АНУ олон орны утсан харилцааг тагнадаг

b8f0ee3ca514d8b617e06f28f9765170_LВАШИНГТОН. /КИОДО/. “Washington Post” сонины  энэ сарын 4-ний дугаарт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба өдөр бүр дэлхийн бүх орны утсан холбооны мэдээллийг шүүдэг гэж бичжээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас (ҮАБА) өдөрт таван тэрбум орчим утсан харилцааны мэдээллийг шүүж харилцагчдын талаарх мэдээлэл болон байрлалыг тогтоодог байна. “Washington Post” сонин АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Э.Сноудений задалсан нууц материал болон АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтны ярилцлагад үндэслэн дээрх мэдээллийг бичжээ.

АНУ-ын Засгийн газраас Террорист гэм бүлэглэлийн гишүүд болон бусад гадаад улс дахь сэжигтэй этгээдүүдийн мэдээллийг хуулийн дагуу тагнаж болдог байсан гэж тайлбарлаж байгаа билээ. Харин “Washington Post”-д бичсэнээс үзвэл, дэлхийн олон орны үүрэн утсан харилцааны мэдээлэл олон улсын холбооны сүлжээнд тэмдэглэгдэн үлддэг тул бусад улсын харилцаа холбооны зарим компани АНУ-ын ҮАБА-тай хамтран ажилладаг байж болзошгүй юм.

Энэ тохиолдолд АНУ-ын ҮАБА маш олон мэдээллийг олж авах боломжтой болох юм. Харин энэ тухай АНУ-ын Хүний эрхийг хамгаалах сайн дурын байгууллага, Америк иргэдийн эрх чөлөө холбооны ажилтан хэлэхдээ, “хүний оршин суугаа газар бол хувь хүний чухал нууц, харин бид байгаа газраа бусдаас нууцлахын тулд утсаа таслаад агуйд амьдрахаас өөр арга алга” гэв.

А.Цацралт

монцамэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих