Ж.Энхбат: “Драгон” автовокзал дахь хууль бус үйлдлүүдийг таслан зогсоов

d231aa182cd9ba6434da00c1a34129fb_LСонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Драгон” автовокзал 17 аймагт хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг томоохон газар билээ. Уг газраар өдөрт 7000-9000 мянган хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Тус автовокзал хууль бус үйлдлийн уурхай болсон талаар дүүргийн удирдлагууд болон холбогдох албаныханд мэдээлэл иржээ.

Үүний дагуу Автотээврийн үндэсний төв (АТҮТ), Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Замын цагдаагийн тасаг хамтран хууль бус үйлдлүүдтэй тэмцэж эхэлсэн байна. Энэ талаар АТҮТ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбатаас тодрууллаа.

-“Драгон” автовокзал дээр хууль бус ямар үйлдэл хамгийн их гарч байна вэ?

-Хууль бус буюу “хулгайн” тээвэр, хориотой ангийн мах, буу, сумны худалдаа, халаасны хулгай зэрэг үйлдэл газар авсан байв. Дүүргийн цагдаагийн тасагт 100 гаруй халаасны хулгайч, 200 орчим хулгайн тээвэрлэгч бүртгэлтэй байдаг юм билээ.

-Үүнтэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Үүнийг таслан зогсоох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон АТҮТ-ын захирал Т.Болдбаатар нар хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд “Драгон” автовокзалын өмнөх талбайд үүсч буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хот хоорондын тээврийн үйлчилгээний эмх журмыг сахиулах талаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу автовокзал дээр АТҮТ-ын байцаагчид, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын бүх хэлтэс албад ажиллаж байгаа. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайчтай тэмцэх тасаг хүртэл 24 цагаар ажиллаж байна. Тэгээд цагдаа, байцаагч гээд бүгд энгийн хувцастай эргүүл хийж, ажиглалт явуулж байгаа. Энгийн хувцастай байхдаа ундаа, ус зардаг эмээ дээр очоод л тарваганы мах байна уу гэхэд “Байна. Миний хүү хэдийг авах вэ?” гээд л асууж байх жишээтэй.

-Өдөрт хэр их халаасны хулгай гарч байна вэ?

-Өмнө нь өдөрт 50-80 халаасны хулгайн хэрэг гардаг байсан юм билээ. АТҮТ-ын захирал Т.Болдбаатар гэмт хэргийн гаралтыг бууруулах үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу 14 хоногийн санах ойтой, 6 камерь байрлуулсан. Камерь байрлуулснаас хойш халаасны хулгайн дуудлага ирээгүй.

-Хулгайн тээврээс шалтгаалж осол их гардаг. Хулгайн тээврийг зогсоох талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-2010 онд хулгайн тээврийн хэрэгслээс шалтгаалсан 100 гаруй осол гарч, 20 орчим хүн амиа алдсан. Хамгийн олон осол 2012 онд буюу хулгайн тээврээс шалтгаалсан 1000 гаруй ослын улмаас 100 гаруй хүн амиа алдсан харамсалтай мэдээ бий. Хулгайн тээврээс шалтгаалж осол гарсан гэж тодотгож хэлж байгаа тэд хүний тоо хэтрүүлдэг, хурд хэтрүүлэн давхидагтай холбоотой юм. үүнээс шалтгаалж ихээхэн осол гардаг. Бид 21 аймаг руу явах замд байдаг байнгын болон эргүүлийн постын хяналтыг сайжруулсан. Түүнчлэн автовокзал дээр байнгын улсын байцаагч болон замын цагдаа байрлуулснаар хулгайн тээвэр багасч байгаа гэж үзэж болно. Анх захирамжийн хүрээнд ажиллаж эхэлэхэд “Драгон” автовокзал дээрээс л гэхэд өдөрт хулгайн тээвэр эрхлэгчдийн 150-200 тээврийн хэрэгслийг журамладаг байсан. Харин одоо энд нэг ч хулгайн тээвэр байхгүй. Энэ мэтээр бид энэ автовокзалын эргэн тойрон дахь бүх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоосон.

-Хулгайн тээвэр хийсэн жолоочид ямар хариуцлага тооцдог вэ?

-Хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр торгодог. Дахин хулгайн тээвэр хийвэл тээврийн хэрэгслийг нь журамлаж, жолоо барих эрхийг нь 6 сараас 2 жилийн хугацаагаар хасдаг. Сонгинохайрхан дүүргийн засаг даргын гаргасан захирамж нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ ажил үр дүнгээ өгч байгаа тул бид хавар хүртэл сунгах талаар ярилцаж байгаа.

Ч.Ариунболд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих