“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан хүн зодсон гэдгээ үгүйсгэлээ
“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалантай ярилцлаа.
-Таны тухай нэг таагүйхэн мэдээ саяхан сонинд гарсан байсан. Тантай уулзсаных энэ тухай асуумаар байна?
-Саяхны нэг сонинд тийм мэдээлэл гарсан байна лээ. Би компанийнхаа ажлаар энэ оны гуравдугаар сарын 5-нд гадагшаа яваад дөрөвдүгээр сарын 23-нд Москва-Улаанбаатарын онгоцоор эх орондоо эргэж ирсэн. Энэ талаарх Хил хамгаалах ерөнхий газрын албан ёсны баримт надад бий. Тэр сонинд намайг Монголд байсан, тэр ч бүү хэл гуравдугаар сарын 26-нд зодоон цохионд оролцсон гэсэн ор үндэсгүй мэдээлэл тавьсан байсан. Тэр мэдээллийг бичсэн сэтгүүлчийн сонгосон үг хэллэг, бичлэгийн байдал нь, ихээхэн ёс зүйгүй хүн шиг санагдсан. Хуулийн байгууллага бодит үнэн байдлыг тогтоож нэр төрийг минь сэргээж өгнө гэж итгэж байна.
-Та өөрийнхөө тухай товчхон танилцуулаач?
-Би Лондон хотод Их сургууль төгсч ирээд эдүгээ гурав дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсад маань барилгын салбарын их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ их оргилсон ажил амьдралд гар бие оролцож ажиллах болсондоо би их баяртай байгаа.
URL: