Баажийгийн 3 тэрбумын гэрэлтүүлэг
Чингисийн талбай, түүнийг тойрсон найман байршлын гэрэлтүүлгийн ажил гурван тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Төв талбайн 4 том, 16 жижиг гэрэлтүүлэг, хотын захиргааны байр, Төрийн ордон, СТӨ, Дуурийн теарт, Хүүхдийн ордон зэрэг барилгын гоёлын гэрлийг хийх эрхийг “Синтино лайтинг” компанид өгсөн. Өнгөрсөн хавраас эхэлсэн гэх ажил өнөөдөр ч дуусаагүй байна. Учир нь “Синтино лайтинг” компанийн гэрэлтүүлгийн ажил захиалагчдад гологдсон. Бүгд биш ч талбайг тойрсон 16 жижиг гэрэлтүүлгийг өнгө үзэмжгүй, хүчин чадал алга гэх шалтгаанаар солих үүрэг даалгавар өгсөн гэдгийг Захирагчийн ажлын албаны гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат хэлж байсан. Энэ бол аравдугаар сарын эхээр өрнөсөн яриа. Нийслэлийн өдрийн өмнө хийж дуусгах үүрэг даалгавар өгсөн гэж байсан ч сарын дараа юу ч өөрчлөгдсөнгүй.
Тиймээс энэ асуудлыг дахин тодруулахаар уг ажилд хяналт тавих үүрэгтэй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын цахилгааны инженер Б.Намсрайжавтай холбогдлоо. Тэрбээр “Гэрэлтүүлгийн ажил бүрэн дуусаагүй байна. Талбайг тойрсон 16 шонгийн гэрэл чанарын шаардлага хангахгүй байгаа учраас солих шаардлага тавьсан. Гүйцэтгэгч компани материалын захиалгаа өгч байгаа. Шинэ оноос өмнө яаралтай хийх үүрэг өгсөн” гэсэн хариултыг өгөв. Товчхондоо асуудал бахь байдгаараа. Тэгвэл хотын удирдлагууд, хариуцсан, хяналт тавих үүрэгтэй мэргэжилтнүүдийн нүдний өмнө хийгдсэн ажил яагаад гологдов. Анхнаас нь хяналт тавиагүй хариуцлагагүй үйлдлээ хотынхон “Хуучин шонг нь буулгаад, шинийг байрлуулахаар бэлдсэн байтал тэднийх чанарын шаардлага хангахгүй шон оруулж ирсэн. Төв талбайг харанхуй байлгалтай биш, түр байрлуулсан” гэж тайлбарлав. Гурван тэрбум төгрөгийн ажилд захиалагч тал болох хотынхон хяналт тавиагүй гэсэн үг. Хуучныг муу муухай гэж буулгаж хаяхаасаа өмнө шинийг үзэж шалгах нь тэдний үүрэг ч үл тоомсорлосон нь өнөөдрийн бүүдгэр, бүрхэг, уйтгартай төв талбайн өнгө төрхийг бүрдүүлж. Татварын төлөгчдийн мөнгөнд хайнга ханддагийн энгийн жишээ энэ.
Харин нөгөө тал болох “Синтино лайтинг” компани огт өөр байр суурьтай байна. Тэд хийсэн ажлаа гологдсон гэдгийг хүлээн зөвшөөрсөнгүй. Хуучин шонгууд нь хугарч муудан, гэрлүүд нь шарласан учраас өнөөгийн гологдлоо түр байрлуулсан аж. Удахгүй шинэ, шинэлэг, ухаалаг нэгэн ид шидтэй гэрлээр солих гэнэ. “Синтино лайтинг” компани хөрөнгийн бядтай байж болно, дахин дахин хийдэг. Харин яаж ч оролдсон нүд хуурсан ажил далдлагдахгүй. Даравч далдайж, булавч бултайдаг хойно. Үнэтэй цэнэтэй, ухаалаг гэрэлтүүлэг нь орж ирж амжихгүй байсан бол хуучнаар нь байлгахад болохгүй зүйлгүй. Өнөөдрийнхөөс илүү дээр байсныг хэн хүнгүй хэлнэ. Ингэж захиалагч ч үл тоомсорлож, гүйцэтгэгч ч хулхидаж цаг хугацаанд хайр гамгүй хандаж. Нийслэлийн өдрөөс өмнө гэж байсан нь үлгэр болон төгсч, шинэ оноос урьтана гэдэг нь ч тодорхойгүй байна.
Хохироод байх зүйлгүй учраас цаг хугацаа алдсаныг хойш тавья. Харин гурван тэрбум төгрөг бол чухал шүү. “Синтино лайтинг” компани гурван тэрбумаар юу хийж, нийслэлчүүдийг гийгүүлэхийг сонирхож үзлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батхишиг та бидний нэрлэдгээр “Люмино”-гийн Баажий их л нервтэй байгаа бололтой. Хэвлэлийнхэн, сэтгүүлчдийг буруу ташаа мэдээлэл өгч тэнэгтсэн хэмээн бухимдаж байгаа нь илт. Тэрбээр хийж байгаа ажлаа ийн тайлбарлав. “Талбайн дөрвөн том гэрэл, барилгын гэрэлтүүлгийн ажил дууссан. Харин тойрсон 16 гэрэл нь удахгүй солигдоно. Ямар байхыг хоттой ярилцаж байна” гэв. Гологдсон 16-ын оронд ямар гэрэлтүүлэг тавих нь тодорхойгүй гэсэн үг. Ямар ч байсан тавьсан, тавих гэрэлтүүлгүүд нь бүгд ухаалаг эдүүд гэнэ. Дэлхийн долоон гайхамшгийг чимсэн Philips компанийн хүссэн өнгөндөө хувирч, эрчим хүчийг 70 хувиар хэмнэдэг хүний эрүүл мэндэд хоргүй гэрэлтүүлэг оруулж ирж байгаагаа дуулгав. Зөвхөн Монголд зориулагдаж хийгдсэн, -50 хэмд ч найдвартай ажиллах чадвартай гэрэлтүүлгүүд хаана хэрхэн байрлах донж төрхийг нь Philips компанийн дизайнерууд хийсэн гэнэ. Энэ мэтээр Улаанбаатарт анхдагч болох зүйлс олонтоо дэлхийн брэндийг оруулж ирж байгаадаа Баажий болоод түүний нөхөд баяртай байгаа аж. Хужаа гэрэлтүүлэг биш учраас үнэтэй байх ёстойг ч хэлнэ лээ.
Хүний хийж байгаа ажлыг үгүйсгэхийг хүссэнгүй. Бас шүүмжлэхийн төлөө шүүмжилсэнгүй. Зөвхөн үдэш бүр алхдаг төв талбайн маань өнгө төрх өрөвдөлтэй харагддаг учраас энэ бүхнийг сонирхож үзлээ. Албаны хүн, ажил гүйцэтгэгч хоёрын зөрүүтэй, төөрч будилсан хэл ярианаас ажил сайнгүй байгаа нь илэрхий. Өнөөдрийн өнгө төрхөөр бол хайран гурван тэрбум гэж халаглах багадмаар байгаа ч нэгэнт төсөвлөсөн хөрөнгө гээд азная. Харин үр дүн нь бидний замыг гэрэлтүүлж, сэтгэлийг гийлгээсэй.
В.Хэрлэн
Эх сурвалж: Shuud.mn
URL: