Ухаалаг төрийн нууц
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр долоо хоногийн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” нэртэй үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Орон даяар телевизээр, бас шууд дамжуулсан энэ хэлэлцүүлгээр олон жилийн туршид төр засагт хуримтлагдсан ноцтой асуудлуудыг зоригтой хөндсөн нь монгол хүн бүрт нэгийг бодогдуулж, эх орны маргааш эрүүл саруул болно гэдэгт итгэл найдвар нэмсэн чухал үйл явдал боллоо.
Монголын төр засгийн үйл ажиллагааны алдаа, оноог ил шулуунаар дүгнэж, эдийн засгаа өсгөх, төрөө засахын тулд юуг, яагаад хийх ёстой тухай Ерөнхийлөгч содон, тод хэлбэрээр гаргаж тавилаа. Энэ өдөр хэлэлцэж ярьснаа монголчууд хэрэгжүүлж чадвал улсын хөгжил нэгэн эрэмбээр өсөх юм. Гагцхүү төр засаг өөрийгөө тэгж өөрчилж чадах эсэх, бий болсон олон асуудлыг хэн, яаж, ямар дарааллаар хэрэгжүүлэх нь Монголын төр засгийн өмнө тулгараад буй хамгийн том сорилт юм.
УХААЛАГ ТӨР
Монголд “төр бүхэнд оролцож, бүхнийг шийдэх ёстой; хууль хариуцлага яахав, аргалж болно; албан тушаалд очсон бол хүссэнээ гүйцэлдүүлж болно; туршлага байхад судалгаа, онол хэрэггүй; сонгуулийн хөтөлбөр сонгогчдод л таалагдах хэрэгтэй; төр өмч эзэмшиж, аж ахуй эрхлэхгүй бол бусад нь завшина; шийдвэр гарч, өдөр өнгөрч байвал маргааш яахав” гэсэн буруу үзэл бодол ноёрхох болсныг Ерөнхийлөгч дэлгэж, улс төрчид зөвхөн сонгуулийн үед сонгогчдоо, бусад үед өөрийгөө бодож байгааг эрс шүүмжлэв.
Монголын данхар төрийн өнөөгийн бодит байдлыг Ерөнхийлөгч маш сайн дүрсэлсэн боловч бий болгосон гол шалтгааныг гаргаж өгсөнгүй. Өвчтөний одоогийн байдлыг зөв тодорхойлохоос гадна оношийг нь зөв тавьж, улмаар суурь шалтгааныг нь илрүүлж арилгаж л эмчилдэг.
Ерөнхийлөгч мөн ухаалаг төрийг “чадвартай хүн, технологийн дэвшил, судалгаа, хууль журмын цогц” гэж тодорхойлов. Харин эдгээр хүчин зүйлийн аль нь анхдагч, алийг нь эхэлж өөрчлөх тухай ялгаж хэлсэн бол Монголын төрийн засаглалыг шинэчлэхэд харьцангуй хурдан болох юм. Дээрх хоёр асуудлын хариу ганцхан бөгөөд энэ бол өнөөгийн Монголын төрд нүүрлэсэн манлайллын хямрал болоод байна.
Үндсэн хуулиар төр бол хууль тогтоогч, гүйцэтгэгч болон шүүх засаглалаас бүрдэнэ. Энэ гурван засаглал ялгаатай, харилцан бие биенээ хянаж залруулдаг байх учиртай. Сайн, ухаалаг төртэй болохын тулд сайн, ухаалаг хүмүүс төр засгийн удирдлагад гарах ёстой. Үндсэн хууль ямар ч сайн байсан, төр засгийн удирдлага нь ажилдаа тэнцэхгүй, удирдагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол улс орон унаж дампуурдаг, ард иргэд нь эсэргүүцэн босож, үймээн самуун өрнөж, төр нь солигдож, заримдаа хувьсгал болдог.
Сайн төр сайн хүнээс эхэлдэг. Ухаалаг хүнгүйгээр ухаалаг төрийг төсөөлөхөд хэцүү. Тэгвэл Монгол Улсын хамгийн шилдэг авьяас, чадвартай хүмүүс улс орны удирдлагад багтаж байна уу? Яагаад? Монгол Улсын төрийн сайдыг ямар шалгуураар томилж байна вэ? Улс төрийн намуудаас сонгуульд сойж буй нэр дэвшигчдийн жагсаалтад манлайлагчийн ямар ямар шинж чанарыг өөртөө шингээсэн хүнийг оруулж байгаа вэ? Ер нь ямар зан авиртай, мэдлэг чадвартай хүн Монгол Улсын төр засагт байна вэ?
Манай улсад төрийн байгууламжийн системийг бэхжүүлэх хэрэгтэй.
Гэхдээ хамгийн сайн систем бий болгосон ч тэдгээрийг удирдан авч явах манлайлагч (leaders) шаардлагатай. Бусдаас өндөрт гарч, байдлыг бүхэлд нь харж чаддаг, тэгсэн мөртөө хэсэг тус бүрийн онцлогийг бас сайн ялгадаг удирдагчийг анх “Royal Dutch Shell” компанид нисдэг тэрэгний хараатай удирдагч (helicopter quality) гэж нэрлэжээ.
Үнэхээр нисдэг тэрэгний удирдагчийг олж сонгохын тулд бодит байдлыг мэдрэх чадвар, төсөөлөх авьяас, манлайлагч чанар, эрч хүчийг нь сайн шалгаж, тогтоосон байх ёстой. Сайн удирдагч мэдлэгээс гадна түүнийг хэрэгжүүлэх чадвартай, ам, ажил хоёр нь нэгдмэл, ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг хүн байх учиртай. Удирдагчийн зан авир, ялангуяа жинхэнэ хүсэл зорилго нь юу болохыг (мotivation) танин мэдэхгүй бол их ухаантай хүн нийгэмд их хохирол учруулж ч чаддаг.
САЙДЫН ЧАДВАР БА ЦАЛИН УРАМШУУЛАЛ
Нисдэг тэрэгний удирдагч хүнийг олж сонгож авдаг, сургаж бэлддэг, их бага асуудал дээр ажиллуулж том албан тушаалд сойдог системийг өндөр хөгжилтэй орнуудад, ялангуяа Японд бий болгожээ. Социализмын үед ийм систем Монголд хүртэл байсан. Удирдагч хүний оюуны, биеийн болон ухааны сахилга бат өндөр, хүнд хэцүү нөхцөлд сандардаггүй, хамгийн оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх ёстой.
Монголын төрийн удирдлагын чадварыг энэ өнцгөөс харвал яагаад манай төр том, ухаалаг биш байгааг амархан ойлгож болно. Өнөөдөр Монголын төрийн мэргэшсэн албан хаагчдыг танил тал, нутаг нугын хэмжээсээр сонгож, амьдрал, мэргэжлийн туршлагагүй хүмүүсээр бүрдүүлсээр олон төрийн нүүр үзлээ. Энэ бол сайд нь бүрэн хариуцлага хүлээх ёстой үйлдлүүд. Авьяас чадварт суурилсан нийтийн албыг бүрдүүлэх ажил цааснаас цааш явахгүй байна. Өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нараас дөрвийг нь Авлигатай тэмцэх газар шалгаж байна. Монголын төрд Монголын шилдэг хүмүүс ажиллах ёстой биш үү.
Мэдлэг, чадвартай удирдагчийг сонгон олж, бэлтгэж томилсны дараа түүнийг тогтвортой, үр бүтээлтэй ажиллуулах нэг чухал нөхцөл бол цалин урамшуулал нь юм. Сайдын цалин, урамшууллыг зарим оронд маш ухаалаг цалингийн сүлжээгээр зохицуулдаг бол, зарим оронд хувийн хэвшлийн жишгээр тогтоодог. Жишээ нь, Сингапурт 1995 оноос сайдын цалинг банк, үйлдвэр, нягтлан бодох, инженеринг, хууль болон үндэстэн дамжсан корпорациудын гүйцэтгэх захирлын аль өндөртэй нь дүйцүүлж тогтоодог болжээ.
Ухаалаг төрийн нууц бол ухаалаг удирдагчид. Монгол Улсын төр засгийн нэгж, гол байгууллагуудыг ухаалаг удирдагч авч яваа эсэхийг нягтлан үзэх, өөрчлөх ажлыг эхлүүлэх цаг болжээ. Удирдах албан тушаал дээр аль нэг намын гишүүн гэхээсээ илүү олон өөр том том шалгуур байх ёстойг дээр харлаа. Төрийн сайд үнэхээр ухаалаг удирдагч байж чадаж байгаа бол юуны гишүүн байх нь уг нь гол асуудал биш.
Сайд болон бусад удирдах ажилтны ажил үүргийн тодорхойлолт, ажлын байрны шаардлагыг шинэчилж, тохирсон боловсон хүчнийг сонгон шалгаруулдаг, сургаж бэлддэг, ажлыг нь дүгнэж шалгадаг, цалин урамшууллын зохистой системийг бий болгохоос том төрөөс ухаалаг төр лүү шилжих ажил эхлэх ёстой. Үгүй бол ганц хоёр ажлын хэсэг энд тэнд байгуулж, төлөвлөгөө гарган, янз бүрийн тайлан бичихээс хэтрэхгүй байх аа.
Ямар ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд том төрөөс ухаалаг төр лүү шилжих төрийн захиргааны шинэтгэлийн үр дүнгээс хамаарах болчихлоо. Түүхэн хүлээлтийн цагийн зүү цохиж эхэллээ…
http://jargaldefacto.com/
URL: