Утааны буруутан №1: Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат
Гадна хаалга нээхэд л хоолой хорсож, нүд загатнаж байна. Уул нь манай хороолол бараг утаагүй, амар амгалан газар юмсан. Сүүлийн хоёр өвөл ийм утаатай болчихлоо. Тэгэхэд, нийслэлийн утаанд умбаж байдаг газрууд ямар аймшигтай байгаа нь ойлгомжтой. Ийм байхад, эрхэм дээдэс Улаанбаатарын утаа буурсан, 30 хувь буурсан” гэж тархи угаагаад байдаг, болж байгаа юмуу. Монголын статистик ч гэж дээ, Засгийн газрын аманд ороо шив дээ. Цалин тэтгэврийг ганц ч мөнгөөр нэмээгүй хэрнээ дундаж цалин гэнэтхэн 900 мянган төгрөг болчихсон гэнэ.
Ийм статистикт итгэхийн арга байна уу.Жил болгон олон тэрбум төгрөг зарж, “Утаагүй түлш” “Утаагүй зуух” “Гэрийн дулаалга” гэхчилэн үлгэр ярьсаар атал, хотын утаа улам ихсээд байгаагийн гол буруутан нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын олонхийн бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хоёр гэхэд хүмүүс бараг итгэнэ дээ. Энэ хүмүүс сүүлийн хоёр өвөл Багануурын хамгийн их утаатай, үнстэй, илчлэг султай нүүрсийг нийслэл хотдоо шахаж, хямдруулсан нүүрсээр хангаж “Бурхны дүр”-д тодорлоо. Ерөнхий сайд маань нүүрсний газар оччихсон, ажлын хувцастай, нүүрс савлалцаад л.
Яаж ингэж жүжиглэж чадаж байна аа! Д.Эрдэнэбат гэж хүнийг манай- хан мэднэ дээ. Багануурт өчнөөн олон хувийн компани, аж ахуйтай, Монголын чинээлгүүдийн нэг. Ха рам- салтай нь тэндээс УИХ-д нэр дэвшээд унаад өгдөг юм. Тэр нутгийнхан нь Д.Эрдэнэбатыг хэн бэ гэдгийг мэдэх болохоор л унагаачихдаг байх. Шударга өрсөлдөөд гарч чадахгүй болохоороо 2012 оны сонгуульд, намын жагсаалтаар нэр дэвшигчид гэдгийн 5-д нэрээ зоочихож байгаад гараад ирсэн.
Энэ хүнийг УИХ-д өндөр эрх мэдэл эдлээд, тийм сайн хууль санаачилж, сайн үйлс бүтээчихлээ гэдгийг нь хүмүүс төдийлөн олж харахгүй байгаа гэдэг юм. Харин Багануурынхаа хамгийн хортой, утаатай нүүрсийг гэр хорооллынхонд шахаж байгааг бол харж байна. Багануурын нүүрс яагаад хамгийн их хортой, утаатай нүүрс гэдгийг лабораторийн шинжилгээ, мэргэжлийн хүмүүсийн судалгаанаас харвал илүү ойлгомжтой. Миний өмнө Монголд байгаа бүх уурхайнуудын нүүрсийг үнслэг, чийглэг, утаа, илчлэг гэсэн дөрвөн үзүүлэлтээр гаргасан лабораторийн шинжилгээ байна. Үүнээс гуравхныг нь авья.
Тавантолгойн үнслэг нь найман хувь, чийглэг нь 30 хувь, утаа есөн хувь, илчлэг (ккал/кг) 8000-12000. Налайх үнслэг нь 10 хувь, чийглэг нь 34 хувь, утаа 30 хувь, илчлэг нь 3600-3800. Багануур үнслэг нь 10,6 хувь, чийглэг нь 37,5 хувь, утаа нь 36,5 хувь, илчлэг нь 3000-3400 гэсэн байна. Багануурын нүүрсний зөвхөн утаа нь, бидний хятадуудад хямдхаан өгөөд байгаа нүүрснийхээс дөрөв дахин их байгаа юм шүү дээ. Үүнийг харахаар манай эрх баригчид “Хятадуудын маань уушиг л цэвэр ариун байвал монголчууд энэ утаатай, хортой нүүрсэнд утуулаад үхвэл үхэж л байг” гэсэн юм шиг! Энд бас нэг ноцтой зүйл бий. Алтанхуягийнхан Багануурын их уурхайн нүүрснээс долоон дор Гүн Галуутайн хаягдал нүүрсийг авчраад ч шахаж байж магадгүй гэх хүмүүс байна. Би очиж үзээгүй л дээ.
Энэ бол хүмүүсийн таамаг яриа. Гүн Галуутай гэдэг маань Багануурын дэргэд анх ухаж байсан уурхай. Багануурын их уурхайгаас баруун тийш 35 км орчимд оршдог. Нуурын, ус намагтай холилдоод орхигдсон газар. Эндхийн нүүрсийг зуны цагт уснаас нь шүүж гарган хатаагаад өвөл ашигладаг явдал байсан. Нүүрс ч гэж дээ, шавар намагтай холилдсон хачин юм байдаг. Аргагүйн эрхэнд түлдэг хүмүүс бий гэх. Энэ нүүрсний хувьд утаа асар их, илчлэг нь 2800 орчим ккал/кг. Эрхэм дээдэс маань бидэндээ арай ч үүнийг шахаагүй байх хэмээн би дотроо залбирч сууна. Багануурын уурхайн нүүрс бол нийслэлийн ТЭЦ-үүдэд зориулагдсан нүүрс.
Арай сайн нүүрстэй Налайхыг нь хаачихаад Багануурын нүүрсийг шахахаар ядарсан ард түмэн авахаас өөр аргагүй болж байгаа юм. Нийслэлийг утаанаас салгахын тулд мөн ч олон төсөл хөтөлбөр гарсан даа. Эрх баригчид болохоор утааг далимдуулаад танил тал, хамаатан садандаа мөнгийг тэрбум тэрбумаар нь унагаахын тулд хамгийн явц муутайг нь шүүрч авдаг. Хар даа, өчнөөн тэрбум төгрөгийн төсөв хөрөнгөтэй шахмал түлшний үйлдвэр хаачив. Худлаа шүү дээ. Бидний татварын хэдээр ч тоглох шиг л болох юм даа.
“Хүрд” компани Канадын утаагүй зуух оруулж ирнэ гэж олон тэрбум төгрөг авсан гэнэ. Энэ компани болон “Цэвэр агаар” сангийн булхай илэрч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Зуух дэлбэрэн хоёр айлын голомтыг самран, хоёр хүн харамсалтайгаар нас барлаа. Хохирогчид, талийгаачдынхаа амийг “Хүрд” компанийн удирдлагаас нэхнэ гэж байгаа нь яах аргагүй зөв. Ер нь, жилийн жилд утаагүй зуух, утаагүй түлш нийлүүлнэ гэж улсаас олон тэрбум төгрөг авсан компаниуд цөөн хэдэн айлд Эрээний зуух, “хулхи” түлш нийлүүлсэн болоод, жинхэнэ Канад зуухаа зах дээр дамлаад байгаа биш байгаа даа гэсэн хардлага төрөх боллоо. Зах дээр тэр зуухыг эгнүүлээд тавьчихсан худалдаж байна билээ.
Засгийн газар, хотын удирдлага, хууль хяналтын байгууллагууд жилд утаа бууруулна гэж олон тэрбум төгрөг авч байгаа компаниудаа нарийвчлан шалгаж гэм буруутанд арга хэмжээ авмаар байна шүү дээ. Тэднийг хаацайлдаг, магадгүй хөрөнгө орлогыг нь хуваалцаж ял зэмээс авардаг цагдаа хуулийнхан ч байж ядашгүй хэмээн олон түмний яриад байгаа зүйлийг нягталсан ч буруудахгүй. Миний танилцсан төслүүдээс хамгийн үр өгөөжтэй нь цахилгааны инженер, энэ хэдэн ТЭЦ-ын нүүрстэй насаараа ноцолдсон Д.Рэнцэндоржийн төслийг гэж би боддог юм. Энэ хүн, хотын утааг гуравхан сарын дотор 50-60 хувь бууруулах төсөл санаачилсан. Энэ нь хотын бүх гэр хорооллыг Тавантолгойн коксжсон нүүрсээр хангах төсөл. Өнөөх есхөн хувийн утаатай, 8000-12000 ккал/кг – ын илчлэгтэй нүүрсээр хангах төсөл.
Тавантолгой гэдэг маань, коксжсон нүүрсээ биднээс харамлаад урагшаа л гаргаад байгаа. Зуу гаруй тоннын хэдэн зуун машинаар вагон шиг урт цуваа урагшаа гарч байна. Эхлээд нэг тонныг нь найман ам.доллараар гаргаж байгаа сураг байсан. Учир мэдэх хүмүүс хэл ам хийж байж 70 ам.доллар болгосон. Өнөөгийн Засгийн газар 50 ам.доллар болгочихов уу даа. Хятадууд бас цамаан. Манай нүүрсийг хямдхан авахын зэрэгцээ их голж сонгодог гэнэ. Хөрс, нүүрс хоёрын завсарт бага зэргийн шавар чулуу холилдсон завсрын үе байдаг л даа. Түүнийг авахгүй гээд хөрс хуулалтыг 1,5 -2 метрийн гүнд хүргэдэг гэх.
Тэр гологдмол нүүрс нэлдээ шатаж байгааг телевизээр харуулдаг. Инженер Д.Рэнцэндорж бол, жинхэнэ сайн чанарын нүүрсийг нь монголчууд түлэх хувь заяагүй юм бол, тэр хөрс хуулалтаар гарч ирээд эзэнгүй шатаж байгаа нүүрсийг нь хот руу ачья гэж байгаа. Тавантолгойгоос олборлож байгаа нүүрсний өчүү- хэн хувиар Улаанбаатарын гэр хорооллыг хангачих юм билээ. Хүнд даацын 30 машинтай жижигхээн компани байгуулаад Тавантолгойн нүүрсийг урд төмөр замын аль ойрхон өртөөнд буулгахад ямарч төвөг чирэгдэлгүй гэнэ. Тэндээс вагоноор Улаанбаатарт авчран, Ерөнхий сайд маань савлалцаад борлуулчихад хотын утаа 50-60 хувь буурна гэж тооцоолоод байгаа юм. Д.Рэнцэндорж, эхний жилүүдэд энэ нүүрсийг одоогийн түлж байгаа нүүрсний үнээр худалдъя гэдэг.
Би бол “Байгалийн хишиг” “Эрдэнийн хувь” гэдэг утгаар нь нийслэлийнхэндээ гурван жил үнэгүй тараая гэж зөрүүдэлдэг. Инженерийн энэ төслийн эсрэг эрхэм дээдэс бас элдэв тайлбар хийж мохоох гэж оролдоно. “Төмөр зууханд түлж болдоггүй, хайлуулна” “Тогоо шанага тэсэхгүй” гэхчилэн зүйл бүрийн шалтаг гаргаж ирдэг л дээ. Хайлдаг бол Өмнөговь, Дундговь, Дорноговийн баруун талын сумдын айлууд зуух яндан, тогоо шанагагүй л сууж баймаар юм. Илчлэг өндөр цогшилт удаан гэдэгтэй маргахын аргагүй. Дэндүү сайхан.
Өдөрт нэг л галлахад дулаанаа алдахгүй. Хөх дөл сүүмэлзээд л. Гэхдээ, хэрэглэгчийн анхаармаар хэдэн зүйл бий. Шавар пийшинд юм уу, шавар тоосгоор доторлосон зуух пийшинд бага багаар түлдэг, ширмэн тогоо юмуу, сав суулгаа ширмэн дээр байрлуулж хоол цайгаа хийдэг гэхчилэн анхаармаар зүйл бий л дээ. Манай говийнхон бол коксжсон нүүрсийг хэнээр ч заалгахгүй түлсээр ирсэн хүмүүс. Инженер Д.Рэнцэндоржийн энэ саналыг би хэд хэдэн удаа бичлэгтээ дурдаж байсны дээр Да.Ганболдыг нийслэлийн Засаг даргын орлогч байхад, нэг хурал дээр танилцуулаадахсан чинь “Уурхайг хувьчлаагүй учраас болохгүй байна” гэж билээ. Юу гэж байгааг нь ойлгоогүй. Ер нь нийслэлийнхэндээ чанар сайтай түлш түлүүлье гэж бодож, сэтгэж байгаа дарга сайд нар бий гэж үү?!
Ховор л байх. Аргагүй шүү дээ. Тэд бидний адил байнга энэ утаанд утуулж байх биш. Баасан гаригийн орой гэр бүл үр хүүхдээ дагуулаад уулын ам, аль сайхан газрууд руу арилаад өгнө. Нэгдэхийн өглөө эрхбиш ирдэг байх л даа. УИХ-ын танхим бараг хоосон шахуу хуралдаж, хуулиудыг бөөндчихдөг болсон. Хүмүүсийн ярих нь тэр сайд дарга нар чинь холын орны тансаг орд харшдаа л заларч байгаа гэх юм билээ. Жилийн өмнө Ерөнхийлөгчийн дэргэд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” байгуулж ажлаа сүр дуулиантай эхэлж билээ.
Сая тэгсэн чинь өнөөх хороогоо бүтэц бүрэлдэхүүнтэй нь Засгийн газрын мэдэлд очуулж байна. Хүмүүс: “Улстөрийн товчоонд гар өргөөгүй Элбэгдорж, утаанд л гар өргөлөө дөө” гэлцэж байх юм. Ерөнхийлөгч маань, усны шувуу шиг урд дулаан газрыг зориод их л удсан. Бид ч яахав тэр хооронд, хэдэн тарвага шигээ утуулж, хэрээ шувуу шигээ харлаад явж л байна. Заримдаа ч хувь заяандаа гомдож, хятадуудад атаархах шиг. Энэ улсын эзэн хэр нь хамгийн муу нүүрсээр утуулж байхад, харь гүрнийхэн утаагүй нүүрсийг минь сорчилж зөөгөөд, тарвалзаж байдаг, орхисон заяа!
Г.ЖАМЬЯН
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)
URL: