Нөөцийн махны санхүүжилт тасарчээ
Нөөцийн мах энэ сарын 25-наас худалдаанд гарч эхэлнэ. Нөөцийн мах бэлтгэх ажлыг “Баатрууд тэнгэр”, “Эй эн ди эм” компани гүйцэтгэж буй юм.
Гэвч бэлтгэл ажил урагшлахгүй байгаа тухай компаниуд мэдэгдэж эхэлжээ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос бэлтгэгч компаниудын үйл ажиллагаатай танилцахад ажлын 50 хувьд хүрэхгүй байгааг тогтоосон байна. Компаниуд нийт 12 мянган тонн махыг нийслэлчүүдэд бэлтгэн хүргэх гэрээтэй байсан юм.
Тиймээс өчигдөр ҮХААЯ-д албан шаардлага хүргүүлэв. Засгийн газраас энэ жил “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрт 87 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, дээрх компаниудын ажлын санхүүжилт гэсэн үг.
Хэрэглэгчийн байгууллагын шалгалтаар “Баатрууд тэнгэр” компани 3000 тонн, “Эй эн ди эм” нь 2000 тонныг бэлтгээд байгаагаа дуулгажээ. Түүнчлэн туслан гүйцэтгэгч таван компани 2000 тонныг нийлүүлэх байсан ч 180 тонн бэлтгэсэн байна. Уг тооцоогоор нийт 5180 тонн мах бэлтгээд байна.
Энэ тухайд компаниуд санхүүжилт хангалтгүй байгаа шалтгаанаар ам таглаж байгаа гэнэ. Хөтөлбөр ёсоор 80 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх байсан ч саяхнаас хоёр компанид тус бүр таван тэрбум төгрөг олгосон байна. Мах бэлтгэлийн хугацаа өнгөрсөн хэдий ч ажлын явц тал хувьд хүрэхгүй байгаад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос шүүмжлэлтэй хандаж байна. Тэд санхүүжилтийг шийдэж, компаниудын ажлыг яаравчлуулахыг салбарын яамнаас хүслээ.
Энэ тухай Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “Удахгүй нөөцийн мах худалдаан гарна. Гэрээнд заасны дагуу өдийд нөөцийн махны бэлтгэл 80 хувьтай байх ёстой. Гэтэл 50 хувьд ч хүрэхгүй байгаа нь чамлалттай. Компаниудад дөнгөж 10 тэрбум төгрөг олгосон. Гэтэл Засгийн газраас төсөвлөсөн 87 тэрбумын үлдэгдэл мөнгийг яагаад одоог хүртэл гүйцэтгэгч нарт өгөхгүй байгаад гайхаж байна. Эл байдлаас болж махны хомсдол үүсч, хэрэглэгчдийн нуруунд ачаа нэмж болзошгүй байна” гэв.
Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэх ажил ийм хэлбэрээр удааширснаар махны хомсдол үүсч байжээ. Тодруулбал, санхүүгүй болсон компаниудын ажлын хугацаа тулж “Хүчит шонхор” захаас нөөцийн махаа их хэмжээгээр татсан юм байна. Ингэснээр захад махны хомсдол үүсч, үхрийн мах кг нь 8-12 мянган төгрөгт хүрч байжээ. Энэ тухайд Хэрэглэгчийн байгууллагаас ҮХААЯ-нд анхааруулж байжээ. Гэвч өнгөрсөн жилийн жишээ дахин давтагдаж болзошгүйг санууллаа.
Мөн хугацаа тулсан ийм байдлаас хэрэглэгчид эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс хэрэглэх боломжгүйг ч тэд хэлж байна. Орон нутгаас нийлүүлж буй нөөцийн махыг үйлдвэрийн аргаар боловсруулах ёстой гэнэ. Өвчтэй, эрүүл эсэхийг шинжилж, ялган хэрэглэгчдэд хүргэхийг шаардаж байжээ. Гэвч махны нөөц бүрдээгүй байгаа энэ үед эрүүл, өвчтэйг нь ялгах боломжгүй болсон гэнэ.
Энэ тухай мэдээллийг сонссон ҮХААЯ-ныхан өнөөдөр нөөцийн мах бэлтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар болжээ.
Б.Заяа
URL: