Өнөөдөр Бурхан багшийн их дүйцэн өдөр
Бурхан багшийн дүйцэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бурхан багш Донб Шагж Төв нь эхийн хэвлийд оршсон хийгээд Ялж төгс нөгцөж төгс гэгээрэлд хүрсэн, насан өндөрийг зооглон нирваан дүринг үзүүлсэн гурван гол үйл давхацдаг билээ. Тиймд бурханы Шашинтан хүмүүн энэ өдрийг их дүйцэн хэмээн нэрийдэж бултаараа цуглаж буяныг үйлдэн нүгэл хэлэнцийг тэвчин иржээ.
Дүйцэн өдөр үйлдсэн буян тум бум үрждэг бөгөөд олноороо цуглаж буян үйлдвээс тоолошгүй их буян болно гэж үзээд сүм хийдээр цуглаж буян номыг хичээнгүйлэн үйлдэж лам хуваргууд сургааль ном айлдаж сүсэгтэн олон маань ерөөлийг хөгжийж махан хоолыг цээрлэж цагаан хоол тэргүүтнийг зооголдог уламжлал буддын шашинтай улс орнуудад бий. Мөн энэ өдөр зул өргөх дээдийн дээд буян байдаг. Зул өргөнө гэдэг тухайн улс орныхоо ёс заншил, ахуйн хэрэглээнээс шалтгаалаад өөр өөр байдаг ч утга мөн чанар нь ижил аж. Зул өргөснөөрөө хүний дотоод ертөнц саруулсаж мөн чанар нь тэлдэг гэж үздэг. Мөн зулын гал хүний билэг оюун, цөгц нь бие эрхтэнийг бэлэгддэг.
Тайландын ард түмэн бурхан багшийн дүйцэн өдрөөр гэрэлт зул өргөдөг заншилтай бөгөөд үндэсний ёслол нь болжээ. Ингэснээр олноороо нийлж үйлдсэн буян бум түм үрждэг гэсэн бурхан багшийн сургааль биелж байгаа юм байна. Тиймээс манайд дөрвөн жилийн өмнөөс гэрэл зул өргөх ёслол үйлдэж ирсэн. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд гэрэлт зл өргөх ёслол болно. Дашрамд сонирхуулахад, Тува улсын нийслэл Кызыл хотын өвөрмөц нэгэн бэлэг тэмдэгээр удахгүй Буддын бурхан босох нь. Нийслэл хотын дэргэдэх Догээ уулын орой дээр Шакьямуни бурхан залрах ажээ.
Энэхүү сэрэг дүр нь Орос улсын Буддийн шашны хамгийн том баримал болох бөгөөд Буддын шашны Төв Гандантэгчинлэн хийдийн Мэгзэд Жанрайсэг бурханаас нэг метр хагасын намхан юм. Мэгзэд Жанрайсэг бурхан өндрөөрөө 26, 5 метр бол Тувагийн нийслэл орчимд 25 метр Шакьямуни бурхан байгуулахаар анх гурван жилийн өмнө тувагийн “Цеченлинг” хийдийн хамба лам Буян Башкы санаачилсан ажээ. Энэхүү бурханыг бүтээхэд шаардлагатай хөрөнгөний тал хувийг цуглуулж чаджээ. Мөнгийг данс руу шилжүүлж, оюутан, сэхээтэн, тэтгэврийн хүмүүс болон түшмэлүүд өөрсдийн хандивыг хийдэд авчирж өргөдөг аж.
Зарим нь бүр барилгын материалаар хүртэл хандив өргөжээ. Будда бурханы энэхүү цогцолбор нь Догээ ууланд буюу далайн түвшинээс 2000 метрийн өндөрт байх юм. Ингэхдээ тэр нь Тувагийн нийслэлийн аль ч цэгээс харагдах боломжтой юм. Үүний тулд 600-700 метрийн урт шат барих шаардлагатай юм. Мөн энд жижигхэн дугана барихыг зорьж байна. Энэхүү төслийг XIV Далай лам адислажээ. Бурхан багшийн баримлыг зэс, гуулиар цутгаж Ростов мужийн Волгодонск хотод бүтээх юм. Уг баримлын жижиг макетыг нь бэлэн болгоод байгаа юм.
URL: