Томчуудын хүүхдүүдийн толгой дараалан холбогдсон хэргүүд юу болов?
Эрх мэдэл, эд хөрөнгөтэй эцэг эхийнхээ буянаар хангалуун амьдарч буйдаа бардан, хаа сайгүй балаг тарьж явдаг томчуудын хүүхдүүдийн толгой дараалан холбогдсон хэргийг эргэн сөхье. Өөрийн сайндаа бус өв хөрөнгө цуглуулсан эцэг эхийнхээ буянаар “хүссэнээрээ” амьдардаг “жаалууд” бэл бэнчингээрээ өрсөлдөн, өөр хоорондоо “мөнгө хаялцдаг” болсон талаар хэн хүнгүй л ярих болсон. Учир нь эдгээр “жаалууд” ямагт олны газар дөвчигнөж, тэр хэрээрээ хэрэгт түвэгт орооцолдон, нэр, зүстэй эцэг эхийнхээ чихнээс хонх уях болсон. Баар сав хэсэн зугаацаж явдаг тэдний балаг дагуулж, шуугиан тарьсан хэргүүд хэрхэн шийдэгдэж байгааг нэхэн сурвалжиллаа.
ДӨЛГӨӨНД ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
“Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн хэдхэн хоногийн өмнө шөнийн цэнгээний газарт их аварга Д.Дагвадоржтой муудалцаж, зуушны хутга гарган танхайрсан байдаг. Эл маргааны улмаас хацраа зүсүүлсэн их аварга Б.Дөлгөөнөөс 10 сая ам.доллар нэхэмжлээд байгаа юм. Түүнчлэн Их аварга Д.Дагвадорж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул албаныхан шалгалт явуулжээ. Ингээд уг хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэд өнгөрөгч сарын 1-нд Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах “VLVT” шөнийн клубт болсон Халловений баярын үеэр хоорондоо муудалцан, хутга шөвөгтөө тулсан юм. Б.Дөлгөөний хувьд өмнө нь хүн зодож танхайрсан хэргээр ШШГЕГ-ын цагдан харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан удаатай. Мөн 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Метрополис” бааранд найзуудтайгаа наргиж явахдаа зодоон хийж, хүний нүд сохлон эцэг, эхийнхээ чихийг халууцуулж байсан. Хохирогч нь Эрүүл мэндийн сайдын хүү байсан хэмээдэг ч тухайн үед энэ хэргийг нам дараад өнгөрөөж байсан юм.
Б.БИЛГҮҮН ГОМДОЛ ГАРГААГҮЙ ГЭНЭ
Монголын тэргүүн баячуудын нэг “Ажнай” Д.БатЭрдэнийн хүү Б.Билгүүн бас л шоу цэнгээн, зугаа цэнгэлд дуртай нэгэн бөгөөд аар саархан асуудлаар аавынхаа нэрийг олонтоо гаргаж байсан гэдгийг нь мэдэх хүн цөөнгүй бий. Мөн тэрбээр өнгөрөгч аравдугаар сард нүүр ам нь хавдан, танихын аргагүй болтлоо зодуулсан байв. Тодруулбал, хэсэг залуустай маргалдан гар зөрүүлснээр нармайгаа нээлгэж, ийн ухамсрын шанаа авахад хүрчээ. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ноёнтны хүүгийн нармайг нээж, ухамсрын шанаа хүртээсэн этгээдийн хэн болох, энэ хэргийн талаар ямар нэгэн яриа гаралгүй өнгөрч байгааг бодоход эрхэм ноёнтны хүүгийн ааш аяг, авир төрхөөс болж хэмээн таамаглах нэгэн ч байгаа юм. Ямартаа ч ийнхүү зодуулсан Б.Билгүүн цагдаагийн байгууллагад хандан, гомдол гаргаагүй аж.
ХЯНАЛТАД БАЙНА
Монгол Улсын нэртэй уяачдын нэг Пунцагбалжир агсны хур хөрөнгийг өвлөн авсан П.Энхмөнх ойворгон, давлиун зантайгаараа зартай нэгэн. Хэл аманд өртөх “хобби”-той ч гэмээр тэрбээр бэл хөрөнгөөрөө гайхуулан үргэлж л элдэв янзын зодоон цохион хийж, хэрэг түвэгт холбогдож явдаг. Үүнийхээ жишгээр тэрбээр өнгөрөгч сард хүчингийн хэрэгт холбогдсон талаар янз бүрийн мэдээлэл гарч байв. Ямартаа ч уг хэрэг өдгөө нийслийн прокурорын газарт хянагдаж байгаа талаар эх сурвалж хэлж байна. Эл хэргийн хохиргч эмэгтэй гомдолгүй гэх тайлбар өгсөн талаар мэдээлэл гарсан ч өдгөө уг хэрэг хууль, хяналтынхны мэдэлд хэвээр байгаа аж.
МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “I loft” бааранд өнгөрсөн сарын 10-нд буун дуу гарч, мөн л олны танил залуус танхайрсан. Гэвч уг хэргийн талаар албаныхан хэлэхдээ “Тухайн үед буун дуу гараагүй. Харин залуус хоорондоо маргалдсан” гэв. Мөн эл маргааны үеэр нэг нь хэргийн газраас зугтсан бол нөгөө нь цагдаагийн байгууллагад хандан, гомдол гаргасан байна. Түүнчлэн эл хэргийн талаар мэдээлэл өгсөн хүний гэрийн хаяг болон нэр, утас нь худлаа байсан аж. Хэдийгээр ийнхүү учир битүүлэг дуудлага өгсөн ч цагдаагийнхан тухайн мэдээлэл өгсөн этгээдийг олж тогтоогоод байгаа аж. Эл хэргийн гол эзэд нь мөн л олны танил хүмүүс. Тодруулбал, МУГТ, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт байсан гэдэг. Мөн МИАТ-ын дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддорж байсан нь тогтоогдоод буй. Н.Төгсцогтийн хувьд уг зодоонд оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ямартаа ч уг хэрэгт оролцсон хүмүүс цагдаагийн байгууллад хэд хэдэн удаа мэдүүлэг өгөөд буй. Ямартаа ч өдгөө уг хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хянагдаж байгаа юм.
URL: