Ахлах байцаагч С.Чулуунцэцэг МХЕГ-ын үнэн нүүр царайг илчиллээ

4b13666da015ebca270caf7ed7af5226_x3 МХЕГ-ын улсын ахлах байцаагч С.Чулуунцэцэг 10 гаруй жил тус байгууллагад ажиллаж байгаа ч байгууллагынхаа данхайсан бүтцийг нийтэд ил болгож, ирээдүйгүй гэдгийг нь илчлээд авлаа. Цаг үеийн шаардлагаар дэвшигдэж байгаа шинэ зорилтын өмнө МХБ бэлэн биш. Харин ч энэ байгууллагад итгэх олон түмний итгэл жил ирэх бүр буурсан, бүтэц нь улам данхайсан, чадварлаг мэргэжлийн боловсон хүчний бодлого алдагдаж сүүлдээ улстөрчдийн тоглоомын байгууллага болж хувирсан нь өнөөдрийн МХЕГ-ын дүр төрх боллоо хэмээн нийтэд илчилж, Ерөнхийлөгчид хандан захидал бичсэн байна.

Хамгийн гол нь чадваргүй, мэргэшээгүй, сонирхлын зөрчил дагуулсан хүмүүс ажиллаж байна. Тус байгууллага нь 11 жилийн хугацаанд сайд, дарга нарын намынх нь  танилынх нь эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн цуглуулга болгон хувиргасан гэдгийг ч нуугаагүй байна. 2012 оны долоодугаар сард шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр сарын дараа өмнө ажиллаж байсан даргыг өөрчлөөд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн статустай хүн томилоод бүтэн 1 жил, 2 сар болж байгааг дурдаад түр орлон гүйцэтгэгчтэй энэ хугацаанд санхүүгийн болон ажлын байрны дэг алдагдаж, төрийн ажил цалгардаж байгааг хэлсэн.

                     Тиймээс захидлын дагуу МХЕГ-ын Тамгын газрын дарга Д.Батмөнхөөс дараах тайлбарыг авлаа.

Д.Батмөнх: Удахгүй даргатай болно гэж найдаж байна


batmunhhh-Танай байгууллагын улсын байцаагч МХЕГ данхайсан бүтэцтэй гэлээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Манайх данхайсан бүтэцгүй. Энэ жил хилийн боомт дээр 59 хүнийг шинээр авсан. Түүнээс өөрөөр алба хэлтсээ томосгоогүй. Мэргэжлийнхээ үүргийн дагуу ажлаа хийгээд л явж байна. Энэ Ерөнхийлөгчид хандаж бичсэн захидлыг таны гараас л авч байна.

-Танай байгууллагыг улстөрчдийн халаасны байгууллага гээд илчилчихлээ?

-Улстөрчдийн халаасны байгууллага биш. Манай байгууллага Шадар сайд Д.Тэрбишдагвын харьяанд байдаг. Харин ажилчдын хувьд халаа сэлгээний асуудал нэг ч ороогүй. Хуучин бүтцээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Харин түр орлон гүйцэтгэгчийн асуудлыг хэзээ цэгцлэхийг би мэдэхгүй байна. Удахгүй даргатай болно гэж найдаж байна.

                Тамгын газрын дарга Д.Батмөнхөөс тодруулга авсны дараа иргэний зориг гаргаж Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэн улсын ахлах байцаагч С.Чулуунцэцэгтэй уулзлаа.

С.Чулуунцэцэг: Үнэн мөнийг хэлсний төлөө ажлаас халчихгүй байх

chuluuntsetseg-Та Ерөнхийлөгчид хандаж захидал бичихдээ байгууллагынхаа данхайсан бүтцийг нуулгүй бичжээ. Энэ талаар?

-Жил ирэх тусам МХЕГ-ын бүтэц данхайж, нэг хүн хийх ёстой ажлыг олон хүн хийж байна. Хэдхэн жилийн өмнө албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлыг хариуцсан нэг л хүн байсан бол өнөөдөр энэ ажлыг 5-6 хүн, хоёр хүнтэй алба хэлтэс тэдгээрийн дарга нар гэж хуваагдаад Тамгын газар нь дотроо хэдэн хэлтэс, албатайгаа ч мэдэхээ байлаа. Өөрөөр хэлбэл зөвхөн МХЕГ-т гэхэд батлагдсан төсвөөс илүү 30 орчим хүн ажиллаж хэрхэн цалингаа авдаг нь ойлгомжгүй асуудал үүссэн байгаа юм.

-Үнэхээр иргэний зориг гаргажээ. Магадгүй ажлаасаа халагдчихвал яана?

-Би энэ байгууллагад удаан ажиллаж байгаа. Арай үнэн мөнийг хэлсний төлөө ажлаас халчихгүй байх гэж итгэж байгаа. Би байгууллагынхаа сайн сайхны төлөө дээрх захидлыг бичсэн. “Том төрөөс, ухаалаг төр лүү” гэсэн сэдэвтэй үндэсний зөвлөлдөх уулзалтын тухай миний бие телевизээр сонссон. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн үзэл санааг өөрийн байгууллага дээрээ буулган санаа бодлоо бусадтайгаа хуваалцах нь зөв гэж бодоод энэ захиаг бичсэн юм.

Иргэний зориг гаргаж, өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагыг шүүмжлэн Ерөнхийлөгчид захидал илгээсэн хүн бол МХЕГ-т улсын ахлах байцаагчийн албан тушаалтай. Харин түүний нөхөр нь УИХ-ын гишүүн Н.Батцэрэг гэнэ. Нөхөр нь УИХ-д суудалтай учраас ийнхүү иргэний зориг гарган цээжээ дэлдсэн гэх хүмүүс ч олон байна. Харин жирийн нэг мэргэжилтэн хэрвээ байгууллагынхаа муу муухайг илчилж, нийтэд ил болговол дариу ажлаасаа халагдаж амьжиргааны эх үүсвэргүй болох учраас тэр бүр муу муухайтайгаа дасан зохицож амьдрахаас өөр аргагүй байдалд ордог.

Энд ажиллаж байгаа хүмүүсийн хагас нь авлига хээл хахуульд идэгдсэн томоохон шахааны дарга нар, харин үлдсэн мэргэжилтнүүд нь шударга бус үйлдлийг нүдээр харж байгаа ч аль хэдийнэ байгаа байдалтай дасан зохицсон хүмүүс байгаа нь ойлгомжтой. МХЕГ мэргэжлийн шалгалт хийхээсээ илүүтэйгээр мөнгөний шалгалт хийдэг болсон гэлтэй. Тиймээс энэ байгууллагыг татан буулгах асуудал хүртэл хөндөгдөж байсан. Иймэрхүү байдлаар улстөрчдийн халаасны байгууллага болсон МХЕГ хэдий болтол сайд дарга нарын намынх нь эсвэл танилынх нь халаасны хүмүүсийн цуглуулгыг бүрдүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй байна.

Б.Дөлгөөн

http://www.mass.mn/88509.html


URL:

Сэтгэгдэл бичих