Парламент бужигнаж эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт нам гүм байсан парламентад өнөөдрөөс халуун сэдэв өрнөх нь. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүнээс түдгэлзсэн хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүний хүсэлтийг өнөөдөр нам, эвслийн бүлгээр хэлэлцэн маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Мөн энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Гишүүнээс татгалзсан хүсэлтийг гишүүдийн нууц санал хураалтаар шийддэг хуультай.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын өнгөрсөн хоёрдугаар сарын 27 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг өнөөдрөөс хуралдаж эхлэх юм байна. Энэ ажлын хэсгийг байгуулаад удаж буй ч үр гараагүй байгаа. Эцэг хуулийг өөрчлөх эсэхийг шийдэхээр ийн ажилладаггүй ажлын хэсгийн гишүүд хөдөлж эхэллээ.
Мөн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдтэй уулзахаар болжээ. Уулзалт өнөөдөр Төрийн ордонд болох юм байна. Өнгөрсөн долоо хоногт ажлаа цалгардуулж, олонх байнгын хорооны хурлыг хойшлуулан ажлаа тасалсан эрхэм гишүүд өнөөдрөөс идэвхжиж, нэг гишүүнээ парламентаас явуулах эсэхийг шийдэх нь. Мөн Төрийн тэргүүнтэй нүүр тулж, Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ хэлэлцэж эхэлж байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: http://www.fact.mn/138188.html