ОЮУТОЛГОЙ & “Үхлийн архив”

Дэлхийд алдаршсан Германы  найруулагч Руди Курцын  дэлхийн II дайны үе, Гитлерийн архивыг эрж олохоор  эрэлд гарсан тагнуулчдын тухай  “Үхлийн архив” кино  1980-аад онд үзэгчдийг байлдан дагуулж байв. Фронтын галын шугамаас  нэлээн хол Польшийн нутагт буусан таван сайхан  залуу хил нэвтэрч байгаагаар кино эхэлдэг. Эцэст нь тэдний зарим амь насаа алдаж, эрэмдэг, зэрэмдэг болсон нэг нь амь тэмцэн гарч ирдэг.  Тэдний эрэл газар доогуур хэчнээн км үргэлжилсэн нууцлаг тамын ертөнц буюу Гитлерийн “Үхлийн архив”-ыг олох, түүний төлөө олон хүний амь нас эрсэдсэн байдаг юм. Газар доорх аймшигт  амьдралын тухай тэр киног  уншигч та санаж байгаа байх. Тэгвэл орчин үед хүн амьдрах орчин нөхцлийн хувьд  түүнээс дутуугүй Оюутолгойн хаалттай бүс дотор тодруулбал,  газрын хөрснөөс 1300 метрийн гүнд байна. Хэнийг ч ойртуулдаггүй, оруулдаггүй  Оюутолгой нэртэй  нууцлаг “архив”-т ажиллаж буй монгол залуусын ирээдүй бүрхэг, аюулгүй байдал, эрүүл мэндийн байдал нь ч түгшүүр төрүүлэхээр   байгааг тэнд ажиллаад удалгүй уушги нь муудсан болон  цустай цэрээр ханиалгаж өвчний онош олдохгүй яваа  монгол залуус хэлж байгаа юм /тодорхой шалтгааны улмаас нэрийг нь  дурдсангүй.

Монголчууд Чингис хааны үеэс төр улсаа ч, хот хүрээгээ ч  төвхнүүлж ирсэн. Социализмын үед хот сууринг газрын баялгаа   түшиглэн барьж байгуулж ирсэн  түүхтэй. Тэгвэл одоогийн Оюутолгойн бүтээн байгуулалт  хээрийн амьдрал, цэргийн хуаран маягаар үйл ажиллагаа явуулж, монгол залуус  хөлсний ажилчид бүр цаашилбал “олзлогсод”  болчихжээ. Хот суурин, орон гэр,  сургууль үйлчилгээний газар гээд нийгмийн амьдралын оршин тогтнох ахуйн  нөхцөл  тэнд алга. Ачаа, бараа шиг зөөвөрлөж, тээвэрлэгдсэн хээрийн нөхцөлд  хүмүүс аж амьдралаа залгуулж байна. Зөөж ажиллуулдаг залуучуудын амьдралын баталгаа,  орон сууц, нийгмийн амьдралын орчин нөхцлийг  хангах талаас Оюутолгойнхон анхаарсангүй. Ажилчид нь өглөөнөөс орой хүртэл газрын хөрснөөс  1300 метрийн гүн дэх   шороо бужигнасан  “нүхэн хот”-д  амьдарч байна. Тэнд нэг ээлж  40 хоног ажиллаад арав хоног амардаг. Монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөө хүртэл тодорхойлогдоогүй. Ажилчид авсан хэдээ арав хоногт дуусгачихдаг бол тэнд иргэдийн  амьдралын ая тохитой орчныг бүрдүүлсэн хот суурин барих  хүсэл Оюутолгойн эздэд алга.

Социализмын  үеийн  бүтээн байгуулалтын дүнд монголчууд  Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг эмнэлэг үйлчилгээ, соёл урлаг гээд хүний амьдралын эрэлт хэрэгцээг хангасан хот сууринг  байгуулж үр хүүхдээ өсгөж, мэргэжил эзэмшүүлж, аж төрж ирсэн.Оюутолгойг ч энэ л жишгээр бодож, төсөөлж байгаа. Тиймээс  үр хүүхдэдээ арай гэж мэргэжил эзэмшүүлээд шинэ цагийн бүтээн байгуулалтын талбар болсон  Оюутолгой руу  илгээж байгаа.  Эрин зууны гайхамшиг болсон  хамгийн сүүлийн үеийн  техник,  дэлхийд хоёрдугаарт  ордог өрөмдлөгийн машин гэх мэт сайн  сайхныг нь  магтсан уул уурхай Монголын ард түмнийг уяраасан. Сайд дарга нар оччихсон мөнгөний пайз бариад  тууз хайчилж байхад хэнд ч итгэл үнэмшил төрж таарна.  Энэ итгэл үнэмшил тэднийг сайхан ирээдүй рүү биш Оюутолгой гэх хар нүхэнд эрүүл мэндээрээ дэнчин тавин байж цөөн хэдэн төгрөг олох зам руу түлхэж байна. Оюутолгойн 1300 метрийн гүнд байгуулсан нүхэн хотод ажилчид өглөө орохдоо идэх, уух хүнсний зүйлээ аваад ордог. Шороо бужигнасан   агааргүй орчинд идэж, ууж байгаа зүйл хоол болох уу, хор болох уу гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нөгөөтэйгүүр нүхэн хотын бэхэлгээг хийхдээ тор татаад наанаас нь цемент бүхий бэхжүүлэгчээр шүршээд бэхэлчихсэн. Тэр хэмжээний бэхэлгээг хийхэд химийн хортой бодис ашигласан байх гэсэн   хардлага байдаг. Хүн биш харх л амьд үлдэж чадах Оюутолгойн нүхэн хотод цаашид хэчнээн монгол залуу амь насаараа дэнчин тавих бол.  Энх цагийн хөдөлмөрийн талбар болоод байгаа Оюутолгойн баялагт түшиглэсэн шинэ хотын нүүр царай зэрэглээт говьдоо тохирсон дэлхийн жишигт хүрэхээр байгаасай.

С.Зоригт


URL:

Сэтгэгдэл бичих