Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг “өршөө”

527-1355288783kiwi-middleНэгэн үе ямар нэг баялаг дээр “IPO босгох” гэдэг үг “моод”-нд орж байв. Одоо “моод”-ноос гарсан уу, эсвэл өнөөх зүлийг “босгох”- оо больсон уу, бүү мэд.

Иргэд төөрөлдөж орхисон. Харин одоо мөнгө хэрэгтэй объект бүрт бонд гаргадаг болов. Мөнгө хэрэггүй объект гэж бараг байхгүй л дээ. Болдогсон бол гэртээ ч гэсэн тэр “бонд” гээчийг нь гаргачаад хэзээ үхэхээ үл тооцон их хэмжээний хөрөнгө мөнгө зээлчээд тонгочиж баймаар л байна. Гэтэл хөгжиж буй хэрнээ баялагтай, түүнийгээ “хөдөлгөх” арга барил, туршлага дутмаг оронд хамгийн зөв зам нь “Бондын зам” байдаг гэнэ. Энэ бол иргэн бидний банкны, банк бус санхүүгийн байгууллагын, цаашилбал мөнгө хүүлэгчийн өрөөс тэс өөр зам ажээ.

Тухайлбал саяхан Японы нэгэн эдийн засагч хэлж л дээ, “Монголчууд бонд авах эдийн засгийн нөхцөл нь бүрдээгүй” гэсэн байна. Тэд өөрсдөө манайд “Самурай” бондыг санал болгож байгаа. “Чингис” бондын хувьд бид авдгаа аваад Тавантолгойгоос өмнөд хилийн зүг төмөр зам барих гэхчлэн хэрэгтэй, ирээдүйтэй зүйлдээ зарцуулаад эхэлчихсэн. Энэ зам хэрэгцээгүй байх аргагүй. Харин “Самурай” бондыг бид сайн “танихгүй”. Хэдэн хувийн хүүтэй, ямар ашигтай юм бэ. Манайх өмнө нь Японы Засгийн газраас зээлтэй байсан бол энэ бондын өгөөж яаж хувирах вэ гээд бүх зүйл таамаг төдий байна.

Нэгэнт Монгол Улс өртэй байгаа нь үнэн. Өр тавих эрхийг УИХ олгосон нь үнэн. Харин энэ өрийг 2030 он гэхэд төлж дуусгана гэх мэдээнд итгэхийг хүсч байна. Хэрэв өмнөх “өр”-өө үр бүтээлтэй зарцуулж чадвал өргүй болно. Бүр илүү бага хүүтэй өр тавих боломжтой болж мэдэх юм. Тэгэхээр гэгээлгээр харахыг бодъё.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө “Улсын өр улаан шугаманд тулаад байна” хэмээн анхааруулж байсан Ц.Даваасүрэн гишүүн эдүгээ УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Тэрбээр нөхцөл байдлыг эергээр харж тайлбарлах болсон байна. Энэ нь УИХ хийгээд шинэчлэлийн Засгийн газар нэгэн зүгт харж, ижил зүйл хүсч байгаагийнх болов уу гэж найдаж байна.

Дашрамд сануулахад “Ерэн жил тавиагүй их өрийг ганцхан жилийн дотор тавьчихлаа шүү дээ” гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хашхирч халаглаад байгаа хүмүүс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж ой санамжиндаа “RESTART” хийх хэрэгтэй. Учир нь хариуцлагаас зугтах бус хариуцлага хүлээх, амласандаа хүрэх чадварыг сонгогчид онцлох болсон билээ.

Цаашид яах вэ. Биднээс үл шалтгаалах хүчин зүйл хангалттай бий. Тухайлбал гадаад зах зээл дэх нэр хүнд, зээлжих зэрэглэл, манайхтай харилцдаг улс орнуудын эдийн засаг гэхчлэн бондын үнэлэмж, хүүд сөргөөр нөлөөлөх шалтгааныг тоочиж баршгүй. Гэхдээ бондын хүү буурах нь өмнөх 1.5 тэрбум ам.долларт бус ирэх он жилүүдэд авах, наад зах нь УИХ-аар батлуулсан 3.5 тэрбум ам.долларын хүү өсчих вий гэдэг түгшүүрийг төрүүлж байгаа юм.

Тэгэхээр манай улстөрчид наад зах нь зөв зүйлд зөв түгшиж хүртэл сурах хэрэгтэй. Эс тэгвээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үзэж суугаа жирийн сонгогч иргэн буруу зүйлд санаа зовних болно. Энэ нь маш хорлонтой. Наад зах нь тэр иргэн дараагийн иргэнд цай уух зуур нэмж хачирлан ярина. Угаасаа аман зохиол хэлбэрээр улс төрөө ч, ажлаа ч хийгээд амьдралаа хүртэл зохицуулаад сурчихсан ард түмнийг яах юм бэ.

Ямартай ч эхний ээлжинд “Чингис” бондын дээжээс хүртсэн төмөр замчид ажлаа хугацаанд нь амжуулна гэж байна. Автозамын салбар мөн адил. Замыг хүн ухаад малтаад аваад явчихдаггүй учраас бидэнд үлдэх хөгжил авчрах баялаг яах аргагүй мөн. Ийм зүйлд бондын хөрөнгөө зарцуулсан эрх баригчдыг ч, ард түмнийг ч хэн ч тэнэг гэхгүй. Тиймээс “Чингис бонд”-ын асуудлаар гоочлуулаад байгаа Ч.Улаан, Н.Батбаяр сайд нарыг “өршөө”. Тэдэнд ч гэсэн үнэлэгдэх цаг ирнэ.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих