50 тэрбум төгрөгт үнэлэгддэг “Улаанбаатар Банк”-ийг гурван тэрбумаар хувьчлана гэв үү?
Нийслэл тодорхой хэмжээний эзэмшилтэй, тэдгээр нь ашигтай ажиллаж нийслэлд ногдол ашиг оруулдаг байгууллагуудыг хувьчлах гэж байгаа нь сүүлийн үед анхаарал татсан сэдэв болоод байгаа. Тодруулбал, ирэх онд “Тэнгис” кино театр болон Улаанбаатар хотын банкийг хувьчлахаар болсон юм.
Уг хоёр байгууллагын нэг нь ирээдүйд ашиг нь улам нэмэгдэх, соёл үйлчилгээний томоохон объект бол нөгөөх нь 250 орчим ажилчин, 21 салбар нэгжтэй банк. Нийслэл “Улаанбаатар хотын банк”-ны 20 хувийг эзэмшдэг. Уг нь бол анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж байсан.
Харин Монголбанкны дүрмийн сан нэмэгдүүлэх шаардлагыг хангаж чадаагүй учраас 30 хувиа бусдад шилжүүлжээ. Тус банкийг “Улаанбаатар сан” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар нийслэл хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, нийслэл болон дүүргүүдийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 1998 онд байгуулсан юм.
Байгуулагдсаны дараагаар банкны дүрмийн сан нэг тэрбум төгрөг бөгөөд нийслэлийн эзэмшил 50 хувь байжээ. Гэвч 2001 оны Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал болон 2003 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн 03 тогтоолоор 2003 онд дүрмийн сангаа таван тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх болжээ.
Тухайн үед нийслэл хөрөнгө оруулалтаа 500 сая төгрөгөөр нэмэгдүүлэн нэг тэрбум болгосон байна. Энэ л үеэс эхлэн нийслэл 30 хувийн эзэмшлээ алдаж, 20 хувийг эзэмших болсон түүхтэй.
Гэвч 2005 онд дүрмийн санг нь дахин нэмэгдүүлэх болсон бөгөөд тэр үеэр нийслэлийн хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөг хэвээр үлдэж нийслэл 12.5 хувийг эзэмших болсон тухай баримт бий.
Харин дараа жил нь буюу 2006 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хурлаар банкны барилгыг барихад оруулсан оролцоог 600 сая төгрөгөөр тооцон нэмэгдүүлэн эзэмшлийг нь дахин 20 хувь болгосон байна. Харин албаны хүмүүсийн хэлснээр банкны хувьцааг үнэтэй байгаа дээр ашиг олох зорилгоор хувьчлах гэж байгаа гэнэ.
Ингээд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржийн өгvvлснийг хүргэе.
-Ирэх онд хувьчлах байгууллагын жагсаалтыг баталлаа?
-Нийслэлийн өмчөөс 2014 онд хасах жагсаалтыг НИТХ-ын хуралдаанаар батлуулсан. Үүний хоёр нь аж ахуйн нэгж, тав нь объект байгаа. Объектийн хувьд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэнэ. Харин хоёр аж ахуйн нэгжид бизнесийн үйл ажиллагааны үнэлгээ хийж хувьчилна. Яригдаад байгаа 7,5 тэрбум төгрөгийн хувьд бүртгэлийн үнийн дүн юм.
-Бүртгэлийн үнийн дүн гэлээ. Тэгэхээр өснө гэж ойлгож болох уу. Мөн үнэлгээний талаар тодруулаач?
-Мэдээж энэ үнээр хувьчлахгүй нь ойлгомжтой. Эндээсээ өснө. Төрийн болон орон нутгийн хуульд зааснаар хөрөнгийн эзэн өөрийнхөө бизнесийн болон үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоодоггүй. Заавал хөндлөнгийн бие даасан үнэлгээний байгууллагаар үнэлгээг нь хийлгэнэ. Улмаар үнэлгээ хийлгэсний дараагаар хувь эзэмшиж байгаа нөгөө байгууллагадаа санал болгоно.
-Санал болгоод авахгүй бол хэрхэх вэ?
-Нээлттэй дуудлага худалдаагаар дуудна.
-Ашигтай ажиллаж байгаа байгууллагуудаа хувьчлах гэж байна гэсэн шүүмжлэл нэлээд гараад байгаа?
-Төр бизнес эрхэлнэ гэдэг бол утгагүй асуудал.
-Яагаад?
-Үнэ цэнэтэй байгаа дээр нь хувьцаагаа зарах хэрэгтэй. “Улаанбаатар синема”-гийн хувьд ч адилхан. Хэдэн хувийн ногдол ашиг харж байхаар үнэ цэнэтэй байгаа дээр нь хувиа зарж, арай том мөнгө босгож нийслэлийн бусад хөрөнгө оруулалт руу мөнгийг оруулбал илүү үр дүнтэй байна.
-Энэ тайлбараас цаашдаа ашиггүй болно гэсэн утга ойлгогдоод байна?
-Үнэ цэнэгүй болно гэж хэлээгүй. Зах зээлийн хуулиар үнэ цэнэтэй байгаа дээр нь зарах гээд байгаа юм. Кино театрын бизнес рүү хувийн хэвшлийнхэн ихээр орж ирж байгаа. Тун удахгүй Хан-Уул дүүрэгт нэлээн том кино театр ашиглалтад орох гэж байна. Тиймээс үнэ цэнэ байхад нь үнэд хүргэж зарахыг хэлээд байгаа юм.
Тэрээр ийм хариулт өгсөн юм. Харин одоогийн байдлаар үнэлгээ хийх байгууллага тодроогүй бөгөөд шалгаруулалт явуулах юм байна. Тэр үед ямар байгууллага үнэлгээ хийх нь ил болох нь.
“Улаанбаатар хотын банк” ашигтай ажилладаг хэдий ч дүрмийн санг нь нэмэгдүүлж чадахгүй байгаа учраас хувьцааг нь үнэ цэнэтэй байгаа дээр нь зарах хэрэгтэй гэсэн тайлбар хийж байна лээ. Харин НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан төлөөлөгчдийн хуралдааны үеэр хэдэн тоо баримтыг тодорхой дурдаад өнгөрсөн.
Тэр нь юу вэ гэвэл “Улаанбаатар хотын банк”-ны өөрийн хөрөнгө 50 тэрбум төгрөг байтал гурван тэрбум төгрөгөөр хувьчлахаар оруулж ирж байгаа нь дэндүү бага байна гэсэн шүүмжлэл байсан юм.
Харин үүний талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч Т. Батдорж “Тэр бол бүртгэлийн үнэ юм. Үнийг Засаг дарга ч, өмчийн газар ч тогтоох эрхгүй″ гэсэн хариулт өгсөн. Хувьчлах болсон шалтгаан нь Монголбанкнаас тавьдаг дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага байсан гэнэ.
Тодруулбал, “Улаанбаатар даатгал”-тай нэгэн адил байдал үүсээд байгаа гэсэн юм. Мөн банк, кино театр хоёр ондоо байдлаар хувьчлах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс бий. Учир нь “Улаанбаатар хотын банк”-ийг банкны тухай хуулиар хувьчлана гэх. Харин албаны хүмүүсийн хэлж буйгаар ижил аргаар хувьчлах гэнэ.
Ямартай ч тус банк 2001-2007 онуудад 613 сая 500 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол 2008-2012 онд гурван тэрбум 660 сая төгрөгийн ногдол ашиг хуримтлуулсан ажээ. Харин үүнээс 1.6 тэрбум төгрөгөөр дүрмийн санг нь нэмэгдүүлсэн байна.
Г.Баярцэцэг
Эх сурвалж:
URL: