АМНАТ-ийг өөрчлөх үү?

mining_resourceАшигт малтмалын хуулийг шинэчлэн найруулахаар төсөл хэлэлцэж буй энэ үед зарим экспортлогч “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ тооцох өнөөгийн аргачлал буруу. Тиймээс дахин тооцоо судалгаа хийж, хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн саналыг гаргаж байна. АМНАТ-ийг хэрхэн ногдуулах тухай Татварын ерөнхий газрын даргын 322 дугаар тушаал 2010 оны зургадугаар сарын 17-нд батлагджээ.

Энэхүү тушаалаар АМНАТ-ийг хураахдаа 2006 онд батлагдсан Ашигт малтмалын хуульд заасан жишиг үнийн дагуу ямар төлбөр ногдуулах вэ гэдэг аргачлалыг нарийвчлан заасан байдаг. Мөн Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны 131 дүгээр тогтоол бий. Ашигт малтмал дэлхийн зах зээлд ямар үнэтэй байгааг харгалзан үзээд АМНАТ-ийн жишиг үнийг ЭЗХЯ тогтоож байгаа аж. Ингэхдээ өдөр бүр арилжааныхаа мэдээг нийтэд ил тодоор зарладаг олон улсын сайтуудын мэдээллийг ашигладаг байнa . Тухайлбал,  хайлуур жоншийг www.indmin.com, нүүрсийг en.sxcoal.com-ын үнээр тооцохоор тус тогтоолд заажээ.

Гэтэл ашигт малтмал экспортлогчид “Бид дэлхийн зах зээлийн ханшаас бага үнээр гэрээгээ хийдэг. Гэтэл татварынхан дэлхийн зах зээлийн үнийн дунджаар бодож АМНАТ-ийг авч байна. Энэ нь биднийг өмнөд хөршид нийлүүлсэн ханшаа шинэчлэн бичиж тайлан гаргахад хүргэдэг” гэв.

Өөрөөр хэлбэл, бодит амьдрал дээр ашигт малтмал экспортлогчид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээс арай доогуур ханштайгаар өмнөд хөршид нийлүүлдэг аж. Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Билэгсайхан “Эдгээр сайтад ерөөсөө л Хятадын ханш байгаа шүү дээ. Жишиг үнээс бага ханшаар борлуулах алдагдалтай гэрээ хийсэн бол компаниуд өөрсдөө эрсдлээ хүлээх ёстой. Гэтэл Хятадын зах зээлийн дундаж үнээс доогуур ханш тооцож АМНАТ-өө төлье гээд маргаад байдаг. Бид хууль, дүрмээ баримталж, тогтоосон журмаар л АМНАТ-өө тооцож авна.

Төрийн хуулийг компаниуд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж зүтгэх хэрэггүй ” гэсэн юм. Мөн ашигт малтмал экспортлогчид зэс гаргалаа гэхэд түүнд нь алт, төмөр зэрэг ямар нэгэн элемент байдаг. Гаалийн бүрдүүлэлт хийж байх үед нь зэсэн доторх агуулгыг нь тэдэн хувийн алттай гэхчилэнгээр нарийвчлан тооцоод АМНАТ-ийг авдаг байна. Экспортын бүтээгдэх үүнд дагалдаж буй үнэт металл бусад эрдэс бүтээгдэхүүний борлуулалтын үнийг тооцоолдог гэсэн үг. Энэ нь дараагийн маргааны сэдэв болдог аж. Ашигт малтмалын газрын нөөц эдийн засгийн судалгааны тасгийн дарга Б.Бямбадагва “АМНАТ-ийг дэлхийд 2-3 жишгээр л авч байнa. Олж байгаа ашгаас нь 7.5-10 хувийг тооцох аргачлал бас бий.

Хаанаас тооцож авах вэ гэдэг нь өөр өөр. Манай улсад хамгийн тодорхой буюу борлуулалтын орлогоос үндсэн таван хувийг авдаг. Энэ бол Зүүн Өмнөд Азидаа хамгийн бага татвар. Тиймээс үүнийг буулгах үндэслэлгүй” гэв. Харин ашигт малтмал экспортлогчид “АМНАТ-ийн одоо тооцож буй аргачлал нь татварын дарамтыг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж үзэж байгаа юм. Экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбарынхан бүрдүүлдэг. Тэд 2017 он гэхэд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэн ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж байна.

Г.ГАНЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих