Монголд дэлхийн дунджаас гурав дахин дулаан байна
Германы хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн хэмжээний уур амьсгалын эрсдэлийн судалгааг гаргасан байна.
1990-2011 оны дүнгээр Монгол Улс эрсдэлийн индексээрээ дэлхийн 183 орноос 12-т оржээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл, эрсдэлд нэн эмзэг болохыг харуулж байгаа юм байна.
Манай орны нийт нутгийн цаг агаарын мэдээгээр 1940 оноос хойш 2.14 хэмээр дулаарчээ. Өөрөөр хэлбэл дэлхийн дунджаас гурав дахин их байгаа гэсэн үг юм. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж, 1880-2012 онд дэлхийн газрын гадарга орчмын агаарын температур 0.85 хэмээр дулаарсан байна.
Эрдэмтэд өнөөгийн уур амьсгалын системийн өөрчлөлт цаашид улам төвөгтэй болно гэж үзэж байгаа юм. Үүнээс үүдэн хур тунадас, байгалийн бүс бүслүүр өөрчлөгдөх, зарим нутаг хуурайших, цөлжилт эрчимжих, ган, зуд, хүчтэй аадар бороо зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэх хандлагатай болсон байна.
С.Уянга ЗУУНЫ МЭДЭЭ
URL: