Засгийн газраа ч дэнжигнүүлж мэдэх Засаг даргатай байжээ

7899c714830cf49big

З.СYМБЭР

Дорноговийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэрийг ИТХ нь хэд хоногийн өмнө гаргасан. Энэ тогтоол Ерөнхий сайдын гарт очоод байгаа ажээ.

Пантийн Ганхуягийн хувьд аймгийн Засаг даргаар хоёр дахь удаагаа ажиллаж байгаа. Дорноговь аймаг өнгөрсөн 2012 оныхоо ажлаар улсын шилдэг таван аймгийн нэг болсон гээд аймгийн Засаг даргыг огцруулсан шалтгаан олон нийтэд төдийлэн ойлгомжгүй байгаа юм.

Гэвч баримт хийгээд бодит байдлыг үзэхүл байдал арай өөр ажээ.

П.Ганхуяг аймгийнхаа Ардчилсан намын эв нэгдлийг хадгалж чадаагүй,  ИТХ дахь намын бүлгээ үл тоомсорлон, намын бодлогоор хийх ажлуудыг хувийн сонирхлоор шийдсээр ирсэн нь хэмээх эхний шалтгаан.

2008 он. П.Ганхуяг УИХ-д хоёр дахь удаагаа өрсөлдөж уначихаад байсан үе. Намынхан нь түүнд аймгийн Засаг даргаар ажиллах санал тавьж, П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг дарга болжээ.

Гэвч тэр албан тушаалд суунгуутаа л буруу харж эхэлсэн байна. Нам нь, журмын нөхөд нь түүний хувьд хэн ч биш болов.

П.Ганхуяг эхлээд багаа бүрдүүлжээ. Улаанбаатараас аваачсан Л.Өнөрбатыг зөвлөхөөрөө, Б.Эрдэнэсүрэнг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар, С.Сайнзаяаг Олон нийттэй харилцах албаны даргаар томилсон аж. Мөн УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн туслах байсан Батмөнхийг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,  ангийн анд Мөнхцэцэгийгээ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын даргаар тавьчихаад л үзэж тарж эхэлжээ.

Сая болж өнгөрсөн огцруулах хуралдааны өмнө буюу 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар мань эр “Хотоос авчирсан хүмүүсээ явуулна, ажлын хариуцлага тооцдог болно” гэж ам өчгөө өгч ажилдаа үлдсэн боловч хурал дуусуут “Чадахгүй…” гээд суучихсан гэж байгаа.

Хууль зөрчсөн сумын Засаг дарга нараа өмөөрч, төсвийн хуулийг олон удаа зөрчсөн гэх хоёр дахь шалтгаан

Төсвийн шинэ хуулийн гаргалгааг “П.Ганхуягийн баг”-ийнхан шал өөр тийш нь эргүүлчихсэн. Орон нутагт олгосон боломж гэдгийг аймаг, сумын Засаг дарга нарт гээд ойлгочихсон бололтой юм. Нэг сумын ЗДТГ-ын байрыг гэхэд л 800 сая төгрөгөөр барина гэж зүтгээд, үүнийгээ ажил хэрэг болгочихдог. Аймгийн дарга энэ үйлдлийг эс мэдсэн шинжтэй, ИТХ-ын энэ талаар өгсөн чиглэлийг огт тоодоггүй аж. Ийм жишээ маш олон бөгөөд өдгөө олноороо олон нийтэд ил болж эхэлж байгаа гэнэ.

Газрыг дураараа олгож, танил талдаа их хэмжээгээр эзэмшүүлдэг хамгийн том буюу гурав дахь шалтгаан.

П.Ганхуяг Сайншанд, Замын Үүд, Ханги Мандалын боомтын их хэмжээний газрыг найз нөхөд, танил тал,  хүү, охиндоо олон жилээр эзэмшүүлэх шийдийг гаргасан байдаг аж. Ганц нэг нь илэрч АТГ-т шалгуулсан ч Замын Үүдийн Сум дундын шүүх рүү татуулаад “сураггүй” болгочихсон гэж байгаа.

Дорнын говийнхон хийгээд тэр хавийг сайн мэддэг хүмүүс П.Ганхуягийг их гарын газрын наймаачин гэх болсон нь нууц биш.

Ганц нэг баримтыг товчхон дурдъя. Хятадын иргэн Фамин Зао 51 хувийг, П.Ганхуягийн дотнын хүн, жолоочоор нь ажиллаж байсан Улаанбаатар хотын БЗД-ийн иргэн Б.Мөнхбатын 49 хувийг нь эзэмшдэг “Фамин энд Глоб индастри” гэдэг компани бий. Энэ компанийг 2012 оны есдүгээр сарын 19-нд байгуулж, тэр өдрөө Б.Мөнхбатыг захирлаар нь томилоод Замын Үүдийн 300 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргажээ. Уг нь хуулиараа ийм хэмжээний газрыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зэрэг олон аргачлалаар эзэмшүүлдэг гэж байгаа. Найман га газар гэхэд л тэнд 170 сая хүрдэг гэж байгаа. Тийм байхад 300 га гээд бодоод үз дээ.

2011 оны зургадугаар сарын 13-нд хүү Г.Ган­тулга нь хувь эзэмшин нэгэн компани бай­гуул­жээ. “Блэк стоун ло­жистик” нэртэй уг компанид Ханги Ман­далын боомтод 20 га газрыг өгсөн бай­на. Мөн ГХБХБГ-ын дарга, ангийн анд Ц.Мөнхцэцэгийнхээ төр­сөн дүү, Мөнхжаргалын нэр дээр 10 га газрыг ачиж буулгах талбайн зо­риулалтаар авсан нь илэрч хуулийн байгууллагаар шалгуулж явснаа бас л шүүх дээр алга болсон гэж байгаа.

Үүүнээс гадна Япо­ны иргэн Изүми Такахирогийн “Мегатек” компанийн 20 хувийг П.Ганхуягийн охин Г.Баярцэцэг эзэмшдэг. Сайншандын аж үйлдвэрийн паркийн дагалдах Химийн технологийн үйлдвэрийн 80 га газрыг эзэмшүүлэх төслийн сонгон шалгаруулат болжээ. Түүнд П.Ганхуягийн охины хувь эзэмшдэг “Мегатек” ХХК оролцохоор сонгон шалгаруулалтын материалыг авчээ. Яаж яваад ч юм энэ компани шалгарч, дээрх 80 га газрыг эзэмшихээр болов. Тэгтэл 2012 оны нэгдүгээр сарын 30-нд П.Ганхуягийн охин Г.Баярцэцэгийн захирлаар нь ажилладаг “Мегатехнологи ворлд Монгол” гэдэг компани “мэндэлж” 80 га газрыг ашиглах эрхтэй хуулийн этгээдээр тохоогдсон байдаг.

Ийн П.Ганхуяг нийт 400 га газрыг хүү Г.Гантулга, охин Г.Баярцэцэг, найз, хуурай дүү Б.Мөнхбат нартаа гаргаж өгч сонгуулийн “шарх”-аа нөхлөө хэмээн нутгийнхан нь ярьж байна.

Тендерийн хуулийг зөрчсөнөөс болж “Шинэ сум” төсөл гацсан тухай дөрөв дэх шалтгаан.

П.Ганхуяг газраас гадна барилгын тендерийг ч бужигнуулдаг эрхэм. Засгийн газрын “Шинэ сум” төслөөс Замын Үүдэд 15 тэрбум төгрөг өгсөн байдаг. Үүний хүрээнд байригдах учиртай зургаан тэрбумын өртөгтэй Спорт цогцолбор барим ажлыг хууль зөрчин, ажлын туршлага, чадамжгүй “Фронт гейт” ХХК-д өгүүлсэн нь өдгөө хүлээлгээд өгчихсөн байх учиртай ажлыг сураггүй болгоход хүргэсэн.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланжаргалан суманд баригдаж 2011 онд ашиглалтад орох байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төсөв мөн л мань хүнтэй холбоотойгоор алга болсон аж.

2013 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй үнэлгээ авсан буюу тав дахь шалтгаан.

Энэ бол бас л П.Ганхуягийг огцруулах шалтгааны нэг ажээ. 2013 оны ажлын үнэлгээ нь ингэж хангалтгүй хэмээн дүгнэгдэж байгаа нь өмнөх жилүүдэд тухайлбал, 2012 онд шилдэг таван аймгийн нэгээр шалгарсан үзүүлэлтээс тэс өөр гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх онд шилдгээр шалгарах П.Ганхуягаас хамааралгүй шалтгаан байсныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид онцолж буй ажээ.

Эцэст нь: Уг нь П.Ганхуяг Дорноговийн Хөвсгөл сумынх. Яахын аргагүй нутгийн унаган хүүхэд. Гэсэн ч олон түмэн түүнийг ойшоохоо болиод удаж байгаа ажээ.

Хэдэн сарын өмнө болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн Дорноговь аймагт П.Ганхуягт дүн тавьж өгсөн хэмээн олон нийт, бас ИТХ нь дүгнэж буй аж. Хоёр бүрэн эрхийн хугацаанд энэ аймгийг засагласан, хамгийн гол нь Ардын намын засгийн үед Ардчилсан намын тамгатай хоёр, гуравхан аймгийн нэг байсан атал энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн хамгийн бага санал авсан хойноосоо хоёр дахь аймаг нь Дорноговь болсон байна.

2004 онд Эх орон намаас нэр дэвшиж, анхны уналтаа үзсэн бол 2008 онд Ардчилсан намаас нэр дэвшээд ахиад унажээ. Сүүлд нь 2012 онд намын жагсаалтад  орж үзсэн ч бүтэлгүйтэж.

Орон нутгийн сонгуулиар ч “онигоо”-той юм их болдог гэнэ. 2008 онд мань даргыг төрсөн сум Хөвсгөлд нь нэр дэвшүүлээд тавьчихаж. Гэтэл байдаггүй ээ. Аймгийн ИТХ-д сонгогдож чаддаггүй гэнэ. Харин өнгөрсөн жил намын жагсаалтад багтаж байж ИТХ-д суух эрхтэй болжээ. П.Ганхуяг аймагтаа, сумандаа иймэрхүү л нэр хүндтэй нэгэн.

Мөн энэ сонгуулийн дараа намынхан нь дахин итгэл хүлээлгэж аймгийн Засаг даргаар ажиллуулсан ч “энэ хүрээд өндөрлөх” шиг боллоо. Учир нь түүний хууль зөрчих, ууж идэх нь хэрээс хэтэрч дийлдэхээ больжээ.

Өдгөө Ерөнхий сайд аймгийн ИТХ-ын тогтоолыг хянаж суугаа. Аж үйлдвэрийн ирээдүйн  бүс болох аймгийн дарга нь огцорчихлоо. Гэхдээ тун муухай шалтгаанаар. Газар зарсан, авсан, тендер будилуулсан. Бөөн баримт, факт. Уг нь энэ засгийн гол ажил Дорноговь аймагт хийгдэж байгаа. Тэр утгаараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тулах цэг, онцгой анхаарсан “объект” нь байх учиртай билээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих