“Монгол улсын Үндсэн хууль”-ийн мөн чанар, түүний хэрэгжилтийн зарим асуудал
Үндсэн хууль гэдэг нь аливаа улсын нийгэм, эдийн засаг төрийн байгууламжийн эрх зүйн үндэс, хүний эрх эрх чөлөөг бататган бэхжүүлсэн хууль зүйн дээд хүчин чадалтай хамгийн гол тулгуур хууль юм.
Үндсэн хуулийн мөн чанар. Энэ нь Үндсэн хуульд чухам хэний эрх ашиг сонирхлыг илэрхийлж байна вэ? Гэдгээр тодорхойлогдох бөгөөд жам ёсны онол ёсоор Үндсэн хуулийн мөн чанар нь ард түмний хүсэл зоригоор илэрхийлэгдэнэ хэмээн үздэг бол нормативистууд эрх зүйн хэм хэмжээний дээд хүчин чадал нь Үндсэн хуулийн мөн чанарын илэрхийлэл хэмээн үздэг байна.
Орчин үед Үндсэн хуулийн мөн чанар нь төрийн эрх мэдлийг хууль зүйн арга хэрэгслээр хязгаарлаж улмаар нийгмийн үнэт зүйлсийн нэг болох хүний эрх, эрх чөлөөг иш болгосон төрийн удирдлагын хэлбэрийг эрх мэдэл хувиарлах онолын дагуу бий болгож нийгмийн ашиг сонирхолд үйлчлэхэд оршино. [1]хэмээн тодорхойлжээ. Тэгэхээр Үндсэн хуулийн мөн чанарын нэг илэрхийлэл болсон төрийн эрх мэдэл хувиарлах онолын мөн чанарыг авч үзье.
Төрийн эрх мэдэл хувиарлах онол нь төрийн удирдлагын боловсронгуй тогтолцоог хангах үүднээс бус, “хүний эрхийг хамгаалах механизмыг бүрдүүлэх” хэрэгцээ шаардлагаас урган гарсан.
Төрийн эрх мэдэл ямар нэг хязгаарлалтгүй байх нь дарангуйлал орших, хүний төрөлх эрх зөрчигдөх нөхцөл болсоор байсан тул хүний төрөлх эрхийг тунхаглах нь төрийн эрх мэдлийг хязгаарлах эхлэл юм. [2]
Эртний Грек, Ромд сэтгэгчид төрийн эрх мэдэл бие даасан хийгээд харилцан тэнцвэртэй байх асуудлыг бус нийгмийн зарим давхаргуудын хоорондын хөдөлмөрийн хуваарилалт зайлшгүй тухай, төрийн байгууллагуудын оршин тогтнох үндэс, бүрэлдэхүүн, зорилт, чиг үүргийн тухай авч үзэн, тэдгээрийн бүрэн эрхийг зааглахын чухлыг тэмдэглэж иржээ.
Жишээ нь: Платон эрх мэдэл хуваарилах онолын талаар “нийгмийн язгуур давхраа“ хоорондын “хөдөлмөрийн хуваарь“ гэсэн утгаар илэрхийлж, давхраа бүр бусдын хэрэгт оролцохгүй зөвхөн өөрт ногдсон хүрээнд ажиллаж хот улсынхаа хэрэгцээг хангаж байвал зохино гэжээ.
Мөн 17-18-р зууны үед Английн улс төрийн гүн ухаантан Дж.Локк хүний амьд явах эрх /Life/, эрх чөлөөтэй байх /Liberty/, өмчлөх эрх /Property/-ийг эзэн хаан ч хууль ч олгоогүй хүн хэнээс ч гуйж аваагүй өөрт нь л байдаг салшгүй төрөлх эрх гэж тунхаглажээ. Дж.Локкийн “LLP” онол Англий төдийгүй бүх Европ дахинаа түгэн дэлгэрч улмаар 1789 оны Францын “Хүн ба иргэний эрхийн тунхаг”-т хүний эрхийг хамгаалах гол механизм бол төрийн эрх мэдлийн хувиарлалт гэдэг үзэл санааны үндсийг бүрдүүсэн юм. Тухайлбал, 1-р зүйлд “Хүмүүс ижилхэн эрх эрх чөлөөтэй төрж амьдардаг”, 5-р зүйлд “хууль бол нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл мөн”, 2-р зүйлд “аливаа улс төрийн холбооны гол зорилго бол хүний салшгүй болон жам ёсны эрхийг хангах явдал мөн”, 16-р зүйлд “иргэд нь эрхээр хангагдаагүй, төрийн эрх мэдлийг хувиарлаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй” гэх мэтээр өнөөдөр ч нийгэм улс төр эрх зүйн ертөнцөд дээдлэн эрмэлзэж хэрэгжүүлэхийг зорьж байгаа гол зарчим үнэт зүйлийг агуулсанаараа түүхэн ач холбогдолтой юм.
Тиймээс хүний эрх, төрийн эрх мэдлийн хувиарлалт нь нэг зүйлийн хоёр тал мөн.[3]
Тэгэхээр 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын дөрөв дэх Үндсэн хуулийг батлан гаргасан билээ. Энэхүү шинэ Үндсэн хууль нь урьд урьдын Үндсэн хуулиудаас агуулга зарчмын хувьд илүү ардчилсан дээд түвшинд боловсрогдсон бөгөөд Монгол улсын өнөөгийн болон хэтийн хөгжлийн үндсийг оновчтойгоор тодорхойлж, бэхжүүлж өгсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. [4]
Тухайлбал өмнөх үндсэн хуульд эрх мэдлийн төвлөрсөн тогтолцоог хуульчилж байсан бол шинэ Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл хувиарлах зарчмын дагуу төрийн байгууллагуудыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага хэмээн ангилж тогтолцоонд оруулсан билээ.
Хэдийгээр Монгол улсын Үндсэн хуулиар иргэд нь эрхээр хангагдаж, төрийн эрх мэдлийг хувиарласан ч түүнийг хамгаалах механизмыг бий болгох нь чухал билээ. Энэ асуудлаар доктор /Sc.D/, профессор Н.Лүндэндорж “…иргэд нь эрхээр хангагдаагүй, төрийн эрх мэдлийг хувиарлаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй. Ийм орны Үндсэн хууль нь хуурмаг Үндсэн хууль буюу зүгээр л хууль зүйн текст юм. Үүнийг хоёрхон зүйлээр л шалгадаг бөгөөд 1-рт тухайн улс ардчилсан дэглэмтэй байх уу, 2-рт тухайн улсын эрх зүйн тогтолцоо ямар байх вэ гэдгээс хамаардаг. Эрх зүйн газрын зураг гэж бий Монголын эрх зүйн тогтолцоо ямар өнгөтэй байх вэ гэдгийг Separation of power шийднэ. Монгол улсад төрийн эрх мэдэл бүрэн хувиарлагдаагүй байна. Тийм байж хүний эрх эрх чөлөөг яаж хангаад байгаа юм бэ гэвэл энэ бол глобалчлалын нөлөө юм. Энэ их удаан үргэлжлэхгүй.
Үүний үр дүнд:
- 1. Ардчилал хагас болно
- 2. Хагас эрх чөлөө болно
- 3. Хууль эрх зүйт бус болно” гэж төрийн эрх мэдэл хувиарлах онолын лекцэндээ дурдсан байдаг.
Нийгмийн амьдрал улам баялаг болж хууль тогтоомжийн зохицуулалт улам өргөн хүрээг хамарч байгаа ч нийгмийн бүхий л харилцааг хуульчлах нь эргээд rul of law-г хууль дээдлэх ёс гэсэн буруу ойлголт ард түмний дунд төрж муу хуулийг ч биелүүлнэ гэсэн ойлголтод хүрнэ. Ингэснээр эрх зүйт төр, эрх зүйт хуулийн шинж мөн чанар алдагдахад хүрнэ.
Тэгвэл өнөөдөр бид 1960 оны Үндсэн хуулинд Монгол улсын иргэн хувийн өмчтэй байхыг хориглосон шиг 2012 онд хувийн өмчийг хуулиар биш захиргааны актаар хязгаарлах тохиолдол гарч байна. Энэ бол rul of law биш.
2012 оны 08-р сарын 22-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлчит бус хуралдаанаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” гэсэн 02/8 дугаар тогтоол дэмжигдэж 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 ба 6-аар төгссөн улсын дугаартай автомашин даваа гаригт, 2 ба 7-аар төгссөн улсын дугаартай автомашин мягтар гаригт, 3 ба 8-аар төгссөн улсын дугаартай автомашин лхагва гаригт, 4 ба 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин дүрэв гаригт, 5 ба 0-аар төгссөн улсын дугаартай автомашин баасан гаригт замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн агуулга бүхий тогтоол гарсан билээ.
Ингээд тогтоолын хэрэгжилтийн туршилтын хугацаа дуусч 2012 оны 11-р сарын 16-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 4/14 дугаар тогтоолоор дээрхи шийдвэрийг хэвээр үлдээж үргэлжлүүлэн зохион байгуулах тухай тогтоол гаргасан.
Уг захиргааны актын эрх зүйн үндэслэлийг шалгавал “… хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй”[5], “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ”[6], “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
1/ нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах;
2/ нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих;
3/ нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавих;
4/ нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүн амын үйлчилгээтэй холбогдох асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;
5/ нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллагад нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах асуудлаар өөрийн санаачилгаар болон иргэд, байгууллагын саналыг үндэслэн шийдвэр гаргах.[7]” гэсэн хуулийн зүйл заалтыг үндэслэжээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 63-р зүйлийн 63.2-т “…хурлын тогтоол, засаг даргын захирамж нь хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” гэж заасныг үндэслэн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон үүссэн харилцааг зохицуулах хэм хэмжээг эрэмбэлсэн байна. Тухайлбал энэхүү харилцааны үндсэн эх сурвалж нь Монгол улсын Үндсэн хууль бөгөөд энэ хуулийн зүйл заалт нь Монгол улсын Үндсэн хуулийн зарчим, зүйл заалтад нийцсэн байна гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Энэ нь тухайн харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийцэл зохицлыг хангахад чиглэгдэнэ.
Мөн уг тогтоолын үндэслэх хэсэгт заасан Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д зааснаар “…хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй” гэсэн хэм хэмжээ нь эрх зүйн онолын хэм хэмжээний нийцэл зохицлынх нь байдлаар авч үзвэл Диспозитив \нөхөгдөж гүйцэх\ хэм хэмжээ юм. Энэ хэм хэмжээний онцлог нь тухайн харилцааг зохицуулсан өөр хуулийн зүйл, заалт байхгүй тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэхэд зориулагдсан хэм хэмжээ юм. Иймд тухайн харилцааг өөрөөр зохицуулаагүй тохиолдолд л энэ хэм хэмжээг дагаж мөрдөнө гэсэн үг. Жнь: “…Хуульд өөрөөр заагаагүй бол….” гэсэн нь тухайн харилцааг өөр хуулинд өөрөөр зохицуулсан бол тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэсэн утга илэрхийлэгдэж байна.
Иймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт, 2012 оны 11-р сарын 16-ны өдрийн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай 4/14 дугаар тушаалын 2-р зүйл нь Монгол улсын Үндсэн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйлийн 1.2-т “…ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 5-р зүйлийн 5.2-т “… төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”,5 дугаар зүйлийн 5.3-т …өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна гэж судлаачийн хувьд үзэж байна.
ХСИС-ЕЭС-ийн багш, ахлах дэслэгч Т.Азжаргал /докторант/
.
[1] Б.Нармандах “Үндсэн хуулийн эрх зүй”. УБ., 2011 он.25-26-р тал
[2] Н.Лүндэндорж “Төрийн онол”. УБ., 2008 он. 203-р тал
[3]Н.Лүндэндорж “Төрийн онол”. УБ., 2008 он. 205-р тал
[4] Б.Нармандах “Үндсэн хуулийн эрх зүй”. УБ., 2011 он.47-р тал
[5] Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль. УБ., 2006 он, 20 дугаар зүйлийн 20.1.7
[6] Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль. УБ., 2006 он, 39 дүгээр зүйлийн 39.1
[7] Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль. УБ., 1994он, 8-р зүйлийн 8.1
URL: