С.Дэмбэрэл: Эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд өрийн хэмжээг нэмж болно

demberel-middleУИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-УИХ өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх Засгийн газрын саналыг хүлээж авсангүй. Гэвч Засгийн газар ойрын үед 2.1 тэрбум ам.долларын зээл авахаар судалж байна. Засгийн газрын зарим гишүүн бонд босгохгүй бол манай улсын эдийн засаг хүндэрнэ гэж ярьж эхэллээ. Ер нь одоогийн нөхцөлд ирэх онд бонд гаргах нь хэр оновчтой зүйл вэ?

-Би жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг “экономикс” гэдэг хэлбэрээс “бондономикс” хэлбэрт орлоо гэж ёжилж хэлж байснаа санаж байна. Өөрөөр хэлбэл, манай эдийн засаг зөвхөн бондоор тэжээгдэж байгаа учраас бондын зах зээлийг сайн судлах шаардлагатай байгааг л хэлсэн юм.

Манай улсын зээлжих зэрэглэл тааруу байна. Энэ нь маш эрсдэлтэй болно гэсэн үг. Бондын жилийн өмнөх болон одоогийн нөхцөл нэлээд өөрчлөгдсөн. Үүнээс гадна гадаад зээл, өрийн харьцаа, өрийн үйлчилгээ гээд ирэх жилүүдэд хүндрэл гарч болзошгүй. Гэхдээ Засгийн газар, УИХ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувь, 60 хувь байна гэхээс илүү эдийн засгаа ерөнхийд нь идэвхжүүлэхийн тулд яах ёстой вэ, бонд гаргах нь гадаад өрийн зохистой харьцаанд хэр зэрэг нөлөөлөх вэ гэдгийг сайн бодож тооцоолох хэрэгтэй. Тэр утгаар нь бодвол ирэх онд эдийн засгаа идэвхжүүлэх хэрэгтэй байна.

-УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлж хөрөнгө оруулалтыг татахад хэр нөлөөтэй болсон бэ?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдлаа гээд гадны хөрөнгө оруулалт хурдан хугацаанд нэмэгдэнэ гэсэн үг биш. Манай экспортын гол орлогыг бүрдүүлдэг түүхий эдийн зах зээл ирэх онд өөрчлөлтгүй байх шинжтэй байна. Энэ тохиолдолд эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд нэмэлт хөрөнгө шаардлагатай. Үүнээс өмнө одоо байгаа хөрөнгийнхөө хэмжээнд тааруулан хэмнэлт хийж чадаж байна уу, хөрөнгөө бүтээлч секторуудыг дэмжихэд зориулж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл бизнесийг дэмжих зээлд хөрөнгө зарцуулж байна уу, эсвэл дан дэд бүтэц, зам барих ажилд хөрөнгө оруулж байна уу гэдэг харьцаа нь чухал. Энэ хоёрын хоорондын харьцаа зохистой байх ёстой. Дэд бүтэц болон үр өгөөж нь урт хугацаанд шууд болон шууд бус байдлаар эргэж нөхөгдөх зүйл рүү нийт хөрөнгийг оруулбал урсгал дансанд дунд болон богино хугацаанд эерэгээр нөлөөлөх, үр өгөөжөө түргэн өгөх төслүүдэд зарцуулах мөнгө дутна.

Тиймээс хамгийн түрүүнд энэ хоёрын балансыг маш сайн тодорхойлох ёстой. Дараа нь ДНБ-нд эзлэх өрийн харьцааг нэмэгдүүлэх эсэхээ ярих хэрэгтэй. Манай улсын орлого ойрын зургаан сард нэг их нэмэгдэхгүй учраас бонд гаргаж болно гэж үзэж байна. Гэхдээ ингэхийн тулд одоо байгаа болон хойшид орж ирэх хөрөнгийг баялаг бий болгодог бүтээлч салбар руу илүү хандуулах, үр өгөөжөө илүү түргэн хандуулах төсөлд оруулах нь чухал. Энэ зарчмыг тохирч чадвал өрийн хэмжээг нэмж болно.

-ДНБ-тэй харьцах өрийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь санал өгсөн байх ёстой. Өр нэмэгдүүлж байгааг ялангуяа сөрөг хүчний гишүүд эсэргүүцэж байгаа. Ийм үед УИХ-ын гишүүд үүнийг зөвшөөрч кноп дарах болов уу?
-Засгийн газар хэр зэрэг үндэслэл тооцоотой тайлбар өгөхөөс хамаарна. Бүтээн байгуулалтын төслүүдэд дахин хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэж яриад байвал дэмжихэд хэцүү байх. Тиймээс дунд болон богино хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүдэд зарцуулж байгаа хөрөнгө урт хугацаанд шууд болон шууд бусаар өгөөжөө өгөх төслүүдэд оруулсан хөрөнгийн хэмжээний алтан дундажийг олсон тооцоо судалгаатай тайлбар өгвөл УИХ хүлээж авна гэж бодож байна. Энэ бол цэвэр эдийн засгийн асуудал. Мэдээж хэрэг олон хүн өр зээлийн асуудалд санаа зовж байгааг ойлгож байна. Гэхдээ үүнийг зохицуулж болно. Яагаад гэвэл удахгүй өрийн тухай шинэ хуулийг УИХ батлах гэж байна. Одоогийн байдлаар Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж байгаа. Өрийн менежмент буюу өрийн хэмжээг хамгийн зохистой байдлаар удирдах, эдийн засгийн балансыг зохистой хэмжээнд авч явах боломжтой эрх зүйн орчин бүрдэх гэж байна.

-“Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтын баланс ямар хэмжээнд байна гэж та хэлэх вэ?
-Сайн биш байна. Би өнгөрсөн жил л хэлж байсан. Анх “Чингис” бондын хөрөнгө орж ирэхэд л жижиг дунд бизнес эрхлэгчдэд 200 сая ам.доллар хуваарилах ёстой байлаа шүү дээ. Тэгсэн бол өдийд олон бизнес эрхлэгчид ажлын байр бий болгож, бараа үйлчилгээний хангамж, нийлүүлэлт сайжирна. Ингэснээр эдийн засагт инфляцийн дарамтыг багасгах боломж байсан.

Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцээд 500 сая ам.долларыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хуваарилах хэрэгтэй гэж хэлж байсан. 500 сая ам.доллар биш юм гэхэд  ядаж 200 сая ам.долларыг Жижиг дунд бизнесийг дэмжих сангаар дамжуулаад өгсөн бол маш хэрэгтэй юм. Энэ нь зээлийн хүү буурахад ч нөлөөлнө. Уг нь одоо ч ийм боломж байсаар байна. Гэтэл бондын хөрөнгийг том төслүүдэд л зарцуулаад байгаа.

Хэдийгээр томоохон төслүүдийг санхүүжүүлж байгаа боловч нийт эдийн засгаа бүхэлд нь харахаар олонхи болсон жижиг дунд бизнес эрхлэгчдэд өндөр хүүний дарамт, богино хугацаа садаа болсоор байгаа. Гэтэл Засгийн газар энэ ажлыг хийхгүй байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэж байсан. Ерөнхий сайд ч ингэж хэлсэн. Гэхдээ одоог хүртэл энэ ажлаа хийхгүй л байна.

-Ирэх оны мөнгөний бодлогод энэ талаар заалт оруулсан биз дээ?

-Тийм. Ирэх оны мөнгөний бодлогод жижиг дунд бизнесийн салбарын санхүүжилтэд төв банкны оролцоог хангах чиглэлээр тодорхой заалт оруулж өглөө. Өөрөөр хэлбэл аливаа хүндрэл, хямрал, бэрхшээлээс гардаг ганц арга нь бизнесийн идэвхжил. Бизнес нь идэвхтэй байхын хэрээр эдийн засаг идэвхтэй байна. Энэ нь нийт эдийн засгийн идэвхжилд нөлөөлдөг. Ингээд эдийн засгийн эргэлтийг хурдасгаж дотоод зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх нөхцлийг бүрдүүлж байдаг. Хэдийгээр оройтсон ч гэсэн энэ ажлыг хийх хэрэгцээ шаардлага нь одоог хүртэл байсаар байна. Ялангуяа ирэх онд энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн хүндрэлтэй байдал гарна.

Одоо ч гэсэн ийм хүндрэл гарч эхэлж байна. Ийм тохиолдолд манай эдийн засгийг Ерөнхийлөгчийн дарлагдсан ард хэмээн нэрлэсэн бизнесийнхэн л авч явдаг. Бизнесийн салбарынхандаа бондын болон бусад эх үүсвэрээс санхүүгийн тусламж үзүүлбэл зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ, бодит сектор идэвхжинэ. Ингээд бараа хангамж буюу нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ нь үнэд нөлөө үзүүлнэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нийт үр дүн ингэж л гарах юм.

-Одоогийн байдлаар бондын хөрөнгөөс хуваарилаагүй хөрөнгө байгаа шүү дээ?
-Багахан хэмжээний мөнгө бий. Үүнийгээ л бизнес эрхлэгчдэд шууд өгчих хэрэгтэй. Би үүнийг ярилцлага болгондоо дурддаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайд бизнесийнхнийг дэмжинэ, мөнгө хуваарилна л гэдэг. Ер нь хүмүүсийн нийт эдийн засгаа харах өнцөг нь өөр байх шиг байна. Эдийн засаг аливаа шокийг даван гардаг ганц зүйл нь бизнесийн идэвхжил л байдаг. Бизнесийн идэвжлийг л сайжруулчихвал бүх зүйлийн шийдэл тэр болно.

-“Чингис” бондын дараагийн 3.5 тэрбум ам.долларыг зээлэхээсээ өмнө хөрөнгөө аль салбаруудад ямар харьцаатай оруулах вэ гэдгээ тооцох хэрэгтэй юм байна даа.
-Миний саяны хэлсэн байдлаар л зохицуулах хэрэгтэй.

-Өмнөх Засгийн газрын үед манай улс Японд “Самурай” бонд гаргах санал тавихад япончууд “танай эдийн засгийн нөхцөл байдал одоохондоо бонд гаргахад тохиромжгүй байна” гэсэн хариу өгч байсан гэдэг. Одоо удахгүй “Самурай” бонд гаргана гэж ярьж байна. Үнэхээр манай улс Японд бонд гаргах боломж бий юу?
-Бонд гаргах боломж байгаа.

-Олон эдийн засагч ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг ирэх онд 2000 дөхнө гэж таамаглаж байгаа. Монголбанк бол үүнийг нэлээд өөдрөгөөр харж байх шиг байна. Ер нь одоогийн явуулж буй бодлого үргэлжилбэл ам.долларын ханш тогтвортой байх боломжтой юу?
-Монголбанкны өдийг хүртэл явуулж ирсэн бодлого өөрчлөгдсөн. Би сая мөнгөний бодлогын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Өмнө нь мөнгөний бодлогод “валютын ханш нь макро эдийн засгийн нөхцөлтэй нийцсэн уян хатан, тогтох зарчмыг баримтална” гэсэн ганц л заалт байдаг байлаа. Ирэх оны мөнгөний бодлогын төсөл ч УИХ-д ийм л байдлаар орж ирсэн. Би ирэх оны мөнгөний бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагч болоод үүнд нэмж найман заалт оруулсан байгаа.

-Ямар заалтуудыг нэмж оруулсан байгаа вэ?
-Гол нь валютын ханшийг ингэж сул орхиж болохгүй. Ер нь бол валютын ханш хамгийн зохистой байх ямар нэгэн тоог хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ үүнийг тооцоолж болдог. Өөрөөр хэлбэл ханшид нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийг судалж байгаад тооцоонд оруулдаг шүү дээ. Жишээлбэл Эдийн засгийн хөгжлийн яам ам.долларын ханшийг 1384 гэж тооцсон байна. Одоо бол энэ валютын ханш 1700 гарчихлаа. Эрх баригчид үүнийг валютын дотогшлох урсгал нэмэгдчихвэл аяндаа буурна гэж тайлбарлаж байгаа. Тийм биш. Аливаа улс оронд валютын ханшийн бодлого гэж байдаг.

Манай улс бол валютын ханшийн зохицуулалттай хөвөх дэглэмтэй улс. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл валютын ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэмжээгээр тогтоно. Гэхдээ валютын ханшийн эрсдлийн хэлбэлзлээс хамгаалах механизмыг төвбанк болон Засгийн газар хамтран боловсруулж валютын ханшийн бодлогодоо суулгаж өгөх ёстой. Мөн валютын ханшийн зах зээл дээр таваас долоон банк оролцдог. Тэд зөвхөн Монголбанкны санал болгож байгаа валютыг худалдан авах буюу эрэлтийн талыг л төлөөлдөг. Нийлүүлэлтийн тал нь манай валютын нөөц байгаа. Тэгэхээр үүнийг ирэх оноос өөрчлөхөөр болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр валютын ханшийн зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэхээр болж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагууд, томоохон экспортлогчид, импортлогчид энэ зах зээлд оролцохоор заалт орсон байгаа. Үүнээс гадна бид хөрш орнуудтайгаа үндэснийх нь мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж ам.долларын хэт хэлбэлзлээс хамгаалдаг. Үүнийг своп хэлэлцээр гэж нэрлэдэг.

Манай улс Хятадын төвбанктай своп хэлэлцээр хийсэн байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд ам.долларын ханш өсөхөөр дагаад юанын ханш хөдөлчихдөг. Тэгэхээр нэг их ялгаагүй болж байна.

Монголын бизнес эрхлэгчид Хятадын бизнес эрхлэгчдээс ашиггүй нөхцлөөр юан авч байна. Энэ тохиолдолд хамгийн энгийн арга бол Хятадын бизнес эрхлэгчид ямар ханшаар юан авч байна вэ тэр ханшаар манай бизнес эрхлэгчид авна. Өрөөр хэлбэл своп хэлэлцээрээр тогтож байгаа ханшин дээр арилжааны банкуудын зардлыг нэмээд стратегийн гол экспортлогчиддоо өгөөд эхэлбэл ханшийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалж болно. Бүр болохгүй бол стандартын бус аргуудыг ч хэрэглэж болдог.

Валютын ханшийн удирдлага, хэлбэлзэл нийт эдийн засагт инфляцийг өөгшүүлэх, дотоодын зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаа бол энэ сайн ханш биш. Тиймээс ам.долларын ханшийг тогтвортой байлгахын тулд дээр хэлсэн бодлогын арга хэмжээнүүдээс гадна хэрэглэж болох стандарт бус аргууд байна. Энэ нь ам.долларын зээл, хадгаламж, төгрөгийн зээл, хадгаламжийн хоорондын харьцааг төгрөгөөр зээл авч, хадгаламж хийх нь ашигтай байх зохицуулалтыг төвбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамтай нийлээд зургаан сарын хугацаанд хийх хэрэгтэй. Ингээд ам.долларжилтын төвшнөө бууруулах хэрэгтэй. Ингэснээр ам.долларын ханшийг буулгах, тогтворжуулах бүрэн боломжтой. Энэ аргыг гадны орнууд нэг их хэрэглээд байдаггүй. Гэхдээ энэ бол ам.долларын ханшийн өсөлтийг уях арга юм.

Энэ мэтчилэн яриад байвал ам.долларын ханшийг тогтвортой байлгах арга бий. Энэ бүхэн ирэх оны мөнгөний бодлогод суусан байгаа. Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр Монголбанк, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, УИХ-ын зарим гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг ойрын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тогтворжуулах, улмаар буулгах жагсаалтыг гаргаж байгаа. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх хуулийн зарим заалтыг өөрчлөх, энэ хуулийн хэрэгжилтийг чанд сахиулах, энэ чиглэлийн шалгалтын үр нөлөөг сайжруулах зэрэг олон үүрэгтэй ажлын хэсэг байгаалагдаад арванхоёрдугаар сарын 15-ны дотор Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гарах ёстой.

-Ам.долларын ханш сүүлийн үед нэлээд өслөө. Эрх баригчид үүнийг манай экспортлогчдод ашигтай гэж тайлбарладаг. Ер нь одоогийн ханш хэр зохистой байна вэ?

-Энэ ханш импортлогчдод дарамт болж байна. Тиймээс энэ ханшийг буулгах ёстой. Гэхдээ ханшийг хэт буулгах нь бас буруу. Ингэвэл экспортыг урамшуулахаа больчихно. Одоогийн өнөөгийн байдал экспортлогчдод ч ашиггүй. Яагаад гэвэл манай дотоодын компаниуд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд импортын орцыг хэрэглэдэг. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд ч хохиролтой. Тиймээс энэ бол сайн ханш биш. Ам.долларын ханшийн асуудал өнөөдөр манай эдийн засгийн хамгийн эхний асуудал болчихоод байна. Бид үүнийг л онцгой анхаарах ёстой.

-Энэ жилийн төсөвт ам.долларын ханшийг хэт өөдрөгөөр төсөөллөө. Үүнээс гадна нүүрс, алт зэрэг экспортын түүхий эдийн хэмжээг ч нэлээд өөдрөгөөр төсөвт тусгасан байгаа. Ингэж өөдрөг төсөөлөх нь эргээд эдийн засагт ямар сөрөг нөлөө авчрах вэ?
-Хэдийгээр төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий хоёр хувьд барьж чадсан ч гэлээ ирэх оны төсвийг хариуцлагагүй баталлаа. Төсвийг ирэх оны дөрөвдүгээр сард тодотгох гэж байна. Төсвийн доторх хариуцлага муудаж байгаа учраас тодотгохоос өөр аргагүй. Манай экспортын орлого гаднаас хамааралтай нь үнэн. Гэхдээ үүний эсрэг эдийн засгаа солонгоруулж бизнесээ л дэмжих хэрэгтэй. Төсвийн орлого бүрдүүлдэг хэсгүүдийнхээ идэвхжлийг нэмэгдүүлэхгүйгээр төсвийг зохистой гэж хэлэх нь хүндрэлтэй. Бид төсвийг зөвхөн нэмэх ба хасах гэсэн үйлдлээр харж болохгүй. Үүнээс гадна үржүүлэх хуваах үйлдэл байдаг шүү дээ. Төсвийн орлогыг нэмэхийн тулд үржүүлэх үйлдлийг хийх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл баялаг бүтээгчдийг баялгаа үржүүлэх боломжийг нь төсвийн бодлогоор хангаж өгөх хэрэгтэй. Мөн хамгийн хэрэггүй зардлыг танаж хасах үйлдлийг хийх хэрэгтэй. Дээр нь татварын дарамт нэмэхгүйгээр орлого бүрдүүлэх аргыг хайх ёстой. Төсвийн хөрөнгийг хуваах үйлдлийг хамгийн сүүлд хийх ёстой юм. Төсвийн захирагч бүрийн хариуцлага нэмэгдэх, төсвийг хөндлөнгөөс хянадаг байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих