Дорнод, Говь-Алтайд “дайн” болж байна, Ерөнхий сайд аа

dornod_gobialtai-middleУИХ, орон нутгийн сонгууль болоод бараг хоёр жилийн хугацаа өнгөрчихсөн. Гэсэн ч өнөөдрийг хүртэл аймаг, орон нутагт сонгуулиас үүдсэн маргаан мэтгэлцээн дууссангүй. Хөдөө орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч, албан тушаалаа булаацалдсан хэсэг бүлгээс болж олон ч аймаг эзэнгүй, иргэд нь “хариулгагүй мал” шиг болчихсон нь нууц биш.

Их холын жишээ ч хэрэггүй. Өнөөдөр Увсын иргэд талцан хуваагдаж Улаанбаатарт ирж ажлаа алдаж байгаа нь өнөөх л суудлын төлөө үхэн хатан тэмцэлдэж байгаа улстөрчдийн балаг.

Үүнээс гадна аймгийн Засаг даргынхаа барааг олж хараагүй, 2012 оны сонголтоо баталгаажуулж чадаагүй аймгууд эрх баригчдаас өдөр шөнөгүй даргаа нэхэх ч асуудлыг нь шийдэхгүй бантан хутгаж, аймаг сумынх нь хувь заяагаар наадсаар хоёр жилийг үджээ.

Үүний хамгийн тод жишээ бол Дорнод аймаг. Орон нутагт ялалт байгуулж эрх барих эрхийг нь авсан МАН-ынхан Засаг даргаа томилж чадахгүй явсаар ирэх оны төсвийг хэлэлцэх цаг үед тулсан байна. Тус аймгийн ИТХ өчигдөр хуралдаж, хоёр асуудлаа хэлэлцэх байсан аж.

Ирэх оны аймгийнхаа төсөв, мөн бүтэн жил гаруйн хугацаанд яригдаж байгаа Засаг даргын суудалд хэн суух талаархи асуудал. Энэ суудалд хүнээ томилох эрхийг авсан МАН-ын бүлэг уржигдар хуралдаж, өөрсдийнхөө зүгээс Дорнод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг нэр дэвшүүлэхээр ярьж байжээ.

Гэтэл аймгийнх нь цагдаагийн хэлтсээс баривчлах тушаал ирж, хотоос ирсэн хүчнийхэн хавсран байж хурал дээрээс нь Засаг даргад нэр дэвшигчийг баривчилсан талаархи мэдээллийг эх сурвалж өглөө.

П.Мөнхтөрийг мөн л авлигын хэрэгт холбогдуулан шалгах бололтой. Гэхдээ асуудал их сонин. Учир нь өмнө нь баривчлах хугацаа хангалттай байхад яг ИТХ хуралдах өдөр түүнийг хурал дээрээ байхад нь ирж баривчилсан нь тун холоос шидсэн чулуу гэдэг нь илт.

Яагаад гэвэл Дорнод аймаг дахь ИТХ-ын суудлын харьцаа нь МАН 18, АН 17. Тэгэхээр МАН нэг хүний саналаар П.Мөнхтөрийг Засаг даргад тавих нь тодорхой байсан учраас ийн арга сэджээ. Асуудлыг цааш нь нарийвчлан хөндвөл бүүр ч “заваан” зүйл харагдана.

Хуц ухна тавьчихсан аятай Дорнодод “дархлагдсан” хүн бол тус аймгийн Засаг дарга Ц.Жанлав. Энэ хүнийг МАН-ын хүн гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ эдгээр өрнөж байгаа үйл явдлаас харахад Ц.Жанлав нь эрх баригчдын буюу АН-д үйлчилж намаа жийгээд байна уу гэмээр үйл явдлууд ар, араасаа өрнөх болжээ.

Тэрбээр, ирэх оны төсвөө хэлэлцэх хугацаа дөхчихсөн байхад ИТХ-даа төсвийн төслөө ч өргөн мэдүүлээгүй аж. Тэр ч бүү хэл Засаг даргын орлогчоороо Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг гэх эмэгтэйг авч ажиллуулж эхэлжээ. Ингэхээр тэрбээр намынхаа эсрэг ажиллаж эхэлсэн гэсэн үг.

Суудалдаа сууж үлдэхийн тулд үнэнч зүтгэж ирсэн журмын нөхдөөрөө туг тахихаар АН-ынхантай тохироо хийсэн бололтой. Өөр нэг шалтгаан гэвэл МАН-ынхан Дорнодод ялалт байгуулаад Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн. Гэсэн ч Ерөнхий сайд энэ асуудлыг удаа дараа хойшлуулж, эсэргүүцсээр МАН-д дараагийн хүнээ өргөн барь гэх шаардлага тавьсан.

МАН ч хүсэлтийг нь хүлээн авч, дараагийн боломжтой гэж үзсэн хүн болох П.Мөнхтөрийг оруулж ирсэн ч мөн л хүчний байгууллагатай нийлээд хорьчихжээ. Дорнодод юм, юм л болж байна. Энэ байдлаараа тэд энэ жилдээ л лавтай хурлаа хуралдуулж, төсвөө хэлэлцэж чадахгүй дампуурч, улс төрийн намуудын золиосонд ард түмэн нь сүйдсээр ирэх сонгуультай золгох бололтой.

Яг энэ аймагтай адилхан бантан зуураад сууж байгаа аймаг бол Говь-Алтай. Энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт дахин сонгууль явуулах шийдвэрийг аймгийн Сонгуулийн тойргийн хорооноос гаргажээ. Учир нь Улсын дээд шүүхээс энэ аймгийн ИТХ-ын 17 суудлыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасантай холбоотой.

Гэтэл үүнтэй зэрэгцэн шинээр бүрэлдсэн ИТХ-ын үйл ажиллагааг хүчингүй болсон гэж үзсэн өмнөх буюу 2008 онд байгуулагдсан ИТХ-ынхан бүрэн эрхээ сэргээн хэрэгжүүлэхээр хуралдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны ИТХ-ын гишүүд нь бус н.Эрдэнэбат гэх даргатай байсан 2008 оны ИТХ-ын гишүүд нь ирэх оны төсвийн төслөө хэлэлцээд сууж байгаа гэнэ.

Ёстой л завхрал гэж энийг л хэлдэг байх. ИТХ-ын хүчинтэй хугацаа нь хуулиараа бол дөрвөн жил. Тэгэхээр 2008 онд бүрдсэн ИТХ-ынхан аймгийнхаа төсвийг хэлэлцээд сууж байх ямар ч хууль эрхзүйн орчин тэнд бүрдээгүй. н.Эрдэнэбат гэж нөхөр ийн дураараа дургих болсон шалтгаан нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнбилэг гэж нөхрийн хутгасан бантангаас болсон аж.

Улсын дээд шүүх Говь-Алтайн асуудлыг хэлэлцээд 35 суудлын 17 нь хүчингүй гэх шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэрийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нэг өөр, Ч.Сайнбилэг гэх дарга бас нэг өөр албан бичгийг Говь-Алтай руу “нисгэжээ”.

А.Бакей нь 18 суудал нь хүчинтэй учир энэ ИТХ-ын үйл ажиллагаа хүчин төгөлдөр гэх утгатай албан бичгийг илгээсэн бол, Ч.Сайнбилэг нь хүчингүй гэх бичиг үйлдэж “нисгэжээ”. Ч.Сайнбилэгийн бичгийг барьсан хуучин ИТХ-ын дарга нь тэнд үймээн самуун дэгдээж яваа нь тэр.

Говь-Алтайн бүх асуудал ер нь маапаантай. Дахин сонгууль зарлах шийдвэр нь ч хууль бус. Хуулиараа бол дахин сонгууль болох товыг аймгийн сонгуулийн тойргийн хороо бус СЕХ албан ёсоор гаргаж, УИХ-д өргөн мэдүүлдэг. Үүний дараа Улсын төсөвт дахин сонгуульд зарцуулах мөнгийг тусгаж, шийдвэр гарснаар сонгуулийн тов зарлагдах учиртай юм.

Гэтэл Алтайд аймгийнх нь тойргийн хороо дур мэдэн тов зарлаж, дахин сонгуульд зарцуулах 160 гаруй сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргахаар улайрч эхэлжээ. Энэ “адын хүслээ” гүйцээхэд нь н.Эрдэнэбатын нөлөө их хэрэгтэй.

Тиймдээ ч сонгуульд ялагдчихсан нөхөр аймгийнхаа ИТХ-ыг бужигнуулж, дахин сонгууль болчихвол өөрөө гараад ирчих санаатай энэ мэт хор найруулж яваа юм байна.

Хуулийн дагуу асуудлаа ярих болвол 2014 оны төсвийг хэлэлцэхдээ Говь-Алтайн дахин сонгуульд зарцуулах мөнгө гэж тусгагдаагүй, тэгээд ч СЕХ-оос албан ёсоор шийдвэр гаргаагүй учраас энэ удаагийн товлогдоод байгаа сонгуульд төсөвт тодотгол хийх хүртэл, эсвэл ирэх жилийн төсөв хэлэлцэх хүртэл ч хойшлох боломжтой.

Тэгэхээр Говь-Алтай, Дорнодын маргаан дахин нэг жил үргэлжлэх нь тодорхой боллоо. Мөн яг ийм эгзэгтэй үед Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Ш.Амгаланбаярыг мөн л АТГ-аас дуудаж ирүүлсэн бөгөөд ямар шалтгаанаар байцааж байгаа нь тодорхойгүй одоог хүртэл саатуулсаар байгаа аж.

Даргыг нь эзгүй хойгуур МАН-ын гишүүдийг нь шантаажилж, төсвөө өөрсөддөө ашигтай шийдэж, хууль бус үйлдлүүд хийх гэж санаархаж яваа эдгээр хурган дарга нарт ямар хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа. Эсвэл энэ мэт завхарсан заваарсан үйлдлийг нь өөгшүүлж, улс төрийн намууд ард түмнээ хохироосоор байх уу.

Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг. МАН, АН-ын аль аль нь энэ асуудалд эцсийн дүндээ буруутай. Хурган даргынхаа суудлын төлөө биш энэ хоёр аймгийн иргэдийн төлөө ИТХ-аа хуралдуулж, Засаг даргыг нь хурдхан томилохыг ард түмэн шаардаж байна.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих