“Гал үндэстэн” холбооны гишүүдэд холбогдох хэргийг терроризмын гэмт хэрэг гэж үзжээ

8025fcab7d555ce5bigМонгол улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн хуралдаан болж, дэлхийн терроризмын гэмт хэргийн чиг хандлага өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн хэрэг мөрдөлтийн явцын талаар хэлэлцэв.

Тухайлбал, өнгөрөгч 9 дүгээр сард “Гал үндэстэн” холбооны найман гишүүн, төрийн тусгай хамгаалалтын газарт галт зэвсэг хэрэглэж, улмаар тодорхой газруудад тэсрэх бодис байрлуулсан хэргийг ТЕГ-т шалгаж  дуусчээ. Шалгалтын явцад “Гал үндэстэн” холбооны гишүүн Ц.Мөнхбаяр нь байлдааны зориулалттай 20 ширхэг тэсрэх бөмбөгийг М.Мөнхболд гэх иргэнээс нэг бүрийг 60 мянган төгрөгөөр худалдан авсан ба тэсрэх бөмбөгийг худалдсан этгээд нь Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас авчээ.

Мөн хэргийн явцад иргэдээс 67 сая төгрөгийг айлган сүрдүүлэх замаар олж авсан ба тус хөрөнгийг буу зэвсэгт зарцуулсан нь тогтоогдсон. Хэргийн баримтаар СКС болон Сайга, РГДФ 1 загварын буу, 9 ширхэг тэсрэх бөмбөгийг хураан авсан бөгөөд хэрэг мөрдөлт дуусч, тус хэргийн  зүйл ангийг өөрчлөн, терроризмын гэмт хэрэг гэж үзэн Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлсэн хэмээн мэдээлэв. Энэхүү зүйл ангиар өмнө нь ямар нэг хэрэг шийдэгдэж байгаагүй бөгөөд хэргийг шүүх шатны байгууллага эцэслэн шийдэх юм.

Манай улсын хувьд, УИХ-аас 2004 онд Терроризмтой тэмцэх хууль батлан гаргасан ба үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Зөвлөл байгуулагджээ. Тус зөвлөл нь  Тагнуулын ерөнхий газрын даргаар ахлуулсан агентлагийн болон газрын дарга зэрэг 16 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй, олон улсад үйлдэгдэж буй терроризмын гэмт хэргийг судалж арга зүйг нягтлан, Монгол улсад терроризмын гэмт хэрэг гаргахгүй байхын төлөө урьдчилан сэргийлж ажилладаг аж.

Терроризм гэдэг нь хувьссан хэлбэртэй ба олон нийтийн тогтсон үзлийг өөрчлөх, улс орны засаг захиргаа  цэргийн бодлогод нөлөөлөх зорилгоор, зохион байгуулалттайгаар  энгийн иргэдийг хөнөөхийг  хэлдэг аж. Олон улсын нийгэмлэгээс тухайн улсын  эдийн засгийн чадамж, хүн амын амьжиргааны төвшин, хуулийн хэрэгжилт,  хүний эрхийн нөхцөл байдал, төрийн үйлчилгээний чанар зэргээс хамааран терроризмд өртөж болзошгүй орнуудыг тодорхойлдог бөгөөд  манай улс энэ үзүүлэлтэд багтдаг аж.

 

Б.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих