ИНЕГ-ын дарга С.Буяндалайгийн суудал ганхав уу
Сүүлийн хэдэн сар Иргэний нисэхийн салбарыг тойрсон “аймаар” мэдээлэл тасрахаа болив.
ИНЕГ-ын дарга С.Буяндалай энэ ажлыг авснаасаа хойш 70 хүнийг ажлаас халж, 100 гаруй хүнийг ажилд авсан гэнэ. Авсан, халсан хүмүүс нь нэр устайгаа сонинуудын нүүр дүүрэн жагссан байх юм.
Түүнчлэн онгоц буух гэж байхад нисэх зурвас дээгүүр нь цэвэрлэгээний машин “гүйж” явсан. Дараахан нь Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн онгоц буух гэтэл үйлчилгээний фургон зурвас дээгүүр нь давхиж явсан. Сар шахмын өмнө дөө, Канадын амбан захирагчийн хөлөглөж ирсэн Боинг-767 онгоцыг “Чингис хаан” нисэх буудлын хоолойд холбогдоод байтал ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны онгоц халаагч “МП” маркийн машины банкнаас их хэмжээний бензин асгарч гал гарах шахсан гэж байгаа.
ИНЕГ-ын ажилтнаас өгсөн гэх иймэрхүү 10 хол давсан мэдээлэл цахим хуудсууд хийгээд цаасан сонинуудаар дүүрэн байна. Харин тус газрын дарга үүнийг огт тоохгүй байна гэсэн яриаг зарим хэвлэлээр өгчээ. “Хов живтэй зууралдах зав алга” гэж тайлбарласан байх юм.
Иргэний нисэх бол улсын онцгой салбар. Иргэний нисэхэд алдаа гарах учиргүй. Алдаа бүр нь хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлж байдаг маш хариуцлагатай салбар. Энэ утгаараа иргэний нисэхийн ажил танд ч, надад ч хамаатай. Гэтэл барим тавим баримт бүхий ноцтой олон явдлыг “Хов жив” гэж нэрлээд сууж буй дарга гэж байх уу.
Мөн саяхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ИНЕГ-ын дансыг хаасан байна. Учир нь 2010 оноос хойш баригдаж буй “Нисэхийн хөдөлгөөний төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэгчид төсөвлөсөн мөнгийг олгоогүй ажээ. Тиймээс гүйцэтгэгч компани нь шүүхэд хандсан байна. Өдийд түлхүүрийг нь гардчих байсан ажил С.Буяндалайг ажил авснаас хойш нам зогссон гэнэ.
Түүнчлэн энэ салбарт жилд 40 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөгдсөн байдаг аж. Гэтэл энэ жилийн хувьд дээрх барилгын асуудал зэргээс шалтгаалан С.Буяндалайгийн салбарын сайдтайгаа байгуулсан Үр дүнгийн гэрээ хангалтгүй гэсэн үнэлгээ авах нь тодорхой болоод байгаа ажээ.
С.Буяндалайгийн талаар өдий төдий мэдээ, мэдээлэл өөрийнх нь хариулт сэлттэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа нийтлэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл хариу, тайлбар өгсөн дарга алга. Бас арга хэмжээ авна, шалгана гэх хүн ч гарч ирсэнгүй. Тэгэхээр улс төрийн томилгоо, савлагааны дүрэм ёсоор ИНЕГ-ын дарга С.Буяндалайгийн суудал ганхав уу гэж ойлгогдохоор байна.
Б.Дамдин
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: