Гадаад иргэдэд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийг эргэлээ
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Тамгын хэлтсийн дарга Д.Амарсайхан, Харьяатын хэлтсийн дарга Т.Хангэрэл, мөн хэлтсийн Хүүхэд үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл нар гадаадын иргэдэд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцахаар АНУ-ын Вашингтон хотод өнгөрөгч сарын 15-24-ний өдөр албан томилолтоор ажиллав.
Томилолтын хүрээнд “Холт олон улсын байгууллага” төрийн бус байгууллагын Монгол ба Солонгос хөтөлбөрийн захирал Паул Сунгбаэ Ким-тэй уулзаж, “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын Гаагийн конвенц”-ийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Энэ үеэр дээрх төрийн бус байгууллагын зуучлалаар АНУ-д үрчлэгдсэн Монгол Улсын харьяат 30 гаруй хүүхэд болон тэдгээрийн гэр бүлтэй уулзаж, хүүхдүүдийн аж амьдрал, орчиндоо дасан зохицож буй байдалтай газар дээр нь танилцсан байна.
Уулзалтын үеэр хүүхдүүдэд эх орных нь түүх, ёс заншил, соёлын талаар мэдлэг өгөх үүднээс Монгол хэлний “Цагаан толгой” сурах бичиг, Монгол- Англи орчуулга бүхий үлгэрчилсэн “Монголын нууц товчоо”-г дурсгасан бол хүүхдүүдийн суралцдаг сургуулийнх нь захирал, багш нар тэдний, оюуны хөгжил, анги хамт олны идэвх, сурлагын талаар мэдээлэл өгч, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж, сонирхлоо хөгжүүлж буйг танилцуулжээ.
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын албаны төлөөлөл хүүхэд үрчлэлтийн дараа хяналт тавих гурван талт гэрээний хэрэгжилтийг “Хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт, хэл ярианы хөгжил болон нийгмийн идэвх сайн байсан ба тайланг цаг тухайд ирүүлж байсан нь бодит байдалтай таарч байна” гэж дүгнэв.
Н.Туяа МОНЦАМЭ
URL: