Цаг агаараас болж зарим замын ажил төлөвлөснөөс ухарчээ
Энэ жил Улаанбаатар хотод 73 км замын ажил хийгдэнэ. Үүнээс 60 км замыг энэ ондоо багтаан засварлана. Тиймээс нийслэлийнхэн хавар дуусахаас өмнө зам засварынхаа ажлыг эхлүүлсэн билээ.
Одоогийн байдлаар замын хуучин хашлагыг хуулж, зорчих хэсэгт орсон рекламны самбар, гэрэлтүүлгийн шонгуудыг шилжүүлэх, борооны ус зайлуулах шугамын өргөтгөл хийх зэрэг ажил явагдаж байна.
Мөн “Цайз” захаас Шархадны эцэс хүртэлх 3.7 км авто замыг дөрвөн хэсэгт хуваан зам засварын ажил хийгдэж байна. Дээрх замыг дөрөвдүгээр сарын 26-наас зургаадугаар сарын 10-ныг хүртэл 49 хоног хэсэгчлэн хааж, зам засварын ажил хийгдэх юм. Эхний ээлжинд Шархадны эцсээс тойрог хүртэлх замыг дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 10-ны хооронд хаасан.
Харин одоо хоёрдугаар хэсэг болох Шархадны тойргоос Эрдэнэтолгойн уулзвар хүртэлх замыг хаан, ажиллаж байна. Дээрх хэсгийн зам засварын ажил төлөвлөгөө ёсоор энэ сарын 21-нд дуусах юм. Нийслэлийн Авто замын газрын инженер Б.Энхмандах “Шархадны тойргоос Эрдэнэтолгой хүртэлх замыг тавдугаар сарын 7-21-ний хооронд засахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар асфальтан хучилтын ажил 300 гаруй метр замд хийгдсэн. Цаг агаарын байдлаас болоод гурав хоногоор хойшлуулж магадгүй. Гэхдээ төлөвлөгөөт хугацаанд багтаан зам засварыг дуусгахаар ажиллаж байна” гэж ярилаа.
Дээрх чиглэлийн замд өмнө нь зөвхөн урсгал засвар, нөхөөс хийж байжээ. Тиймээс энэ жил бүрэн шинэчилэхээр ажиллаж байгаа юм. Үүнд дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгө шаардлагатай аж. Гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХК эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ажиллаж байна. Харин Залуучуудын
өргөн чөлөөний 0.9 км замыг дөрөвдүгээр сарын 30-наас зургаадугаар сарын 6-н хүртэлх хугацаанд засна.
Эхний ээлжинд ШУТИС-ийн баруун хойд уулзвараас МУИС-ийн нэгдүгээр байрны өмнөх уулзвар хүртэлх хэсгийн замыг засч байгаа юм. Төлөвлөгөөгөөр энэ сарын 13-нд дуусах байсан боловч, зам засвар дуусаагүй байна.
Энэ талаар замын ажлыг гүйцэтгэгч “Өгөөмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Ермекээс тодруулахад “Замын явц одоогийн байдлаар 40 хувьтай явж байна. Бид шинээр борооны ус зайлуулах шугам хийж байгаа юм. Хэд хоног цас, бороо орсон учраас ажил хойшлогдсон. Үүнийг дууссаны дараа “Зоос гоёл” хүртэлх замын засвар эхэлнэ” гэж ярилаа.
Төлөвлөгөөгөөр дээрх замыг 14 хоногт засах байсан боловч цаг агаарын байдлаас болоод долоо хоног сунгагдсаныг онцолсон юм. Залуучуудын өргөн чөлөөний зам нь1960-аад онд ашиглалтад орж, үүнээс хойш урсгал засвар хийгдээгүй байна. Дээрх 0.9 км замыг засахад 900 сая төгрөг зарцуулагдах аж.
Авто замын урсгал засварын ажлыг дөрөвдүгээр сарын 11-нээс эхэлж, долоодугаар сарын 1-нээс өмнө дуусгах төлөвлөгөө гаргажээ. Үүнд нийт 53 автозам хамрагдсан байна. Харин зам засвар, шинэчлэлтийн ажилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 6.6, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 7.6, Замын сангийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Мөн өнгөрсөн жилийн он дамжин хийгдэх 12 замын ажил үргэлжилнэ.
Э.Энхцолмон http://niigmiintoli.mn/
URL: