Тендергүй тэрбумын ажлууд
Ерөнхий сайдын багц гэж нүд унагасан их хөрөнгө байна. Угтаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багцийн 50 тэрбумыг улс орны бүтээн байгуулалтад зориулахаар төсөвлөсөн хөрөнгө. Үүгээр орон нутагт битүү зах барих, оношлогооны төв байгуулах, замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар нэвтрүүлэх систем, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулах, залуучуудын үйлчилгээний цогцолбор барих гэсэн нэрлэсэн долоон ажилд зарцуулах төлөвлөгөө гарсан.
Гэтэл эдгээрээс өөр зориулалтаар зарцуулж буй баримтыг өнгөрсөн сард иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар дэлгэж байв. Тодруулбал, “Бумбардай” комикс номын цуврал, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт нийт 500 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 50 тэрбумын 500 сая төгрөгийг Ерөнхий сайд дур мэдэн өөр зүйлд зарцуулсан гэж тэд үзэж байгаа юм. Үүнээс гадна хагас тэрбум төгрөгийн ажилд тендер зарлахгүйгээр гүйцэтгэгчээ сонгосон гэж бас тэд тайлбарласан.
Энэ удаа төсвийн мөнгийг тендергүйгээр дахин зарцуулсан байж болох мэдээллийг Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн, өмгөөлөгч Б.Энхбаяр цахим хуудастаа тавьсан байв. Баруун бүсийн алслагдмал аймгуудын олон жилийн турш гадна талбайд худалдаа эрхэлсэн хүмүүст зориулж битүү зах барих ажил 50 тэрбумын багцын багагүй хэсэг аж. 10 орчим тэрбум төгрөгийн битүү захын бүтээн байгуулалтыг эдүгээ “Ус орчин” гэх компани гүйцэтгэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг компанитай өнгөрсөн долдугаар сарын 10-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, Худалдан авах ажиллагааны газартай хамтран гурван талаас гарын үсэг зуржээ. Ингэхдээ ЗГХЭГ-ыг төлөөлж тус газрын тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайнбилэг гарын үсэг зурж баталгаажуулсан аж. Мөн нэмэлт гэрээг ЗГХЭГ-ын Хууль, эрхзүйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Энхтуяа үзэглэжээ. Түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалтнууд ийм их хэмжээний мөнгөний ажлыг баталгаажуулах эрхзүйн чадамжгүй хэмээн Б.Энхбаяр үзэж буй аж.
Түүнчлэн улсын баяр наадмын өдөр буюу долдугаар сарын 10-нд гэрээ байгуулж байсныг ч онцолж байлаа. Гүйцэтгэгч тал эхний санхүүжилтээ гэрээ байгуулснаас 19 хоногийн дараа буюу тус сарынхаа 29-нд Голомт банкаар дамжуулан авчээ. Тодруулбал, 1.5 тэрбум төгрөг.
Төрийн мөнгийг зүй зохистой зарцуулах зохицуулалт нь тендер. Хуулиараа ч ингэж хуульчилсан нь бий. Гэтэл тэрбум тэрбумаар яригдах хөрөнгийг төрийн зүгээс шууд нэг компанид даатгачихсан байж болох юм хэмээн өмгөөлөгч хардаж буй аж. Түүнчлэн “Тендер зарласан, нэг компани л оролцсон” гэх мэдээлэл байна. Хэрэв тийм бол ямар ч тендерт ганц компани оролцонгуут сонгох хуульгүй гэнэ. Тэгээд бодвол “ганц компани оролцсон” тендерийн зарласан өдөр, баримт материал олдохгүй байгааг тэрээр онцолж байлаа. Манайд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй үй олон компани байгаа. Тэдний дундаас “Ус орчин” компани ямар эрхтэйгээр уг ажилд томилогдсон нь хариултгүй хэвээр байгаа аж.
Ерөнхий сайдын багцын мөнгөний ажлуудыг гүнзгий ухвал үүн шиг хуульд захирагдахгүй эхлүүлсэн ажлууд гарч мэдэх нь гэж Б.Энхбаяр үзжээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: