М.Бундмаа алтан медаль хүртэж, хөнгөн жингийнхний нүүрийг тахаллаа
Солонгосын Жежү хотноо жүдо бөхийн гран при тэмцээн өчигөдөр эхэлсэн. Манай улсаас долоон жинд эрэгтэй, эмэгтэй есөн тамирчин оролцож байгаа.
Эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болсон. Эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд хүч үзсэн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Солонгосын Хуан Тэ Вонд ялагдаж тэмцээнээ дуусгажээ.
Харин Н.Сэр-Од эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Украйны бөх Хеворыг, хэсгийн аваргын төлөө Солонгосын Хуан Дон Куг ялж, мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Гэвч зооны аваргын төлөө өөр нэг Солонгосын бөх болох Ким Вон Жинд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар медалийн төлөө Рио Кавабад ялагдсанаар тэмцээнээ дуусгав.
Тэгвэл 66 кг-д хүч үзсэн Д.Алтансүх эхний тойрогтоо Солонгосын бөх Ли Дон Күг ялсан ч хоёрдугаар тойрогт Японы Юүей Рокугод ялагдаж, торгуулийн тойрогт барилдахаар болсон. Медалийн төлөө барилдах эрх авах барилдаанд манай бөх Солонгосын Хуан Жун Ёомыг ялж, хүрэл медалийн төлөө мөн л Солонгосын бөх Таехо Юунтай барилдсан ч барсангүй.
Харин Ч.Болдбаатар эхний тойрогтоо Украйны Мелнечинко Курулог ялж, хоёрдугаар тойрогт Солонгосын Таехо Юунд ялагдсан. Улмаар торгуулийн тойрогт Украйны Георги Занатрияд ялагдаж тэмцээнээ дуусгав. Харин 73 кг-д Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогтоо Солонгосын Ким Жи Вокыг ялсан ч хоёрдугаар тойрогт Украйны Дмутро Каниветст ялагдаж, торгуулийн тойрогт барилдахаар болсон.
Улмаар торгуулийн тойрогт Солонгосын Ли Донгсукт ялагдаж, тэмцээн өндөрлөлөө. Тэгвэл эмэгтэйчүүдээс 52 кг-ын жинд хүч үзсэн МУГТ М.Бундмаа өнгөтэй байж, алтан медаль хүртлээ. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо АНУ-ын бөх Мелисса Темпелменыг, хэсгийн аваргын төлөө Солонгосын Ким Ми Риг, зооны аваргын төлөө Украйны Тетиана Левицкаг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан.
Улмаар финалд Солонгосын бөх Жун Ен Жунтай барилдаж, хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялсанаар аварга боллоо. Ийнхүү эхний өдөр тэрбээр ганцаараа медаль хүртэж, хөнгөн жингийнхний нүүрийг тахаллаа. Тэрбээр Лондоны олимпоос хойш бэртэлтэй байсан учир олон тэмцээнд оролцож чадаагүй. Энэ жил гэхэд цөөхөн хэдэн тэмцээнд оролцсон ч тийм ч амжилттай барилдаж чадаагүй. Харин энэ “анти” амжилт нь Жежүгийн гран при тэмцээнээр өндөрлөж байх шиг байна.
Харин Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Жи Юун Пактай барилдсан ч юүко үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Манай бусад эмэгтэй жүдочдын хувьд эхний тойрогтоо ялагдсан юм.
Н.Пунцагболд
URL: