Хар тамхины хар бизнес Монголыг бүрхжээ
Хар тамхины бараан сүүдэр Монгол орныг нилэнхүйд нь бүрхчихэж. Мэдээллийн хязгааргүй орон зай болох цахим мэдээллийн ертөнцөөр “Монгол охид мансуурчээ”, “Монголын иргэн гадаадад хар тамхи тээвэрлээд баригдлаа”, “Монгол эмэгтэй хар тамхи хэргээр цаазын ял сонсов”, “Монголын иргэн мансуурч амиа алдаа” гэх мэдээллүүд хөврөх юм. Дэлхийн сая сая уншигч Google, Yahoo, BBC, CNN-гийн цахим хуудаснаас энэ тухай унших болсон нь бодит үнэн. Монголын нэр хүнд харийнхан ингэж л танигдаж байна. Хүн төрөлхнийг гуниг харуусалд живүүлж, айл гэрийн аз жаргалыг булааж буй хар бизнестэй Монгол гэдэг нэр үргэлж хорших болсонд би хувьдаа эмзэглэж байна.
Өчигдөр гэхэд хар тамхи биедээ агуулж явсан Монгол залуу харийн нутагт амиа алдсан гэх мэдээлэл цахимаар тархав. Кавсалтай хар тамхи залгин БНХАУ-ын хилээр Казахстаны нутаг уруу нэвтрэх гэж байсан залуугийн ходоодон дахь кавсалтай хар тамхи задарснаас үүдэн харамсалтайгаар амиа алдсан бололтой. Энэ мэтээр Л.Байгалмаа, М.Ойгонбаяр нарын хэргээс авахуулаад харьд гарсан хар тамхитай холбоотой хэрэг олон хэрэг бий. Хилийн гадна нь гарсан хэргийг тоочихоо түр азная.
Сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний хий, цавуу зэргийг хэрэглэж мансуурах тохиолдол цагдаагийн байгууллагад нилээд бүртгэгдэх болсон. Цагдаагийнхан мэдээллийг үгүйсгэхгүйгээр үл барам энэ төрлийн хэрэг илт нэмэгдэж, хүүхдүүд хар тамхийг сонирхож, саваагүйтэж биш бүр хэрэглэж мэргэшиж байгааг хэлэв. Эх нь булингартай бол адаг нь ч булингартай гэдэг шиг харьд Монголын нэрийг сөргөөр цоллуулж байгаа ах эгч нараасаа өсвөр үе нь ийн үлгэр дууриал авч байна.
Мансууруулах бодис хэрэглэсэн 14 настай хүү амиа алдсан хэрэг оны өмнө гарсан. Энэ хэргийн дараа цагдаагийнхан энэ төрлийн хэрэгт тавих хяналтаа чангатгасан. Үр дүнд нь насанд хүрээгүй “хар тамхичид”-ийг хөдөөгөөс ч хотоос ч олноор нь илрүүлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагаас “Дунд сургуулийн сурагч мансуурч байгаад амиа алдсан харамсалтай хэрэг дахин гарахгүй гэх баталгаа алга. Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд эрсдэлд орж, гэмт хэрэгт өртөж, элдэв бодис үнэрлэж, мансуурдаг байдал сүүлийн үед давтагдах боллоо. Тиймээс нас бага гэлтгүй үр хүүхдүүддээ анхаарал тавьж байхыг хатуу анхааруулъя” хэмээж байсан.
Өөр нэгэн жишээ хэлье. Одоогоос жилийн өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч Б, Ц, X нар мансуурах зорилгоор дэлгүүрээс ахуйн хэрэглээний хий худалдан авч мансууруурсан хэрэг гарч байв. Нийлж мансуурсан хүүхдүүдээс нэг нь ухаан алдан Эрүүл мэндийн зургадугаар төвд хүргэгдсэн ч амьд үлдэж чадаагүй. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6, 31, 45 дугаар сургуулийн нэр бүхий сурагчид шар цавуу хэрэглэж мансуурсан хэргийг цагдаагийнхан илрүүлж байлаа. Үүнээс өмнө насанд хүрээгүй охид нийлж, мансуурсан хэрэг Баянгол дүүрэгт гарсан. Пиккассо зочид буудалд байрласан Орхон аймгийн харьяат, 16 настай Ч, М болон 15 настай Л нар мансуурсан байдалтай олдсон юм. Мансуурсан охид нэгнийхээ эрүүн тус хэсэгт зүсэж танхайрсан байсан. Энэ мэтээр олон жишээ дурдаж болох.
Өсвөр үеийнхний хэрэглээд байгаа хийн найрлагын талаар эмч нар дараахь мэдээллийг өгсөн. Хийн найрлагад хүний биед хортой бодис болох бутан, пропан зэрэг шатамхай хийнүүд агуулагддаг аж. Эдгээр бодис нь галын ба тэсрэх аюултайн дээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Үнэртсэн тохиолдолд төв мэдрэлийн систем цочролд орж толгой өвдөх, нойр хүрэх, багтрах аюултай. Улмаар мансуурч жихүүдэс хүрэх, бөөлжүүлэх, амьсгал боогдуулах төдийгүй нүдний салст бүрхүүлийг гэмтээдэг. Агаарт ихээр хуримтлагдсан хий, шар цавуу нь амьсгалах орчноос хүчилтөрөгчийг зайлуулж төв мэдрэлийн системийг цочролд оруулж, ухаан алдах, үхэлд хүргэх эрсдэлтэй. Хий, цавуу хэрэглэж мансуурч буй хүүхдүүд аажимдаа мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодис хэрэглэгч болох магадлал өндөртэй байдаг гэнэ.
1961 онд Нью-Иорк хотноо дэлхийн 73 орны төлөөлөл нэгдэн чуулга уулзалт хийж Мансууруулах эм бодисын тухай нэгдсэн конвенцийг баталжээ. Энэ конвенци нь мансуурал үүсгэх чадвартай бодисууд буюу опиат, опиоид, каннабиноид болон кокаиныг хууль бусаар тарималжуулах, үйлдвэрлэх, худалдаалах, хэрэглэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг зохицуулсан 51 зүйл заалт бүхий олон улсын эрх зүйн тулгуур баримт юм. Ийнхүү мансууруулах бодисын хяналтын талаархи конвенцийг дэлхийн олон улс орон мөрдөж эхэлсэн түүхэн ололт гэж олон нийт зүй ёсоор хүлээн зөвшөөрсөн.
НҮБ-ийн “Мансууруулах эм, бодисын тухай” 1961 оны нэгдсэн конвенци, түүнд засвар оруулсан 1972 оны протоколуудад Монгол Улс 1990 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрөөс нэгдэн орсон байна. Тус конвенцид зааснаар, талууд аливаа улс орон уруу мансууруулах бодис экспортлохыг үл зөвшөөрдөг. Мөн улсын болон тусгай эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэж буй импорт, экспортыг хяналтад байлгахаас гадна энэ үйл ажиллагаанд биечлэн оролцож буй хувь хүн, байгууллагуудыг ч давхар хянах үүрэг хүлээдэг. Импорт экспортын зөвшөөрөл олгохдоо хэдэн төрлийн мансууруулах эм, бодис болохыг нь үл харгалзан тухайн тохиолдол бүрт заавал тусгай зөвшөөрөл авч байхыг шаарддаг.
Экспортолж буй ачаа бүрийг гаргахдаа зөвшөөрөл дагалдуулах бөгөөд ийнхүү гаргах зөвшөөрөл олгосон Засгийн газар тухайн ачааг импортлох буюу нутаг дэвсгэртээ оруулах орны Засгийн газарт энэ зөвшөөрлийн хуулбарыг явуулах ёстой. Манай улс тус конвенцид нэгдэн орсны хувьд энэ мэтээр дагаж мөрдөх заалт олон. Гэтэл манай улс дээрх заалтуудыг дагаж мөрдөх нь бүү хэл улс орноо хар тамхины хар бизнесийн дамжин өнгөрөх бааз болгоод байгаа нь харьд гарч байгаа олон хэргээр батлагдана.
URL: