Америк хөгшин 187 сая долларыг буяны байгууллагад үлдээжээ

13123-4t

Н.МӨНХЖИН

Өнгөрсөн есдүгээр сард 98 насандаа өөд болсон америк хөгшин Жак Макдоналд 187 сая долларын хөрөнгийг буяны байгууллагуудад гэрээслэн үлдээжээ. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид баян гэдгээ нууцалж явсан аж. Макдоналд гуай Сиэттлийн хүүхдийн эмнэлэг, Вашингтоны их сургуулийн Хуулийн факультет, Авралын арми гэсэн гурван байгууллагад дээрх мөнгийг хандивлаж үлдээсэн байна.  Хөгшний хөрөнгө чинээг ойрын хүрээнийх нь цөөхөн хүн мэддэг байсан аж.

“Манай гэр бүл сүүлийн 40 жил Жакийн их хөрөнгөөр нууцхан амьдарсан. Тэр хэтэрхий даруухан, чимээгүй байдаг байсан нь биднийг гайхуулдаг байсан” хэмээн Макдоналдын дагавар охин Реже Деннис “ABC News” телевизэд ярилаа. Ж.Макдоналд даруухан эр байсан ч өөртөө ихэд итгэлтэй, мөнгөө арвижуулж чаддаг нэгэн байжээ.

30 жил хуульчаар ажилласан Макдоналд аав ээжээсээ өвлөж авсан мөнгийг зөв, ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулж өсгөсөн байна. 1971 онд ханьтайгаа учирч гэрлэсэн ч дундаасаа хүүхэдгүй байжээ. Эхнэр нь 1999 онд нас барсан аж.

Ж.Макдоналд олон сая долларын хөрөнгөтэй байсан ч нэг унтлагын өрөөтэй даруухан байранд амь­дарч, хэзээ ч эд хөрөн­гөөрөө гайхуулж, баяр­хаж байгаагүй хэмээн түүн­тэй 30 жилийн турш нөхөр­лөсөн Сиэттлийн хүүх­дийн эмнэлгийн сангийн тэргүүн Дуг Пича өгүүлж байна. “Тэр хямдралд дуртай байсан. Дэлгүүрийн талон цуглуулж, хөнгөлөлт эдлэх дуртай байсан. Хувцас хунартаа анхаарал тавьдаггүй, бохирдуу цамц өмсчихсөн л явдаг байсан” хэмээн Пича хэллээ. Макдоналд хуучинсаг үзэлтэй, хэтэрхий чимээгүй, дуугүй хүн байжээ. Тэрээр дэлгүүр хэсч, хаана хямдрал, хөнгөлөлт байна гэж хайж явдаг, нэг удаа лаазтай жүржийн хөлдүү шүүсийг бөөнөөр нь хямдхан худалдаж аваад явж байсан хэмээн түүнийг таньж, мэддэг хүмүүс өгүүлж байна.

Макдоналдийн ээж нь Сиэттлийн хүүхдийн эмнэлэгт сайн дурын ажилтан байжээ. Ээжийгээ өөд болсны дараа Макдоналд энэ эмнэлгийн янз бүрийн арга хэмжээ, ажиллагаанд гар бие оролцож явсан юм. Мөн тэрээр Вашингтоны их сургуулийн Хуулийн факультетэд суралцаж төгсчээ. Түүний 187 сая долларын хандивыг гэрээслэлийнх нь дагуу гурван байгууллагад шилжүүлэх юм. Сиэтллийн хүүхдийн эмнэлэг энэ мөнгөний 40 хувийг, Вашингтоны их сургууль 30 хувийг авах эрхтэй болжээ. Авралын армийн Баруун хойд дивиз Макдоналд өвөөгийн хөрөнгөнөөс 2.5 сая доллар хүртэхээр болжээ. Жак Макдоналд буян, хишигт илүү их мөнгө үлдээхийн тулд ийнхүү даруухан, хямдхан амьдарч байсан гэлтэй.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих