Авилгалчийг нэрлэвэл амьдралгүй гэж захья

Ойрын өдрүүдийн хэвлэл, мэдээллийн гол шуугианыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу тарьж байна. Сайхансамбуу бол сонирхолтой ертөнц.

Хөдөлмөрийн гараагаа ажилчнаас эхэлсэн болохоороо ч тэгдэг үү, ямарч гэсэн зиндаархаж томордоггүй, хэнэггүй хүн шиг санагддаг. Ямар сайндаа л “Би авлигачидтай тохой залган сууж байна” гээд хэлчихэв. Гэтэл энэ үг нь Авлигатай тэмцэх газрынхны чихэнд бөмбөг тэсрэх шиг содон сонин сонсогдож. Аргагүй дээ.

Тэд алмасын эрэлд хатаж насаа барсан Равжир гуай шиг авлигачийн эрэлд шар махтайгаа хатаж яваа хүмүүс. Өлсөж явсан хүнд хоол үнэртүүлэхээр ходоодны хүчил нь улам ихэсдэг. Түүн лүгээ нэгэн адил “Авлигачид байна” гэсэн үг Авлигатай тэмцэх газрынхны ходоодны хүчлийг буцалгав.

“Авлигатай тэмцэх газар” хэмээн хэний ч хараат бус лут газар байгуулагдлаа гэсэн нь хэдэн жилийн өмнө. Гэтэл авлига авсан, өгсөн хэнийг ч илчилж чадахгүй өдий хүрлээ. Тэд авлигачдын хараат учраас авлигач илрүүлж чадахгүй байна уу даа гэх бодол бодит амьдралаас урган гарч харагдана.

Нэгэнт авлигачийг илрүү­лэхгүй байна гэдэг нь ажил­гүй сууж байна гэсэн үг. Ажил­гүй суучихаад өндөр цалин авах нь эрхбиш тэдний сэтгэлийг зовоодог биз ээ. Авлигач олдвол талхтай байна. Талхтай байхын тулд авлигачийн эрэлд хатна. Тэд том том авлигачдыг мэдэж л байгаа. Тэгэхдээ халдаж чадахгүй. Хэн л халуун чулуу атгаж эрхтэнээсээ салж, эрэмдэг зэрэмдэг болохыг хүсэх билээ. Тийм болохоор өөрт халгүй жижиг авлигачдыг аг­наж ажилтайн нэр зүүж яваа.

Төрийн банк залгичихсан том том ав­лигач­дад халдаж чадахгүй хэрнээ шил архи хувааж уугаад тамга даруулчихсан жулдрайг барьж авч баална. Авлигатай тэмцэх нэр зүүгчид “Авлигачид байна шүү” гэж сэрэмжлүүсэн УИХ-ын гишүүн Сайхансамбуугийн сануулгыг хужирссан малд шүү долоолгох шиг хорхойсож хүлээн авав.

Хумсаа үзэж зүгээр сууснаас худлаа ч гэсэн “Авлигач хаана байна” гэж хэн нэгнийг хоргоож суух нь бас ч ажилгүй хүн биш харагдана. Ш.Сайхансамбуу­гийн хэд хэ­дэн ярилц­лагыг уншл­аа. Эндээс харвал тэр төр засгаа, хууль ёсоо хүн­дэтгэдэг хүн болох нь харагдаж байна. Авлига­тай тэмцэх газрынхан орох учиртай хаалгаа олж нээх­гүй байна.

Хүрэх ёстой хатиган­даа хүрч шахаж чадахгүй байна. Хаанаас нь халтирч гуянд нь гэгчээр “Авлига­чид байна” гэсэн Сайхансамбуу гишүүнийг тойглож сууна. Авлига­чид байна уу? Байна. Түүнийг хэн илрүүлэх юм бэ? Хуулийнхан ил­рүүлнэ.

Энэ бол 1+1=2 гэсэнтэй л адилхан үнэн. Сайхансам­буу ги­шүү­нээ авлигач­дыг тэдэнд бит­­­гий нэрлээ­рэй. Авлигачдыг Сайхан­сам­буу гишүүн төдийгүй би ч мэдэж байна. Тэгэхдээ хэлэхгүй. Авлигачдыг илрүүлнэ гэж төрөөр талхаа бэлтгүүлсэн тэр хүмүүс бидний гараар могой атгуулах юм гэнэ.

“Та бол цэвэр хүн. Харин таныг Сайхансамбуу л авлигач гэсэн” гэж тал засч бэлэн будаа идэх юм гэнэ. Гайгүй байлгүй. Бид архичдаасаа айгаад зөвхөн архитай тэмцээд үр дүнд хүрээгүй.

Одоо жинхэнэ авлигачидтай биш авлигач байна гэж сэрэмжлүүлсэн Сайхансамбуу мэт шударга хүмүүстэй тэмцэхээр сүрдүүлж далайлгаж байгаа нь Монгол төрийн хууль яаж ядуурс­ныг нотолж байна. Авлигачид бай­на гэсэн болгоныг барьж, хорьж шийтгэнэ гэвэл монголын шинэ хуучин хоёр шорондоо мал шиг чихээд ч багтаахгүй бизээ. Аливаа ажил мухардалд орохлоороо л хэл­мэгдүүлж эхэлдэг.

Авлигатай тэмцэгчид мухар­далд орчихоод нэн шинэхэн үеийн хэлмэгдүүлэлт эхлэх гээд бай­гаа юм биш үү? Хэн нэгнийг хорьж шахаж байж хэлүүлчихээд түү­гээрээ түрий барьж ардын баа­тар болохыг санаархагчид байгаа мэт бодогдоно.

Хуульчид маань “Авлигач гэдэг үгийг хамаагүй бурж байж хэрэг түвэгт оров оо, УИХ гишүүн хүртэл ороогдож байгааг хараач” гэж ард түмэндээ сануулга өгч байгаа юм биш үү? Та авлига авсныг ч өгснийг ч үзсэн л бол чихгүй, хэлгүй, хараагүй хүн шүү гэж зүрх сэтгэлдээ шивнэж явах нь өлзийтэй юм биш үү? УИХ-ын гишүүнийг залхаана гэж заналхийлж байгаа хуулийнхан бид мэтийн ялаануудыг яасан ч дурынх шүү дээ. Тэгэхээр амиа бодвол авлигач гэдэг үгийг март гэж хүмүүст сануулга өгөөд байх шиг ээ.

Шинэсамбуугийн Сайхансам­буу өөрийнхөө ертөнцийг өөрөө бү­тээ­сэн. Монголын баячуудын жагсаалтын цээжинд яваа нь түүний амьдралын ухаантай, арвижуулахын авьяастайг нотолдог. Тэр цаана цаанаасаа тасралтгүй ундаргатай эрч хүчтэй, цуцаж, буцашгүй эр зоригтой хүн гэдэг нь туулж өнгөрүүлсэн мөр дээр нь бичээстэй байдаг.

Бизнесийн үйл ажиллагаа нь өвөлсөн хөрөнгө мөнгөнд түшиг­лээгүй, дуурайх загвар, татах хүч ч байгаагүй, өөрийнхөө л бор зүр­хээрээ зүтгэж өндөрлөгийг эзэлж авсан.
Тэр бизнесийн ертөнцөөс улс­төрийн ертөнцөд хөл тавиад алдаа, онооны аль алины нь дэнсийг хөдөлгөж л яваа. Ханилж яваагүй хүмүүстэй, туулж үзээгүй замаар явна гэдэг амаргүй.

Эрхэм гишүүний санаачилсан хэд хэдэн хууль дэмжлэг болоод эсэргүүцлийн аль алиныг дагуулж шуугиан тарьсан. Шуугиан тарих хэмжээнд хууль санаачлана гэдэг асуудлынхаа нүдийг олсных юм биш үү? гэмээр. “Парламентын эрх зүйг шинэчлэх тухай” хууль санаачлахад нь иргэд загатнасан газар нь маажих мэт цагаа олжээ гэж дэмжсэн.

Үнэндээ парламентын үйл ажил­лагааг шинэчлэнэ гэдэг талх­наас чухал байгаа. “Төрийн дээд шагналын тухай” хуулийн төсөл нь алдар цолт­нууд төдийгүй ард ир­гэд ч хөдөлмөрөө төрөөр үнэлүүл­дэг хуучин тогтолцоог орвонгоор нь өөрчлөх гэв хэмээн хүчтэй эсэр­гүүцсэн.

Хэдийгээр төрийн шагнал эзнээ олохгүй байна гэх өргөн шүүмжлэл явагдаж байгаа ч орвонгоор нь өөрчлөх цаг нь болоогүй байж мэднэ. “Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох тухай” хуулийн төслийг иргэд бараг хоёр гараа өргөж хүлээж авсан.

Гэтэл чамлахааргүй хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулж мэргэжлийн хуульчаар хийл­гэсэн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл нь хашир хуульчдын харшил хөдөлгөж бөөн хэл амны бай болсон. Уг нь олон ургальч үзлийн үүднээс үзвэл ийнхүү сайн муу хэлүүлэх нь ерийн үзэгдэл. Хэнийх нь зөв бурууг цаг хугацаа хэмээх мэргэн шүүгчээс өөр бурхан ч хэлж үл чадна.

Тэр УИХ-ын нэг ангийнхнаа­саа шинэлэг хандлагаараа, сонирхол­той санаа дэвшүүүлдгээрээ, үнэнийг эрээ цээргүй хэлчихдэгээрээ ял­гарч байдаг. Заримдаа үнэнийг ямар ч цэнзүүргүйгээр палхийтэл хэл­чихдэг нь хэн нэгний ашиг со­нирхлыг хөндөж өөрт нь “дайсан” болдог байхыг үгүйсгэхгүй. Мон­голд олимпийн анхны аварга төр­­сөн тэр өдрүүдэд хүмүүс баяр­­­лах­даа амандаа орсон шан ха­рамж амалж байв.

УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн “Олимпийн авар­гадаа сая долларын шагнал олгох хуулийн төсөл санаачилж Их ху­­ралд оруулна” гэж мэдэгдэв. Харин Сайхансамбуу гишүүн л “ Ийм дэмий юм бүү ярь. Хэдийгээр олим­­пийнх боловч биеийн тамирын л тэмцээн шүү дээ.

Тэмцээнд нэг нь ялж нөгөө нь ялагддаг нь жам ёсны юм. Хэрээс хэтэрсэн шан харамж өгөх шаардлага байхгүй. Энэ бол гайхмаар юм биш” гэж эр зоригтой хэлж байсан. Чухамдаа энэ бол жинхэнэ үнэн байлаа. Тэр хэн нэнийг аялдан дагахгүй, өөрийн гэсэн үзэл бодолдоо тууштай ханддаг ч өөрийнхөө бурууг ухаарч бас уучлалт гуйж чаддаг сэтгэлийн тамиртай нэгэн.

Нийгмийн амьдралын булхайг шударгаар илчилсэн хүмүүсийг ангуучилж байгаа юм биш биз гэх сэжиг бас төрүүлж байна. Монгол төр энэ мэтээр ажиллавал хэзээ ч авлигачийг илрүүлж үл чадна. Авлигатай тэмцэх газрын зарлага, орлогыг тооцож үзэхсэн. Хэрвээ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй зарлага нь ихэссэн бол тийм байгууллага байлгахын хэрэг юу билээ.

Зарим тохиолдолд авлигатай тэмцэх газрынхан өөрсдөө хо­хироод байх шиг санагдана. Ямар ч гэсэн удирдлагууд нь үнэмшил муутай шалтгаанаар торны цаана суув. Ерөөсөө л мордохын хазгай газар болсон. Мөнгөтэй олигархууд энэ байгууллагыг хараат болгочихоод хөдөлгөдөггүй юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Авлигатай тэмцэх газрыг ариутгахад Гандангийн арц, хүж ч тус болохгүй биз.

Авлигатай тэм­цэх газраа ажиллуулж чадахгүй болохоор бид авлигыг цэцэглүү­лэн хөгжүүлэхээс өөр сонголтгүй боллоо. Хэрвээ авлигачийг нэр­лэ­вэл амьдралгүй болно шүү. Өчүү­хэн чамайг байтугай өндөр сэнтийд суугаа эрхэм гишүүнийг ч жижгэрүүлж чаддагийг харцгаа гэж прокурор сануулаад байна гэж ойлголоо.


Сэтгүүлч Жа.Пүрэв. Ц.Дугар

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих