Одоо цагийн сайхан залуус гэгдэх жүжигчин залуус багадаа ийм л хүүхдүүд байж дээ

ялалтЖүжигчин Н.Ялалт: Налайхын унаган хүү Н. Ялалт багадаа шинэ жил, сургуулиудын хоорондын урлагийн үзлэг, уралдаанд идэвхтэй оролцдог хүүхэд байсан гэдэг. Түүний удамд жүжигчин хүн байгаагүй. Харин ээжийнх нь өвөө уртын дуу их сайхан дуулдаг хүн байсан аж.  Тэрбээр насаа хэлэх дургүй бөгөөд 1977 онд төрсөн жүжигчин Б.Эрдэнэбилэгтэй нэг анги гэдгээр нь хөөгөөд насыг нь олж болох талтай.

СУИС-ийн кино драмын ангийг 1999 онд дөнгөж сургуулиа төгссөн түүнд тайз, дэлгэцийн бүтээлийн дүр олдоно гэдэг амаргүй байв. Тиймээс МҮОНТ-д орчуулгын киноны жүжигчнээр ажилд орох нь тэр. Гэхдээ орчуулгын кинонд дуу оруулж байхдаа “Чам шиг муу жүжигчин орчуулгын жүжигчин болж чадахгүй” гэж хөөгдөж, МҮОНРТ нэг хэсэг түүнийг дуудахаа байсан цаг ч байсан гэдэг. Гэсэн ч тэр шантраагүй, өдийг хүрчээ. Одоо ч  тэр кинонд дуу оруулах ажлаа хийсээр… Орчуулгын кино түүнд дэлхийн жүжигчдээс суралцах боломжийг өгдөг гэсэн.

 

 

 

Жүжигчин П.Баттөр: “Тусгай салаа” олон ангид киноны Түвшин гэдгээр нь хүмүүс андахгүй. Бүтээсэн дүрээрээ овоглож, чадварлаг тоглолтоороо ард түмний сэтгэлд үлдэж, 2008 онд СУИС-ийг төгссөн даруйдаа УДЭТ-т шалгалт өгч, босго өндөртэй том өрх айлын хаалгыг татан оржээ. Сул дорой, хөгшин, хараа муутай хүний дүрээр олны танил болсон болоод ч тэр үү хүмүүс Баттөрийг яг л энэ дүрээр нь төсөөлдөг. Гэхдээ жүжичин Баттөр бодьбилдингийн спортоор хичээллэдэг, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Тусгай салаа киноноосоо өмнө “хархны өгөөш” киноны эсрэг дүрд тоглож байсан. Баттөрийн талаарх бас нэгэн сонирхолтой мэдээлэл гэвэл ихэр. Ихэртэйгээ усны мэт адилхан. Түүний удамд жүжигчин хүн ерөөсөө байхгүй. Ганцаараа энэ мэргэжлийг эзэмшсэн гэдэг.

Жүжигчин Г.Эрхэмбаяр: УДЭТ-аас гарч, “Мөрөөдлийн театр” байгуулан уран бүтээлээ туурвиж байгаа жүжигчин Г.Эрхэмбаяр олон сайхан дүрээрээ үзэгчдийг байлдан дагуулж байгаа.
Тэрбээр бүтээсэн дүрүүдээсээ “Надад өгөөгүй хайр” жүжгийн сохор залуугийн дүр их төстэй хэмээн ярьж байсан удаатай. Бусад нь бол тэс өөр гэдэг. Мөн дүр бүтээх гэсэн энэ үгийг хэлэхээс их эмээдэг нэгэн.

Сурагч байхдаа “Алдар” нийгэмлэгт чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 43 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртэж байжээ. Түүний найзууд охиныг нь хараад эмэгтэй Эрхэмээ гэж дуу алддаг гэсэн. Охин их зөрүүд, дуртай юмаа хийж эхлүүлбэл заавал дуусгаж байж санаа амардаг. Өөрийгөө хөдөлгөөн багатай, дуулгавартай сурагч байсан гэж жүжигчин залуу ярьдаг.

Тэрбээр Г.Эрхэмбаяр айлын том. Тийм болохоор нэгдүгээр ангид байхаасаа л гэр орныхоо ажилд тусалж, хоёр дүүгээ асардаг байсан гэдэг. Одоо бол ар гэрийн асуудлыг эхнэртээ даатгачихдаг гэж нэгэн ярилцлагадаа дурссан нь удаатай.

Д.Ана


URL:

Сэтгэгдэл бичих