“Хөшигний цаана” юу болж өнгөрөв…
Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан өнгөрсөн сарын сүүлээр Москва хотноо болж өнгөрсөн билээ. Уг хурлаар яригдсан асуудлуудаас одоохондоо манай тал “ОХУ-аас түүхий нефть импортлох”, үүнийхээ оронд “ОХУ-БНХАУ-ын хооронд таван шугамаар хонгил гаргаж өгөх” санал тавьсан гэсэн асуудал л тодорхой болоод буй. Тэгвэл комисс хоорондын хуралдаанаар яригдсан бусад асуудлуудын талаарх мэдээлүүд хойд хөршийн хэвлэлүүдэд гарч эхэлжээ. Эдгээр мэдээллүүдийг түүвэрлэн заримыг нь дэлгэрүүлэн хүргэж байна.
ОХУ Монголын Тавантолгойн ордыг эзэмшихийн тулд эртнээс санаа тавьж байсан билээ. Ерөнхийлөгч В.Путин Тавантолгойг байлдан дагуулах зорилгоор олигархиудын багийг бүрдүүлэн Монгол руу ээлж дараалан илгээж байсан мэдээлэл хэвлэлийн шарласан хуудаснаа үлдэж хоцорсон байдаг.
Асуудлыг илүү тодорхой болгох үүднээс “Коммерсант” сонинд гарсан нэгэн нийтлэлийн хэсгээс хүргээд цааш үргэлжлүүлье.
“Северсталь” корпорацийн эзэн Алексей Мордашовын хэрэгжүүлэх гэж байгаа шинэ төслийг эрх баригчид дэмжиж байна. Үүнээс ч өмнө Ерөнхий сайд М.Фрадков “Mittal Steel”-ийн ноёрхлыг зогсоохын тулд Северсталь, Arcelor нэгдэхийг дэмжинэ” гэж хэлж байсан билээ.
Харин А.Мордашов үүнээс гадна бас нэгэн төсөл нэлээд эртнээс хэрэгжүүлж эхэлсэн нь өчигдөр тодорхой болов. Тавантолгойн ордыг худалдаж авах талаар Монголын талтай албан ёсоор хэлэлцээр хийх эрхийг тэрбээр Ерөнхийлөгч В.Путинээс авчээ.
Гэхдээ Монголд ч гэсэн түүнд өрсөлдөгч байгаа гэдэг нь нууц биш. Тэрбээр Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчаас татгалзахгүй байгаа болон 1.5 тэрбум ам.доллар байхад Тавантолгойд ашиг сонирхлоо илэрхийлж болох юм байна гэсэн утгатай захидлыг Ерөнхийлөгчид ирүүлсэн байна” гэжээ.
Үүний өмнө ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин 2006 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Монголын Зам тээврийн сайд Ц.Цэнгэлтэй уулзах үед Монголын тал 1500 километр авто зам барих ажилд оролцох саналыг тавихад ОХУ Тавантолгойгоо өг гэсэн асуудлыг сөргүүлэн тавьж байсан байна.
/«Коммерсант» ¹96 (3427) от 31.05.2006/ Алексей Мордашов Тавантолгойн ордыг эзэмшилдээ авахад хамгийн гол нөлөө үзүүлэх хүчин зүйл нь улс төрийн дэмжлэг болохыг дахин дахин сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай тусгайлан уулзах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсч байв.
А.Мордашовоос гадна “Ренова” хөрөнгө оруулалтын компанийн эзэн Виктор Вексельберг мөн Тавантолгойн ордыг эзэмшилдээ авахаар хөөцөлдөж байсан бөгөөд энэ хоёр бизнесмэн хоёулаа В.Путинаас тусламж гуйж байснаас үзвэл Тавантолгойг авахад тэдэнд үнэхээр л мөнгөний гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйл чухал байсан бололтой.
А.Мордашовоос ялгаатай нь В.Вексельберг Монголын ураныг мөн сонирхож байв. Тавантолгойн асуудлаарх Монголын төр, Оросын олигархиудын уулзалт мөн оны зургадугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэр, хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалт зэрэгт үргэлжлэн хөндөгдсөөр байжээ” хэмээн уг нийтлэлд бичсэн байсан юм. Энэ бол Тавантолгойн “будилсан” тендерээс өмнө болсон хэрэг.
Хамтарсан Засгийн газрын үед явагдсан Тавантолгойн тендер хүчингүй болсны дараа төсөлд оролцохыг эрмэлзэгчид өмнөхөөс илүү хувь эзэмших эчнээ дайнд мордсон. Үүнээс хамгийн шулуухан байр суурийг оросууд илэрхийлж, Тавантолгойн 49 хувийг эзэмших, оронд нь төмөр замын асуудлаар хамтарч ажиллах санал тавьсан юм.
Тэгвэл тэдний энэхүү саналд манайхан татгалзсан хариу өгчээ. Энэ мэдээлэл korrespondent.net цахим хуудсанд тав хоногийн өмнө тавигдсанаас үзвэл Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр энэ асуудал хөндөгджээ.
“Эрдэнэс Тавантолгой” Goldman Sachs, Deutsche Bank-аас зөвлөгөө авахаас татгалзжээ
korrespondent.net цахим хуудсанд тавигдсан материалд бас нэгэн чухал мэдээлэл дурьдагдсан нь манай тал Тавантолгойн IPO хийхэд зөвлөх ёстой байсан JP Morgan /бичигч андуурсан бололтой, 2011 онд явагдсан тендерт АНУ-ын Goldman Sachs банк шалгарсан/, Deutsche Bank-ийг “тоглоомоос гаргасан” байна. Бичигч Монголын Засгийн газрын төлөөлөгчдөөс болон хоёр банкнаас энэ талаар мэдээлэл авахыг оролдсон ч аль аль нь тайлбар хийхээс татгалзсан гэсэн байна.
Оросын компаниуд Тавантолгойн цахилгаан станцын тендерт орохоор болсон уу
Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дээр хөндөгдсөн бас нэгэн чухал асуудал нь Оросын эрчим хүчний компаниуд Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн явдал байлаа.
Өмнө нь ч илэрхийлж, тодорхой алхмууд хийж байсан л даа. Гэхдээ энэ удаа манайхны тавьсан амин чухал саналд сөргүүлэн тавьсан учир тун ч том давуу тал олж авсан нь тодорхой байгаа юм.
Манай тал ирэх жил ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээг 250 МВт хүртэл нэмэгдүүлэх хүсэлт гаргахад Оросын тал хариуд нь “Интер РАО”, En+Group зэрэг аж ахуйн нэгжүүдээ Монголд эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүдэд оролцох боломжоор хангах асуудлыг зөрүүлэн тавьжээ.
ОХУ-даа эрчим хүчний монополь компаниудын нэг En+Group нь манайхны сайн мэдэх Олег Дерипаска хэмээх бизнесмэн эрийн өмчийн нэгээхэн хэсэг юм. Монголд хэрэгжүүлэх эрчим хүчний төсөл юу байна гээд үзэхээр хамгийн том, боломжийн ашигтай нь Тавантолгойн ордыг түшиглэн баригдах цахилгаан станцын мега төсөл юм.
Энд нэр нь дурьдагдсан En+Group нь Жаст групптэй хамтран Тавантолгойн уурхайг эрчим хүчээр хангах төсөл хэрэгжүүлнэ гэж байсныг нь бодсон ч оросуудын сонирхох ¹1 төсөл нь яалт ч үгүй Тавантолгойн цахилгаан станц болж таарч байгаа юм.
Тавантолгойн цахилгаан станцын мега төсөлд ойролцоогоор тэрбум ам.доллар шаардлагатайгаас 30 хувь буюу 300-аад сая доллар нь хөрөнгө оруулах гэж байгаа компаниудын өөрийн хөрөнгөөр босно. Үлдсэн 700 сая долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгоно гэж төлөвлөж байгаа билээ.
Үүнээс үзвэл Оросын компаниуд 30 хувь дээр нь нэлээд том хувь оролцоотой болсон байж /саяын уулзалтын үр дүнд/ мэдэх нь.
Хөдөө аж ахуйн салбарт хамтрах эхлэл тавигджээ
Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны хүрээнд олон бизнес уулзалтууд болж өнгөрсөн. ОХУ-ын Газар тариалан, хөдөө аж ахуйн бодлогын зөвлөлийн орлогч, Алтайн хязгаарын хууль тогтоох байгууллагын гишүүн Сергей Белоусов ийм нэгэн уулзалтад оролцсон талаараа pnp.ru цахим сайтад ярилцлага өгчээ.
Түүний ярьснаас үзвэл, хоёр улс мал аж ахуйн чиглэлээр хамтарсан аж ахуйн нэгж байгуулах асуудлыг нухацтай хөндсөн байна. БНХАУ-ын ёроолгүй зах зээлийн хажууд оршдог ч сүүлийн үед ашиг гэж ярих бараг л боломжгүй болсон, мөн бэлчээрийн ихэнх нь элэгдсэн учир шинжлэх ухаан, технологийн тусламж хэрэгтэй байгаа гэдгээ манайхан учирлаж, энэ салбарт хууль эрхзүйн ямар зохицуулалт байдгийг сонирхож байсан гэж тэрбээр ярьсан байна.
Өмнө нь бэлчээрийн мал, махаа шууд ОХУ-д экспортолж байсан бол одоо мал сүргээ хамтарч өсгөөд хөрөнгө оруулсан хувь хэмжээгээрээ ашиг хүртэх асуудал болж хувирч байна.
Бэлчээр сэргээх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, фермерийн аж ахуйг хөгжүүлэх орос мэдлэг манай улсад орж ирснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, БНХАУ-ын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж нээгдэх юм. Хэрвээ энэ асуудал ажил хэрэг болбол хөрш зэргэлдээ ОХУ-ын Алтайн хязгаарын БНУ илүү өргөн хүрээтэй оролцох боломжтой гэдгийг С.Белоусов онцолжээ.
Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын энэ удаагийн хурлаар хөндөгдсөн асуудлуудын зах зухаас нь хөндөхөд ийм байна. Дараагийн хуралдаан ирах жил Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Х.Батсайхан
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: