Дугаар хязгаарлалтанд “Юнител” компанийн утсаар санал өгсөн иргэд залилуулжээ
Автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оруулах эсэхийг иргэдийн саналаар шийдсэн. Ингэхдээ Мобикомын 200 мянган хэрэглэгчийн дунд санал асуулгыг явуулсан. Гэтэл санал асуулгын үеэр “Юнител” компани иргэдээс санал авчээ. Тиймээс энэ талаархи зарим зүйлсийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөрөөс тодрууллаа.
-”Юнител” компани хэрэглэгчдээсээ дугаарын хязгаарлалтын талаар санал авах оролдлого хийсэн гэлээ. Утсаар санал өгсөн иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-”Юнител” компаний тусгай дугаараар иргэдээс санал авах оролдлого гаргасан. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл байсан гэдгийг “Юнител” компаний хуулийн төлөөлөгчтэй уулзах үеэр мэдсэн. Энэ тусгай дугаарыг гэрээгээр эзэмшдэг байгуулагатай “Юнител” компанийхан уулзалт хийсэн бөгөөд тус дугаарт санал өгсөн иргэдийн мөнгө тухайн компанийн данс руу орох байсныг дундаас нь зогсоож өөр дээрээ байрлуулсан байгаа юм.
-Санал өгсөн иргэдийн мөнгийг буцааж олгох уу?
-”Юнител” компаний тусгай дугаарт санал өгсөн нэг иргэдээс 500 орчим төгрөг унасан байгаа. Энэ мөнгийг тухайн залилан хийсэн компаний дансруу оруулаагүй учраас мессеж явуулсан иргэдэд мөнгийг нь буцааж олгоно гэж “Юнител” компаниас бидэнд мэдэгдсэн.
-Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд үүрэн холбооны компаниудтай яаж хамтран ажиллах вэ?
-Нийслэлээс бүх асуудал дээр нээлттэй байр суурь барьж байгаа. Ямар ч санал асуулгыг илүү өргөн цар хүрээнд явуулах зорилготой учраас ямар компани, аж ахуйн нэгж гэдэг нь чухал биш хамгийн гол нь техник технологийн шаардлага хангасан байх ёстой мөн төсвийн мөнгө зарцуулж байгаа учраас аль болох хэмнэлттэй байх горимыг баримталж байгаа.
Тухайлбал, “Юнител” компанитай дараа дараагийн нийгмийн шинж чанартай том асуудал дээр хамтарч ажиллая гэсэн ойлголцолд хүрсэн бөгөөд үнийн хатуу байр суурь барихгүй гэдгээ бидэнд албан ёсоор мэдэгдсэн.
Д.Мөнбиш
Эх сурвалж:
URL: