Нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулна

ЖЖУУЖУЖШинэ оныг угтан энэ сарын 15-нд талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа болох гэж байна. Мөн он гаргах мөчид төрийн ордны өмнөх талбайд уламжлал ёсоор нийтийн цэнгүүн болохоор төлөвлөжээ. Ингэхдээ он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийх гэнэ.
Баярын цэнгүүний нэгэн оргил хэсэг болох Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгионохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал зэрэг байршилд зохион байгуулахаар төлөвлөж 40 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Энэ жилийн хувьд шинэ шийдэл бүхий гэрэлтүүлэг, тоглолт, тайз засалт, гэрлэн чимэглэлээр иргэдэд өвөрмөц бэлэг барихаар төлөвлөсөн байна.
Тухайлбал Д.Сүхбаатарын хөшөөг тойрсон 4 ширхэг торшёрт сүлд модны хэлбэртэй бүслүүр хийж цэнхэр гэрлээр, төв талбайн сүлд модыг бүхэлд нь шар гэрлээр, талбайн урд хэсэгт байрлах сэндвич байшингийн хойд талыг туузан гэрлээр чимнэ. Эдгээр гэрлэн чимэглэлийг 19,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвт тусгасан байна. Мөн сүлд модны дэргэд “Улаанбаатар 2013-2014” гэсэн бичиг, өвлийн өвгөний хамт байрлуулахад таван сая төгрөг төсөвлөж, иргэд баярын зураг авахуулах боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 15,31-ний өдрүүдэд болох үйл ажиллагааны том, жижиг тайзууд, гэрэлтүүлэг, хөгжим, техник, аппаратур, лед дэлгэцийг 80 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ.

Шинэ жилийн баярын цэнгүүний Ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна. Энэ жилийн үдшийн цэнгүүн урьд жилүүдийнхээс илүү шинэлэг найруулгатай байхаас гадна их хотын залуусдаа зориулж олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэж байгааг ажлын хэсгийн онцолж байна. Тоглолтод Lumino, A sound, 3 Охин, The Lemons, Ufo, Colors, Rec On хамтлагууд, МУГЖ Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee, Дөлгөөн, Хишигдалай, Чойжоо гээд Монголын рок попын 50 гаруй уран бүтээлч оролцох юм. Харин сүлд модны гэрлийг асаах ёслолд Монголын хүүхдийн ордны авъяаслаг уран бүтээл хүүхдүүд ая дуугаа өргөх бөгөөд нийт урлаг, уран сайхны тогтолтод 30 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор халуун цай, аарц, түргэн хоолны үйлчилгээнээс гадна тодорхой цэгүүдэд ил галыг зориулалтын төмөр саванд түлнэ. Нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулах тооцоог ажлын хэсгээс гаргасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих