МАН ялбал Маапаантай, АН ялбал Маргаангүй
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө болсон түүх давтагдаж эхэллээ. Сонгуулийн буухиа эхэлснээс авахуулаад л АН-ынхан Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлээр далайлган МАН-аас нэр дэвших магадлалтай болон тус намын харьяат Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн. Заримыг нь бүр хорьсон.
Гэтэл энэ байдал өдгөө Засаг даргын суудал нь маргаантай байгаа аймгууд болон ИТХ-ын даргын асуудалд дахин хөндөгдөж эхэлжээ. Учир нь засаглалын эрх мэдлээ алдахгүйн тулд ямар ч хамаагүй арга хэрэглэн эрх мэдлийг авахаар зүтгэж буй АН-ынхан Дорнод аймгийн Засаг даргад өрсөлдөх гэж байсан П.Мөнхтөрийг өчигдөр барьж хориулсан байна.
Түүнчлэн ИТХ-ын даргаа сонгохоо шийдэлгүй өдийг хүрсэн Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярыг ч мөн хууль, хүчний байгууллагаар дуудаж авчруулжээ. Ингэж тэд нэгийг нь хорьж, нөгөөг нь цагдаж, саатуулсаар асуудлыг өөрийн талд шийдэж авах башир аргаа бас л хэрэгжүүлэхээр зэхжээ.
АН-ынхан “Гав гинж” Тактикаа дахин хэрэгжүүллээ
Эрх баригчид буюу АН-ынхан засаглалын будилаантай аймгуудын тоог цөөлөх биш, харин ч нэмэх бодлого барьж байна уу гэлтэй үйл явдлууд ар араасаа өрнөж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд Дорнод аймагт ИТХ дахь МАН-ын бүлгийн даргыг баривчлан хорьсон, аймгийн Засаг дарга нь төсвийн төслөө ч өргөн бариагүй байна.
Бүтэн жил гаруйн хугацаанд Засаг даргын асуудлаа шийдүүлэх гээд чадаагүй тус аймгийн МАН- ынхны хувьд арга буюу дараагийн хүнээ нэр дэвшүүлэхээр ярьж байтал хууль хүчнийхэн нэр дэвшүүлэхээр яригдаж байсан П.Мөнхтөрийг баривчлан хорьжээ.
Юуны учир түүнийг барьж хорьсон нь тодорхойгүй байгаа ч эрх мэдлийн төлөө улайран зүтгэж байгаа АН-ынхны захиалга гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй байна.
Тус аймгийн ИТХ-д олонхи болсон МАН-ынхан аймгийн Засаг даргаар томилуулахаар М.Бадамсүрэнгийн нэрийг удаа дараа өргөн мэдүүлсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг элдэв шалтаг хэлсээр томилохоос татгалзаж, хэрүүл зарга шүүх, хуулийн байгууллага, Үндсэн хуулийн Цэц хүртэл үргэлжилсэн.
Гэтэл өнөөдөр эрх баригчдын захиалгаар дахиад л асуудал үүсэв бололтой. Ямар нэгэн хэрэг өдүүлээгүй П.Мөнхтөрийг баривчилдаг нь цаанаа учиртай аж. Учир нь тус аймгийн ИТХ-д МАН 18, АН 17 суудалтай байв. МАН-аас нэг хүнийг нь сугалснаар адилхан 17 болох учир ийм башир арга хэрэглэсэн байхаас сийхгүй аж.
Тэгээд ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн засаглал дахь хүчээ нэмэгдүүлэх арга хэрэгсэл, гав гинж нь шүүх, цагдаа л болсон шүү дээ. Дорнодын засаглалыг яаж ийгээд хяналтдаа авахын тулд удаа дараа улаан цайм үйлдлүүд хийж буйн нэгээхэн жишээ энэ. Яг үнэндээ бол тус аймгийн Засаг даргын асуудал хэзээ шийдэгдэж, аймаг орон нутгийн хөгжлийн төлөө ажиллах бол гэдэг нэн ээдрээтэй асуудал болон хувирчээ.
Ийм хямралд орсон өөр нэгэн аймаг бол Говь-Алтай. Энд ёстой л холион бантан гэгч болж байна. Уг нь 2012 оны сонгуулиар тус аймагт МАН олонхи болж, Засаг даргаа сонгоод ажил хэвийн үргэлжилж байв. Гэтэл тус аймгийн МАХН-ынхан гомдол гаргаснаар орон нутгийн сонгуулийн маргаан шат шатны шүүхээр дамжиж, улмаар Дээд шүүхээс шийдвэр гарав.
Ингэхдээ тус аймгийн ИТХ-ын 35 мандатын 17-д нь дахин санал хураалт явуулах шийдвэр гаргажээ. Эл 17-гийн 12 нь намын жагсаалтын мандат, тав нь мажоритар тойргийн мандат. Гэвч энэ шийдвэрийг гаргах хүртэлх шүүхийн процесс бүр анхнаасаа л хууль зөрчсөн байна.
Учрыг өгүүлье. Хуульд зааснаар гамшгийн болон дайны байдал зэрэг цөөн хэдэн тохиолдолд л хэргийг шалгахдаа хугацааг буцаан сэргээдэг аж. Хуулиар сонгуультай холбоотой аливаа маргааныг санал хураалт болсноос хойш 14 хоногийн дотор гаргах ёстой. Гэтэл Говь-Алтай аймгийн МАХН-ын хороо өнгөрсөн оны намар болсон сонгуулийн талаарх гомдлоо 2013 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гаргажээ.
Ингэж хугацаа нь хэтэрсэн маргааныг шүүх авч хэлэлцэхгүй , “хаях” ёстой юм байна. Гэтэл шүүх хуульд байхгүй үндэслэлээр уг гомдлыг авч хэлэлцсээр дээрх байдлыг газар авахад хүргэжээ. Шүүхийн шат дамжиж явсаар Дээд шүүхээс гарсан 17 мандатын төлөө дахин санал хураалт явуулах шийдвэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын загатнасан газар маажна гэгч болжээ.
Уухайн тас шүүрч аваад л асуудлыг будилуулах, бантагнуулах ажиллагаандаа оров. Үүнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь оролцож байгаа гэсэн мэдээлэл ч байна. Тэрбээр ирэх УИХ-ын сонгуульд тус аймагт өрсөлдөх бодолтой бөгөөд үүний тулд эхлээд аймгийн засаглалыг авах хэрэгтэй гэж үзсэн бололтой юм.
Ингээд МАН-ыг сонгосон аймагт “харшилтай” Н.Алтанхуяг намынхаа генсектэй нийлж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга нартаа үүрэг өгдөг юм байгаа биз дээ. Яг эндээс ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэгийн гарын үсэгтэй албан бичиг үйлдэгдэж, Говь-Алтай аймгийн удирдлага руу илгээлээ.
Агуулга нь 17 төлөөлөгчийн бүрэн эрх нь хүчингүй болсон аймгийн энэ удаагийн ИТХ-ын үйл ажиллагаа хүчингүй, тэндээс гарах шийдвэр эрх зүйн акт болж чадахгүй гэсэн утгатай. Ингэхдээ дээрх бичгээ тус аймгийн өмнөх ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, одоогийн Засаг дарга Ш.Амгаланбаяр нарт хаяглажээ.
Ийм бичиг хүлээж байсан өмнөх ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат зүгээр суусангүй, өмнөх дөрвөн жилд өөртэй нь хамтран ажиллаж байсан нөхдөө дуудаж авчраад хурлаа хуралдуулж сууна. Хурлаар хэлэлцэх сэдэв 2014 оны төсөв. Хачин гэхэд ч багадмаар энэ үйл явдлыг ойлгож ухах хүн ч цөөн байна.
Эрх мэдэл, албан тушаалын төлөөх аян дайны балаг үүгээр дуусахгүй. Хуулиар бол дахин сонгуулийг СЕХ зарлаж, төсвийг УИХ батлах учиртай. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймагт болох дахин сонгуулийн товыг тус аймгийн Сонгуулийн хороо зарлажээ.
Сонгууль явуулахад шаардагдах 160 орчим сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргахаар нөгөөх хуучин ИТХ хуралдаж байгаа гэх. Нөгөөтэйгүүр энэ аймагт сонгууль явахгүй нь тодорхой болоод байна. Аймагт болох дахин сонгууль улсын төсвөөс санхүүжих учиртай. Харин уг хурлыг орон нутгийн төсвөөс явуулбал аавын хаалга татах магадлалтай. 2014 оны улсын төсвийг батлахдаа УИХ энэ асуудалд нэг ч төгрөг төсөвлөөгүй.
Тийм учраас өдгөө ирэх оны нэгдүгээр сарын 19-нд товлоод буй орон нутгийн сонгууль болохгүй нь тодорхой болж байгаа юм. Энэ асуудалд бас нэг ноцтой байдал үүссэн нь тус аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярыг АТГ дуудаад авчирчихсан байгаа аж. Шалтгаан нь мөн л тодорхой бус.
Яах вэ, Засаг даргыг нь ялих шалихгүй шалтгаанаар дуудаж авчирсныхаа дараа эрх зүйн чадамжгүй ИТХ- аа хуралдуулах гэж байгаа нь тэр л дээ. Энэ ч гэсэн АН-ыхны хийж дадсан ажил. Орон нутагт асуудал үүсэнгүүт удирдлагыг нь саатуулаад өнөөх асуудлаа саармагжуулах төлөвлөгөөтэй л улс.
Тодруулбал, Дундговь аймагт Засаг даргыг нь энд дуудаж авчирсан хойгуур ирц бүрдээгүй байхад хууль бусаар ИТХ-аа хуралдуулчихсан. Ингээд тамга тэмдэг болж, гарын үсгээ зураагүй байхад ИТХ-ын даргыг нь АТГ-т дуудаж авч, айлган сүрдүүлж байгаад тамга даруулсан удаатай.
Энэ бүхнээс үзэхэд АН-ынхан хууль, шүүхээр айлган сүрдүүлж, шалтаг тоочин барьж хорьдог аргад үнэхээр гаршжээ гэж хэлж болохоор байгаа юм. Энэ бол тэдний ялагдлаа хүлээж сураагүйн тод илэрхийлэл. АН ялсан газар ямар ч маргаангүй.
Харин МАН ялсан газар бүр маапаантай гэж үзээд албан тушаал булаан авах нь хэрээс хэтэрсний тод жишээг аймгуудын Засаг дарга болон ИТХ- ын даргын асуудалд АН-ынхан хэрхэн хүч түрэмгийлж байгаагаас харж болохоор байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж:
URL: