Монгол Африкийн Араас Орсон уу?
Африк, Латин Америкийн орнуд байгалын баялаг ихтэй газар зүйн тогтолцоо сайтай, хүн ам олонтой гээ л эдийн засаг өсөх бүхий л гол нөхцөл боломжууд бүрдсэн улсууд мэт яригддаг. Өдгөөг хүртэл туйлын ядуу хэвээр байгаа энэ улс орнуудад шаардлагатай байсан өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт 1960-70 оноос хойш хангалттай хийгдэж байсан ч чухам яагаад манайхны хэлдэгээр “модоо барьсан гуйлгачин” мэт хэвээр байсаар байна вэ гэдэг асуудал цөөн боловч тодорхой бүлэг хүмүүсийн сонирхолыг татсаар ирсэн юм.
Цөөн боловч бодит байдлыг мэдэх, нэр хүнд бүхий ажиглагчид эрдэмтэд баялаг ихтэй гурав дахь ертөнцийн орнуудад Америк болон барууны улсуудаас явуулж буй улс төр эдийн засгийн бодлогын үндсэн хэв шинжийг нарийвчлан судалж шинжиж шүүмжилсэн байдаг. Америк болон барууны орнуудын гадаад бодлого нь гуравдагч орнуудад хөрөнгө оруулалт нэрийн дор бизнес хийж буй өөрсдийн компани корпорацуудын эрх ашигийг бүрэн хамгаалахад чиглэгдсэн байдаг ба хөгжингүй орнуудын гадаад бодлогыг тухайн орнуудын хамгийн нөлөө бүхий бизнесийн төлөөллүүд, компани корпорацуудын бүлэглэлүүд тодорхойлж байдаг хэмээн шинжээчид үздэг аж.
Мэдээж бизнесийн сонирхол нь цэвэр ашигийг хамгийн бага зарлагатайгаар олох гэсэн хууль байдагаас “хөрөнгө оруулагчид” – ад тухайн улс орны хөгжил сэхэл хүн амын амьжиргаа нь үнэндээ огт хамаагүй хэрэг юм. Чухам иймийн л улмаас дээр дурдсан Африк Латин Америкийн гуравдагч ертөнцийн орнууд бидний хэлдэгээр “хичнээн амь тариа” хийгээд ч сэхэл авдагүй аж.
Хөрөнгө Оруулагчид ядуу буурай оронд анх орж ирэхдээ их л сайхан амлатуудыг өгч тухайн улсад шийдвэр гаргахад нөлөө бүхий хувь хүмүүс болон бүлэглэлүүдтэй ойртон ажилладаг ба өөрсдийн зорилгодоо хүрэхэд хуулиар зөвшөөрөгдсөн зөвшөөрөгдөөгүй бүхий л арга хэмжээг авдаг аж.
Үүнд шинжээчид ажиглагчидын санал нийлж буй гол аргачлалууд бол:
1. Өндөр хөгжилтэй орнуудын бүрэн мэдэлд байдаг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг “нэр хүнд” бүхий олон улсын байгууллагуудаар дамжуулан эргэн төлөгдөхөд магадлал багатай зээлийг “амин тариа” болгон өгч бидний ярьж заншсанаар барьцаанд оруулах
2. Мөн өөрсдийн нөлөө харьяалалд байх олон улсын корпорац, компануудын тусгайлан бэлтгэгдсэн, туршлагажсан хүмүүсийг “эдийн засгийн, санхүүгийн зөвлөх” гэх сүртэй халхавчын дор явуулж тухайн орны нөлөө бүхий улс төрийн хүчнүүд болон ард түмний тархийг угаах. Хэзээ ч биелэшгүй, бодит бус хөгжлийн зураг төсөл таамаглалыг зохион сурталчлах ажлыг явуулах
3. Хөрөнгө оруулалтанд зулгуйдсан улсуудын тэргүүнүүд нөлөө бүхий бизнес улс төрийн байр суурьтай хувь хүмүүсийг хахуульдах, тэднийг худалдан авах, хамтарсан бизнесээс олсон орлогоос бага хувь хүртээн баяжих нөхцөлийг бүрдүүлэх аргаар тэднийг өөрсдийн бүрэн эрхшээлд оруулах.
4. Шаардлага гарсан үед өөрсдийн тусгай албадын шууд болон дам оролцоотойгоор төрийн эргэлт зохион байгуулах, саад болсон улс төрчид, бүлэглэлүүдийг зайлуулах ажлыг зохион байгуулдаг аж.
Ажиглагчидын үзэж буйгаар тэдний энэхүү шууд ажиллагааны тодорхой жишээ нь Чили, Панамд болсон төрийн эргэлтүүд гэнэ.
5. Хөрөнгө оруулагчидын хувьд бизнес хийж буй тухайн улс оронд ямар хэлбэрийн төр засаг байх, ард түмний амьдралын ядуу дорой байдал нь үнэндээ огт хамаагүй бөгөөд гагцхүү өөрсдийнх нь эрх ашигт нийцэж л байвал хэнтэй ч хамтран ажиллана гэжээ. Үүний тод жишээ нь хэдийгээр дарангуйллын засаглалтай гэгддэг ч АНУ, барууныхны хөрөнгө оруулалт тогтвортой байгаа Мянмар, олон ургалч үзлийг хязгаарласан Казахстан, коммунист гэгддэг Вьетнам, Хятад зэрэг улсууд гэнэ.
Аль дээр үеэс л барууны хөрөнгө оруулалт орж хөгжинэ гэж байсан Зимбабве, Нигерия, Гана, Кени гээд хар тивийн олон орнууд өдгөө ядуу хэвээр төдийгүй, уул уурхайн хайр гамгүй харьцааны улмаас байгаль экологийн тэнцвэр алдагдахаар барахгүй гайхуулаад байсан газрын баялаг нь алга болж, газар орон нь амьдрах аргагүй зэрэмдэглэгдсэн аж. Харин тухайн үейин төр засгийн удирдлага, бизнесийн эрхэнд байсан тун цөөн тооны хувь хүмүүс хөрөнгөө аван баруунд гарсаар байгаа аж.
“Аз таарахад” Монгол улсад барууныхны хөрөнгө оруулах нөхцөл харьцангуй сүүлд бүрдэж, бидэнд Африк, Араб, Латин Америкийн орнуудын гашуун туршлагуудыг бага сага боловч судалж мэдэх тэднээс сургамж авах цаг үейин боломж байж. Тиймээс ч Монголд хамгийн анхны барууны томоохон хөрөнгө оруулалт болох Айванхоу Майнз-ын хэлцээний явцад мэр сэр шүүмжүүд гарч асуудалд арай нухацтай хандах хөрөнгө оруулагчидын ар талыг сайтар судалсан илчилсэн баримтууд үзэгдсээр байсн билээ. Гэтэл ард түмэн, шинжээчидээс гаргасан энэ сануулга шүүмжүүд БОДИТ үр дүнгээ төдийлөн өгөөгүй бөгөөд “жингийн цуваа явж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг” гэгч Монгол ардын хэлц үг үнэнхүү хэрэгжиж бүх юм Айванхоу Майнзын эзэн “ХОРТОЙ” хочит Боб Фрийдландын хүссэнээр болдгоороо болоод өнгөрсөн гэнэ.
Энэ дээр дурдсан барууны хөрөнгө оруулагчидаас ядуу орнуудыг хэрхэн аргалдаг гэх тэр таван янзын аргачлалаас тодорхой нь бүрэн хэрэгжиж Айванхоу Майнзын гэрээ Монголд хамгийн ашиггүй хэлбэрээрээ батлагдан, гэрээг хийсэн эрх мэдэлтнүүд гадны талд ажиллачихсан юм биш үү?
Ард түмний дийлэнх, нийгмийн янз бүрийн бүлэглэлүүдийн хувьд Айванхоу Майнзын хөрөнгө оруулалтын гэрээг хийхийг дэмжиж байсан бөгөөд харин хамгийн гол шаардлагууд болох гэрээг ард түмний эрх ашигт аль болох нийцүүлэх хүсэлт нь талаар болж гэрээ нь бараг тэр чигээрээ Айванхоу Майнзын эрх ашигийн бүрэн хамгаалсан анхных нь заалтын дагуу хийгдсэн гэж сэжиглэгдэж буй аж. Яг л энэ сэжгийг батлаад өгөх мэт Айванхоу Майнзын гэрээ нь одоо болтол ил тод бус нууцлаг хэвээрээ байгаа юм.
Айвонхоу Майнзын гэрээг Монгол талаас толгойлон хийсэн хүн, баг нь уг нь Монгол хүмүүс л байсан гээд байсан гэтэл тэдгээр хүмүүс нь Монгол хэлээр л сайн ярьдагаас бус үйл ажиллагаа нь огтхон ч Монгол шинжгүй байсан хэмээн олонхи баталж байсан. Гэрээг батлагчид Монголын бус Хорт Фрийдландын эрх ашигийг хамгаалсан байр суурьнаас ярьж ард түмнийг худал үгээр хууран мунхруулах ажиллагааг хүчтэй явуулсанаар зогсолгүй гэрээг Монголд хамгийн ашиггүй байдлаар хийсэн нь ирээдүйд ард түмнээ ихэд алдагдалд оруулж цаашид эд баялгаа гаднын шууд барьцаанд үлдэх гарцаагүй нөхцөлийг бүрдүүлсэн аж.
Роберт (Боб) Хорт Фрийдланд урьд нь Америкийн Колорадо муж, Мянмар, Индонез, Guyana орнуудад нүгэл үйлдэж газар нутгийг нь хордуулсны улмаас баривчлагдан шоронд сууж мөн тухайн улс орнуудаас хөөгдөж байсан манайхны хэлдэгээр жинхэнэ “буруу гарын гар” гэдгийг давтан хэлэе, тэр нүгэлийнх нь хөдөлшгүй баримтууд үлдсэн байна. Зүгээр л яагаад “ХОРТ БОБ ” хоч авсаныг нь л бодоод үз л дээ. Энэ түүхийг давтаад байх шаардлагагүй бүгд л мэдэж байгаа шүү дээ. Ямар ч хүнийг ажилд авахдаа резүмэг нь харж өргөдлийг нь шинжиж, ярилцлага авч байж авдаг, гэтэл Хорт Бобын резүмэг манай сайдууд огт хайхраагүй бололтой эсвэл Хорт Боб өөр ямар нэгэн нууц илбийн аргаар манай сайдуудыг ховсдчихов уу? Тийм бол чухам ямар нууц арга байсан юм болоо? Үгүй ингэхэд яагаад гэрээ энэ тэр нь тийм нууцлаг, ил тод бус болж өнгөрөв? Үнэн гэрээгээ хэзээ гаргаж тавих юм болоо? Ядаж дараа дараачийн ордууд гээд газар авахаас нь өмнө зогсоож жаахан ч атугай ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэх аргачлалыг хайх юм сан.
Ард түмнийхээ саналыг огт хайхралгүйгээр гадныхны эрх ашигт үйлчилсэн эдгээр хүмүүсийн балаг Айванхоу Майнз-аар ингээд зогсоогүйгээр барахгүй, шуугиан намжсан сиймхийг ашиглан Оюу Толгойн ойр орчных нь ашигт малтмалын ордуудыг Хорт Бобод нууцаар шилжүүлэн өгч улмаар энд тэнд нууцлаг оффшорэ (үл ажиглагдах далайн чандын жижиг улсууд арал дээр бүртэгэгдсэн) бүртгэлтэй хэн эзэмшдэг нь огт үл мэдэгдэх гаднын компанууад Монгол орны уул уурхай газрын баялгийг эзэмших эрхийг олгосоор байгаа гэнэ.
Уучлаарай хүмүүсээ бид чинь хаанахын ямар хүмүүсийг төрийн эрхэнд гаргачаад байна аа гэх бодол өөрийн эрхгүй орж ирээд байх юм. Монголчууд бид чинь ийм л өөдгүй, дорой гаднын эрх ашигт дулдуйдсан “амьсгаа” нууд болчихсон юм уу, эсвэл бид тийм ганц нэгэн хүмүүст эрх ашигаа мэдүүлчээд байна уу?
Африк Латин Америк, Арабын сул дорой орнуудын байгалын баялгийг өрнөдийн компанууд хэрхэн ашигладаг талаар шинжээчидийн гаргасан дүгнэлтийг би дээр дурдсан. Хөрөнгө оруулагчидаас гуравдагч орнуудад явуулах бодлого нь тухайн орны төрийн тогтолцооны байр суурь, эдийн засаг, улс төрийн хөгжлийн түвшингээс хамаараад арай ялгаатай байдаг. Жишээ нь нефтээр баян Саудын Араб гэхэд нефтээ барууныханд ихэд хямд үнээр зарж хариуд нь улс орныхоо дэд бүтцийн хөгжил бүтээн байгуулалтад барууны компанууад давуу эрх өгч арай гайгүй тохиролцоонд хүрч чадсан байхад, Латин Америкийн орнууд харьцангуй их тэмцэлтэй, харин Африкийн орнууд байхгүй барагаа тавьж туугаад ард түмэн нь үгүйрэлд хүрч улс орон нь хөгжлийн доод түвшинд хэвээр байсаар байна.
Барууны компанууд гуравдагч орнуудыг ерөнхийдөө Араб, Латин Америк, Африк түвшингийх хэмээн гэж гурав ангилан үзэж ялгаварлан харьцдаг. Монгол чухам аль ангилалд нь багтсан юм болоо? Араб түвшингийн ангилалд л лав ороогүй нь хэнд ч ойлгомжтой. Ихэнх шинжээчидийн үзэж буйгаар Африк хавьцаа л яваа болов уу гэжээ. Тиймээ өнөөдөр бид Африкийн орнуудын араас явж байна гэдэгтэй олон хүн санал нийлж буй юм. Уг нь нэг их хол явчаагүй байна одоохондоо. Зогсоож чиглэлээ өөрчлөх арга байна уу? Мэдээж байж л байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Зохиогч: Х. Хас
Зарим нэг эх сурвалжаас: http://www.sourcewatch.org/index.php?title=Robert_Freidland
URL: