Халтирч унавал байгууллагаас хохирлоо нэхэмжилж болно

haltirgaa-middleЦэвэрлээгүй цас мөснөөс болж иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг.

Тиймээс цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад ямар хариуцлага тооцох журам байдаг талаар “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Д.Энхсайханаас тодрууллаа.

-Аж ахуйн нэгж байгууллагууд орчны хэдэн метр газрын цас мөсөө цэвэрлэх шаардлагатай байдаг вэ?

-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 61, 63 дугаар тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон. Ер нь хот байгуулалтын тухай хуульд ч уг үүргийг зааж өгсөн байдаг.

-Иргэд цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас хохирлоо авах журам байдгийг мэддэггүйгээс өөрсдөө хохироод үлддэг. Энэ талаар тодруулаач?
-Хэрэв албан байгууллагын хариуцах талбайд иргэд халтирч бэртсэн бол тухайн байгууллага хариуцлагаа хүлээх учиртай. Харин иргэд хууль дүрмээ сайн мэддэггүйгээс эрүүл мэндээрээ хохирч үлдэх тохиолдол цөөнгүй байдаг нь үнэн. Иргэний хуулийн 52 дугаар зүйлд гэм хороос үүсэн үүргийг нь зааж өгсөн байгаа.

Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагууд хохирсон иргэний хохирлыг барагдуулна гэж заасан байгаа. Тиймээс иргэд холбогдох газарт нь гомдол гаргасан тохиолдолд хохирлоо гаргуулах бүрэн бололцоо бий гэж ойлгож болно.

-Орчны тохиолтод анхаарахгүй байгаа байгууллагуудад ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Бидний зүгээс гаднаа тохижилт хийдэггүй, хариуцлагагүй байгууллагуудыг дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдтэй хийдэг гэрээг нь сунгахгүй байгаа. Мөн уг гэрээн дээр шаардлагуудыг нь нэмж өгөх ажил хийгдэж байна. Уг нь МХЕГ-аас тухайн орчны цэвэр байдлыг бүрдүүлж чадаагүй гэдэг заалтаар аж ахуйн нэг байгууллагыг торгох, шаардлага тавих журамтай. Гэтэл тэр бүр энэ ажил хийгдэхгүй байгаа.

-Танай байгууллагаас нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байгаа гэсэн үү?
-Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийт аж ахуйн нэгжүүдэд 61, 63 дугаар тогтоолын, ямар үүрэгтэй эсэхийг нь нийт аж ахуй нэгжүүдэд мэдэгдэх хуудас тарааж хүргэж байгаа. Одоогийн байдлаар дээрх тогтоолыг биелүүлж ажиллахыг анхааруулсан 1000 гаруй мэдэгдэл хүргүүлээд байна. Дүүргүүдийн ТҮК-иуд мөн мэдэгдэх хуудас тараасан байгаа. Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн шуурхай дээр байгууллагуудын орны 50 метр газрыг цас мөсгүй байлгах ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдсэн.

Тиймээс байгууллагуудад мэдэгдэл тараах, үүргийг нь ухамсарлуулах ажил их эрчимтэй хийгдэж байгаа. Манай байгууллага бол бүр өнгөрсөн аравдугаар сараас уг ажлыг эхлүүлсэн. Цас орсон өдөр мэдэгдэл тараасан байгууллагуудын гүйцэтгэлийг нь шалгадаг, шаардлага тавьж байгаа. Өмнө нь мэдэгдэх хуудас хүргүүлж байгаагүй болохоор байгууллагууд мэддэггүй юм билээ.

-Мэдэгдэх хуудас хүлээн авсан байгууллагууд үүргээ сайн биелүүлж байна уу?

-Аж ахуйн нэгжүүд мэдэгдэх хуудас өгөөд үүргийг нь ойлгуулах болсноор цас орсон нөхцөлд гадна талбайгаа дор бүрд нь цэвэрлээд байдаг сайн байгууллагууд байгаа. Ирэх жил бид торгож, хариуцлага тооцно гэхээсээ илүүтэйгээр сайн тохижилт хийсэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, нэг талаас нь шахаж шаардаад, нөгөө талаас нь урамшуулна гэсэн үг. Учир нь энэ тохиолдолд байгууллагууд бие биеэсээ үлгэр дууриалал авдаг чиглэл рүү оруулахыг зорьж байгаа.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих