээдэс  бичгийн хэлээрээ дамжуулж үлдээсэн алтан дүрэм. Үүнийг мөрдвөл гээгдэх, гээгдэхгүй эгшгийн дүрэм, эгшигт болон заримдаг гийгүүлэгчийн гээд олон дүрэм ууршина.

2. Үгийн язгуур үндсийг сэргээхдээ монголбичгийн хэлээ баримталсан журамлах тользүй гаргах. Жишээ нь, Би цаас урав. Би таныг урив.

3. “Щ,Ь,Ъ,Й” гэсэн үсгүүд бол монгол хэлний авиаг тэмдэглэдэггүй. Иймээс хасах нь зүйтэй. Үүнийг дагаад зөөлний тэмдэг “и” болно болохгүй, хатуу зөөлний тэмдгийн дүрэм, зөөлөн хатуу гийгүүлэгчийн дүрэм гээд бас л олон дүрэм хасагдана. Энэ бол зөвхөн үсгэндээ зориулсан нэмэлт дүрмүүд. Жишээ нь, одоогийн академик сургалтаар сурагчид ингэж сурдаг.

Морь- эгшигт зөөлөрсөн гийгүүлэгч орсон тул зөөлний тэмдэг хэрэглэнэ.

Морьд- зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна.

Морил- эгшигт зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа зөөлөрсөн гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг “и” болно.

Хэрвээ бид бичгийн хэлний уламжлалаа баривал хэрэглээний сургалт руу орж чадна. Жишээ нь, мори- ганц тоо заасан, морид-олон тоогоо заасан, морил- мори гэсэн язгуураас” морил” гэсэн үг үүссэн бөгөөд монголчууд морио дээдэлдэг тул “морил” гэсэн хүндэтгэлийн найруулгын үйл үг үүсчээ.

Жич, Монголхэлний өргөлт 1-р үедээ байдаг. Гэтэл орос сургалтанд гаршсан зарим монгол “мури” гэвэл “мурии” гэж орос дуудлагаар өргөлтийг 2-р үедээ хэлдэг. Гэтэл монгол бичгийн хэлэнд “мури-, мурии-“ гээд бичлэг дуудлагыг нь салгасан байдаг. Жишээ нь: Би түүнийг сайхан мурисан\хуурсан\. Би шугамаа мурии татчихлаа.

Энэ нь бидний хойч үе нэгэн сайхан өдөр монгол бичигтээ эргэн орох үндсэн хөрс болно.

1990 онд Монголчууд бидний монгол бичгээ төрийн бичиг болгох гэсэн нийгмийн сэтгэлзүй бэлэн байсан. Гэвч бид чадаагүй. Энэ бол бичгийн хэлээ эвдсэн шинэ үсгийн дүрэмд хэт гаршсан болон монгол бичгээ зааж сургах арга зүйг эзэмшээгүй багш нарыг бэлдээгүйтэй холбоотой.

Иймээс шинэ үсгийн дүрмийг засан сайжруулах гэсэн Д.Төмөртогоо Ц.Өнөрбаян нарын хэлшинжлэлийн үндэстэй саналыг дэмжиж байна. Бид өнөөдрөөр өөрийгөө бодох биш маргаашаар үр хүүхдээ бодож амьдаръя.

5.Үсгийн дүрэм өөрчлөхөд гарах бэрхшээл

1.Төр засгийн хүчтэй дэмжлэг түүний тогтоол шийдвэрийн хэрэгжилтээс шалтгаална. Үүнд:

- Хөрөнгө мөнгөний асуудал. Үүнд журамласан толь зүй, шинэ цагаан толгойн сурах бичиг  гэх мэт.

- Шинэ дүрмээр хэвшиж тогтоход тодорхой хэмжээний цаг хугацаа орно. Үүнд хурдан түргэн хэвшин тогтооход хянах, дэмжих тогтолцоог анхаарах.

- Зарим үсэг хасагдсантай холбоотой төрийн болон иргэний баримт бичгийн үсгийн зөрөө ялгааг зөв зохицуулах хуульзүйн орчин бүрдүүлэх.

2. Иргэдийн идэвх нийгмийн ухамсараас шалтгаална.

- Монгол цагаан толгой 35 үсэгтэй гээд итгэчихсэн, орос сургалтын нөлөөнд хүлэгдсэн, хэрэглэж байгаа зөв бичих дүрэм нь хялбар болсныг мэдээгүй иргэд их эсэргүүцнэ.

Гэхдээ бид 2 сая 700 мянга гаруй. Үүнээс уншдаг нь ихэнх нь харин бичиж албан болон нийгмийн харилцаанд оруулдаг нь цөөнх байгаа шүү дээ.

- Төрийн болон хэвлэл мэдээллийн албан хаагчдын… Учир нь өдөр тутам хэрэглэдэг зарим үгийн бичлэг өөрчлөгдөх тул юунд дуртай байв гэж. Гэтэл энэ иргэд хүн амын 10% хүрэхгүй хувийг эзлэх боловч төрийн албаны бичиг үсгийг хэрэгжүүлэгч цөм нь байдаг.

Хамгийн чухал нь шинэ үсгийн дүрмийг өөрчилбөл амар болохоосоо илүү бас монгол бичигт орох суурь хөрсийг бүрдүүлж байгаадаа үнэ цэнэ нь оршино. Одоогийн үсгийн дүрмийг өөрчлөхгүй юм бол үсгийн дүрмийн маргаан үе дамжин улиглах нь мэдээж.

Эцэст тэмдэглэхэд, одоо бид 2 цагаан толгойн үсэг хэрэглэж байна.  Ажил төрөлдөө орос үсэг, харин амьдрал ахуйдаа латин үсэг. Жишээ нь, гар утасны мессеж, internet email, tumbir, facebook, twitter гээд. Энэ үсгийг хэн ч зааж сургаагүй боловч ард түмэн хэрэглээгээ дагаад сурчихсан. Латин үсэг авч болох нөхцөл бүрдсэн. Хэрвээ латин үсгийн цагаантолгой зохиовол орос үсгийнхээс илүү хэрэглээнд ойрхон бас монголбичгээ сэргээх илүү сайн хөрс болж чадна л даа.

Гэвч хэзээ нэг цагт ийм шинэчлэлт хийх нь тодорхой. 20-30 сая болчоод “Үсгийн дүрмээ засъя” гэж пижигнэлдэж байснаас 2, 3 сая байгаа дээрээ засвал хойч үеийнхээ хийх ажлын голыг нь нугаллаа гэсэн үг. Тэд маань дэлхийн улс орныг хуваагаад түгчихсэн латин, ханз, араб, кирилл үсэгтэй зэрэгцүүлээд тэнгэрээс цахилах цахилгаан мэт хурдан бичлэгтэй босоо бичгээ сэргээж, бичиг үсгийн соёлтой ард түмний удам гэдгээрээ бахархаг л даа.

Мориныхоо хэр хурдлахыг уядаг уяач нь мэдэх болохоос унах хүүхэд нь мэдэхгүй шүү дээ.

Хэл шинжээч  З.Ганболд. \Ph.doctor\


URL:

Сэтгэгдэл бичих