“Хүннү эйр” хүнийх үү, манайх уу

hunnu_airlines-middleЭргэлзэж байна. Уг нь Монголын иргэний нисэхийн салбарт гүйцэтгэж байгаа үүргийг нь бодвол манайх ч юм шиг.

Төрийн өмчит ганц иргэний агаарын тээврийн компанийн хоолыг нь булаагаад хүнд ч үгүй, өөрт ч үгүй болгож хаясныг нь бодохоор хүнийх ч юм шиг. Байгуулагдаад ганцхан жилийн ч нүүр үзээгүй байж орон нутгийн зургаан чиглэлд нислэг үйлдэх эрх авч, одоо бүр гадаад нислэг үйлдээд байхыг бодвол найдвартай ар тал, найгүй их мөнгөтэй эзэнтэй бололтой дог шүү.

Монгол Улс төрийн өмчит агаарын тээврийн ганцхан компанитай. Тэр нь МИАТ буюу “Монголын иргэний агаарын тээвэр” хувьцаат компани. “Хүннү эйр”-т нислэгийн чиглэлээ булаалгахаас өмнө ашигтай ажиллаж байсан энэ компани алдагдалтай ажиллаж эхэлсэн нь “Хүннү эйр”-ээс болсон хэрэг.

Зах зээлийн өрсөлдөөний шугамаар л явж байна гэж “Хүннү эйр”-ийнхэн мэлзэх байх л даа. Тийм нь тийм. Гэхдээ төрийн өмчит цор ганц компанийн аль ашигтай гэсэн нислэгийн чиглэлүүдийг нь булааж, хувааж МИАТ-ийг ч, өөрсдийгөө ч ашиггүй ажиллуулж, хувь заяаг нь дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлчихэж дөнгөсөн. МИАТ энэ намар Бангладеш улсад онгоцоо түрээслүүлээгүй бол энэ жил бас л алдагдалтай ажиллах байлаа.

Харин салбарынхаа удирдлагуудын  хариуцлага, эрсдлээс айлгүй гаргасан зөв шийдвэрийн ачаар гурван сарын хугацаанд гурван тэрбум гаруй төгрөг олоод ирчихлээ. МИАТ өмнө нь Хонконг, Сөүл рүү нислэг үйлддэг байсан. Хамгийн ашигтай, зорчигч урсгал ихтэй гадаад нислэг нь энэ чиглэлүүд. Гэтэл эрх мэдэл, албан тушаал хоёроор далайлган дээрх чиглэлүүдийг нь “Хүннү эйр”-т “бэлэглэсэн”.

Ингэснээр ашигтай ажиллаж байсан цорын ганц төрийн өмчит агаарын тээврийн компани нь алдагдалтай ажиллах болж.  Энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад МИАТ-ийн онгоцоор зорчигчдын тоо 20 мянгаар, орлого 5-6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт гарсан. Тус компанийн урт удаан хугацааны туршид, хамаг хүч хөрөнгөө шавхан бүтээсэн Хонконгийн чиглэлийн нислэгийг “Хүннү эйр”-т давхардуулан олгосноор хоёр компани хоёулаа алдагдалтай ажиллаж эхэлсэн. Уг нь МИАТ-ийн орлого 2005 оноос хойш тасралтгүй өсөж байсан талаар өнгөрөгч хавар УИХ-ын чуулганаар МИАТ-ийн асуудлыг хэлэлцэх үеэр яригдаж байсан юм.

МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгч статус олгосон. Төр бүх талаар нь дэмжихийн тулд ийм шийдвэр гаргасан. Чингис бондоос мөнгө гаргаж “Боинг” онгоц авч өгсөн.  “Хүннү эйр” компани өнөөдөр Шанхай, Бангкок, Чежү, Сөүл, Хонконг руу шууд нислэг үйлдэж байгаа.  Харин орон нутагт Завхан, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Дорнод, Баянхонгор аймгууд руу зорчигч тээвэрлэж байна.  Энэ чиглэлүүдэд МИАТ яагаад нисэж болохгүй гэж. Хувийн компани, төрийнхөөс илүү эрх дархтай байгаа нь ямар учиртай юм бол. “Хүннү эйр”-т ийм том эрх дарх, боломж бололцоог хэн нээж өгөв. Энэ асуултуудад хэн хариулах вэ.

Төр муу менежер гэдэг нь үнэн. Гэвч төрөөс дээгүүр эрх мэдэлтэн байгаа болоод л хувийн өмч илүүд үнэлэгдэж байгаа биз ээ. МИАТ-ийг залгих даалгавартай байгуулагдсан гэх “Хүннү эйр” компанийн ихэнх хувийг МИАТ-ийн экс удирдлагуудын нэг, өдгөө “дайны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө завшсан хэргээр ял сонсоод буй Ч.Хоролсүрэн эзэмшиж байсан гэдэг. Харин одоо тэр хувиа МАК компанид зарсан, шилжүүлсэн сураг дуулдсан.  “Хүннү эйр” байгуулагдахдаа “Монголиан эйрлайнс” нэртэй байсан ч хожим нэрээ сольсон. Энэ компанийн ТУЗ-д хэн хэн байдаг, хувьцааг нь хэн хэн эзэмшдэг гэдгийг тодорхой болгож, төр өмчөө мэдэх цаг болсон л баймаар юм.  “Хүннү эйр” хүнийх ч бай, манайх ч бай, Монголын иргэний нисэхийн салбарын нүүр царай болохын хувьд, МИАТ-ийн гол өрсөлдөгчийн хувьд өөрийгөө ч, өрөөлийг ч хохироодоггүй бол сайнсан.

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих