“Их муу хүүхэд”-ээс Итгэлт баян хүртэл

“Их муу хүүхэд”-ээс Итгэлт баян хүртэл

Бүтээсэн дүр нь сэтгэлээс гардаггүй мөнхөрдөг дүрийн эзэд Монголын кино урлагийн түүхэнд бий. Тэдний нэг нь Итгэлт баян буюу Ардын жүжигчин А.Очирбат гуай билээ.

Тэрээр амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулж, хүүхдийн жүжгээс эхлээд түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн авъяастан. Азай буурал жүжигчний амьдрал, уран бүтээлийн намтар дуусашгүй арвин. Түүний нэгээхэн хэсгээр хамтдаа аялъя.

Ардын жүжигчин А.Очирбат гуай манай сонины редакцид ирснээр түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь тухай  яриа өрнүүлэх ховорхон боломж тохиосон юм. Тэрээр инээмсэглэн “Ах нь их муу хүүхэд байлаа. Бага ангийн боловсролтой шүү дээ” гэснээр бидний яриа эхэллээ.

А.Очирбат гуай Төв аймгийн уугуул. Бага насаа ээж, аавынхаа гар дээр өнгөрүүлсэн. Тэр үеийн хүүхдүүдийн адил мал маллаж, ээж аавдаа дэм болсоор 19 нас хүрчээ. Ардын жүжигчин маань уран бүтээлч, жүжигчин болно гэж зүүдлээгүй явсан гэдэг. Түүний аав, ээж нь бичиг үсэг мэддэггүй эгэл жирийн малчид байв. Харин ээж нь хүүгийнхээ хойч ирээдүйг бодон тэр үеийн хуучин монгол бичиг мэддэг хүмүүсээр үсэг заалгасан нь холыг харсан зөв алхам байсан гэж А.Очирбат гуай уулга алдсан.

Тэрээр ээж аавынхаа тухай дурсахдаа нүдэнд нь үл ялиг нулимс цийлгэнэж, яриагаа хааяа таслан бодол болон суух юм. 1940-өөд оны үе монголчуудын хувьд шинэ, содон бүхний эхлэл байжээ.  Бүгд бичиг үсэгтэй болохыг эрхэмлэж, үсэг сурах нэг сарын аянг зохион байгуулав. Тэр аянд ирээдүйн жүжигчин маань хамрагджээ.

Тэрээр хэдэн гэр барьчихсан, ширээ сандал байхгүй, эсгий дэвсчихсэн гэрт хичээллэж байснаа дурсан ярьсан. Үеийн хүүхдүүдтэй эрдэм номын их аянд мордож, бичиг үсэг тайлагджээ. Ээжийнхээ буянаар найман настайгаасаа уншаад сурчихсан учир түүнд хэцүү зүйл байсангүй. Харин ч үеийнхнийгээ хошуучлан, ангийнхаа онц сурлагатнаар шалгарсан түүхтэй. Үүний дараа 1945 онд шинэ үсэг сурах их аянд мордов. Мөн крилл үсгээ амжилттай суран, түүнээсээ дэвшин бүлгэмийн шинэ үсгийн багш болжээ. Үеийн залуус болон өөрөөсөө дүү, ахмад настангуудад хичээл зааж байв.

Ийнхүү бичиг үсэг тайлагдахын хэрээр түүнийг эрдэмтэн болохсон гэсэн мөрөөдөл дагаж эхлэв. Хорвоогийн сонин сайхны тухай ном уншихсан, нутаг усныхаа нэрийг гаргасан мундаг хүн болохсон, хот хүрээ орж юм үзэж нүд тайлахсан гэсэн хүсэл оргилдог болж.

1947 онд хонгор морио унасан, нударга унжуулсан шавилхан залуу Улаанбаатар хотод ирэв. Аав нь зураач байсан тул уран зургийн сургуульд орох бодолтой явж. Гэвч тэр сургууль нь татан буугдсан учир Цэргийн сургууль, Санхүүгийн сургуульд очсон боловч мэдлэг бага гээд аваагүй гэдэг. Хүсэл мөрөөдлөөр дүүрч байсан сэтгэл нь унтарч нутгийн зүг буцахаар шийджээ. Гэтэл нутгийнхаа хүнтэй таарч учир явдлаа хэлтэл “Би чамайг урлагийн сургуульд оруулж өгнө” гэв.

Багаасаа урлагт элэгтэй байсан сэтгэл нь тэр үед нөлөөлсөн гэж А.Очирбат гуай дурссан юм. Учир нь тэрээр хонинд явахдаа хоолой мэдэн дуулж, сумынхаа урлагийн үзлэгт багахан хэмжээний дүр бүтээчихдэг сайн дурын уран сайханч байжээ.

Ийнхүү “Бөмбөгөр ногоон” театрт үеийнхээ залуустай хамт шалгуулахаар урт дарааллын ард зогсов. Энэ үед шалгаруулалтад ирсэн Д.Маамхүү, Д.Хишигт, Сэлэм тогмид зэрэг Монголын урлагийн алтан хуудсыг бичилцсэн алдартнуудтай танилцжээ. Цагаан Цэгмид, зохиолч Э.Оюун, Орос сургагч зэрэг мундагууд шалгалтын комисст багтсан байв. Гэвч А.Очирбат гуай тэдгээр хүмүүсийг таньдаггүй тул айж, сандрах зүйл байгаагүй гэсэн. Эхний шалгалт нь дуу. Дараагийн шалгалт нь этюд байжээ.

Ирээдүйн жүжигчин маань дуугаа дуулж, шүлэг уншив. Харин этюдийн шалгалт ирэхэд түүнд сэдэв өгсөн байна. “Сонинд ах нь одон медалиар шагнуулаад нас барсан” тухай мэдээ гарсан байна. Үүнийг тогло гэсэн даалгавар өгчээ. Түүний хувьд мэдэх зүйл байсангүй. Гарахад нь “Хүү минь чи тэнцээгүй” байх шүү гэсэн гэдэг. Гэртээ харъя гэж бодсон ч яагаад ч юм тэнцсэн хүүхдүүдийн нэрийг сонсмоор санагдаад хүлээж. Харин тэдгээр хүүхдүүдийн дотор өөрийнх нь нэр байгааг хараад гайхсан гэдэг. Ингээд урлагийн сургуульд суралцахаар болж нутаг буцжээ. Эндээс л малчин А.Очирбатын жүжигчин болох гараа эхэлсэн байна. Наймдугаар сарын 20-нд замын машинд суугаад сургуульдаа ирж. Мэргэжлийн хичээлээ Цагааны Цэгмид багшаараа заалгав. Энэ үеэс урлагийн сайхныг мэдэрч, урлагт ухаангүй дурласан гэдэг.

Тэдний ангиас 12 хүүхэд төгсчээ. Хожим нь тэд анхны “Хүүхдийн төв театр”-ын суурийг тавьж жүжигчдээр нь ажилласан юм. Хүүхдэд зориулсан орчуулгын бүтээлийг тавьж байжээ. Тэр үед Монгол хүүхдэд зориулсан зохиол хомс байсан тул Оросын зохиолуудыг орчуулан тоглодог байсан байна. Харин 1953 онд “Нэг ангийнхан” жүжгийг тавьжээ. Энэ жүжигт А.Очирбат гуай багшийн дүрийг бүтээв. Энэ үед хүүхдийн жүжгийг сургуулийн сурагчид заавал үзэх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байж. Тиймээс хүүхдийн төв театр үзэгчдээр дутдаггүй байсан гэнэ.  60 жилийн түүхтэй энэ театр 1990 оноос хувьчлагдаж, одоо ор мөргүй алга болж дээ хэмээн А.Очирбат гуай халагласан. Түүнээс одоо хүүхдийн зохиол хомс болжээ гэж асуухад “Тэр ч үнэн шүү. Хүүхдийн жүжгүүд үгүйлэгдэж байна. Уран бүтээлчид минь энэ төрлөөр уран бүтээл хийгээсэй” гэж хүссэн юм. А.Очирбат гуай бие жижиг, овор багатай учир  30 нэлээн гартлаа хүүхдийн дүрийг бүтээжээ. Харин түүнээс хойш багшийн дүрийг бүтээдэг болжээ. Тэрээр хүүхдийн жүжигт тоглохоос гадна 10 гаруй хүүхдийн жүжгийн зохиол бичсэн. Түүнээс долоо, наймыг нь хүүхдийн театр тоглосон юм. “Баавгай дуулах уу”  жүжиг нь манай анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болсон удаатай.

Тэрээр үеийнхнээсээ нэлээн хожуу кино урлагт хөл тавьжээ. Түүний мөнхийн дүр нь “Тунгалаг тамир” киноны Итгэлт баян билээ. Одоо ч үзэгчид түүнийг энэ л дүрээр нь хайрлан хүндэлдэг. А.Очирбат гуай өөрийгөө азтай гэж тодотгосон. Учир нь “Хэрвээ би Итгэлтэд тоглоогүй бол хэн ч биш байх байсан юм” гэв. Итгэлтийн дүр түүнийг жүжигчний хувьд нээсэн, сорьсон, өөрчилсөн тухай Ардын жүжигчин маань хуучилсан юм. Түүнийг Ч.Лодойдамба гуай өөрөө сонгосон гэдэг. Анх “Хирааны хонхор” жүжигт Зангийн дүрд А.Очирбат гуай тогложээ.

Тэр үед энэ жүжгийг Ч.Лодойдамба гуай үзжээ. Тэрээр жүжгийн төгсгөлд “Би Итгэлтийгээ оллоо” гэж уулга алдсан гэдэг. Тиймээс найруулагчид нь А.Очирбатыг тоглуул гэж үүргэдсэн юм гэдэг. Харин эхний зураг авалтын үеэр хөглөсөн тухайгаа А.Очирбат гуай хуучилсан. Тэрээр “Эхний зураг авалт цүү хаядаг хэсэг байсан юм. Өмнө нь кинонд тоглож үзээгүй байсныг хэлэх үү ичээд тоглож чаддаггүй” гэж хуучилсан. Түүнээс болж зураг хойшилжээ. Тэр орой киноны комиссынхон хуралдаж. Тэд “Энэ А.Очирбатаас болж кино дуусахгүй нь. Ер нь сольё. Эсвэл өөр зураг аваад үзье” гэсэн шийдвэрт хүрч. Ингээд маргааш нь өөр зураг авахуулснаар Итгэлтэд тоглох эрхээ авч үлдсэн гэдэг. Энэ дүр А.Очирбат гуайн амьдрал, жүжигчний өсөлт дэвшилтэд онцгой нөлөөлсөн гэв.  Анх өөрийгөө энэ дүрд тоглох болсныг сонсоод итгээгүй гэдэг. Тиймээс эхэндээ айж, сүрдэж байснаа нуугаагүй юм. Дүрээ судлахын тулд олон газраар явж дүрийн судалгаа хийж, зах дээр наймаа хүртэл хийж үзжээ. Дүрээ бүтээчихээд онгирч, омогшиж явснаа дурссан. Одоо ч түүнийг Итгэлт баян гэж дуудахад сайхан байдаг гэсэн юм. Тэрээр хамт тоглосон жүжигчдээ хайрлаж хүндэлдэг тухайгаа ярьсан. Эрдэнэд тоглосон Баатар гуайтай одоо хүртэл холбоотой байдаг гэнэ. Хааяа уулзаж, хууч хөөрдөг гэсэн. Түүнээс өөрт чинь Итгэлт баянтай төстэй зүйл байсан уу гэж асуухад “Үгүй ээ. Намайг 100 хувь эвдсэн дүрдээ. Хэрвээ ах нь Итгэлт баян шиг байсан бол шал өөр баян тансаг амьдарч байх байсан юм. Гэтэл надад одоо хувьдаа дугуй ч алга” гээд инээв. Ардын жүжигчин А.Очирбат гуайтай дараа дараагийн уран бүтээл болон хувийн амьдралынх нь тухай ярилцсан юм.

-Та Итгэлт баянаас гадна Сатай сайдын дүрийг  гайхалтай бүтээсэн шүү дээ?   

-“Мандухай цэцэн хатан” киног хийх үед би өөрөө Сатай сайдад тоглоё гэж санал гаргасан юм. Гэхдээ Итгэлтээс илүү хэцүү бүтсэн дүр шүү дээ.

-Яагаад?
-Итгэлт бол хийх ажилтай дүр шүү дээ. Дүрийн хувиралт, тоглолт гээд жүжигчнээс олон чадвар шаардана. Харин Сатай сайд нэгэн хэвийн дүр. Кино дуусахад ч тэр хэвээрээ л төгсдөг. Хийх ажилгүй байна гэдэг ямар хэцүү гээч. Жүжигчин хүн чинь өөрийгөө эвдэх ёстой. Гэтэл би Сатайд нэг хэлбэрээр тоглоод л дууссан даа.

-Дүрдээ сэтгэл ханаагүй юмаа даа?

-Гэхдээ түүхэн дүр болохоор сайхан шүү. Кинондоо бол их чухал дүр. Мандухай хатныг авчирдаг, насаараа түүний үнэнч зөвлөх нь байж, төрийн төлөө амьдралаа зориулдаг шүү дээ.

-Магадгүй одоогийн манай нийгэмд Итгэлт баян шиг хүн олон байвал яах вэ?

-“Тунгалаг тамир” бол их олон жилийг харж бичсэн роман. Одоо ч манай нийгэмд Итгэлт баян шиг хүмүүс олон байна. Сэдэв нь хэзээ ч муудаж, гашилахгүй. Харин яаж зөв замаар явах вэ гэдэг нь чухал. Сэргэлэн зангаа хэтэрхий ашиглаад байвал буруу юм болох вий. Харин зөв ашиглавал Итгэлт шиг хүн манай нийгэмд хэрэгтэй байлгүй яахав. Итгэлт чинь их зальтай, гүйлгээ ухаантай мундаг хүн шүү дээ.

-Амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулсан хүний ар гэрийнхэн ч ялгаагүй урлагийн хүмүүс болчихсон уу?

-Миний уран бүтээлийн үнэтэй зөвлөгч, шүүмжлэгч нь хань минь байсаар ирсэн. Өдөр шөнөгүй урлагийн төлөө зүтгэж явахад минь ганц удаа надад уурлаж, гоморхож үзээгүй дээ. Би эрх чөлөөтэй уран бүтээлч явлаа. Энэ миний ханийн буян юм шүү. Хүүхдүүдээ өөрөө л хүн болгосон. Ханьдаа баярлаад ханахгүй юм. Одоо ч намайг гадагшаа гарахад минь би түшээд явах уу гэдэг юм.

Охин маань “Илүү сартай зун” киноны Ариунаа шүү дээ. Багаасаа урлагт хайртай хүүхэд байсан. Гэхдээ урлагаар яваагүй юм. Ах нь гурван хүүхэдтэй. Бүгдээрээ хувийн ажлаа хийгээд явж байна. Яг урлагаар дагнасан хүн байхгүй. Гэхдээ бүгд л урлагт элэгтэй шүү.

-Та сүүлийн үед клип, рекламд нэлээд тоглож харагдана лээ. Ийм санал олон ирж байна уу?
-Зөндөө ирэх юм. Заримд нь тоглоно. Ихэнхид нь бие гүйцэхгүй болж. Хүүхдүүд сайхан юм хийж байна гэвэл ах нь аль болох дэмжихийг хүсэх юм. Гэхдээ алдаа мадагтай ч зүйл байна. Хэдхэн хоногт л кино хийдэг болчихож. Бидний үед тийм биш байлаа. Уран бүтээл кино гэдэг чинь нарийн шалгуурыг давдаг байсан үе. Одоогийнхтой зүйрлэх юм биш.

-Та сүүлийн үеийн кинонуудыг шүүмжилдэг байх нь ээ?
-Сайхан бүтээлүүд төрж байгааг үгүйсгэхгүй. Хүүхдүүд хийж байна. Гэхдээ жүжигчнийг дөвийлгөөд өгөх дүр алга гэж бодох юм. Сайн дүр байж л тэндээс сайн жүжигчин төрнө шүү дээ.

Сайн зохиол байгаа ч дүрээ нээж өгч чадахгүй байна. Манай жүжигчид дүрийн судалгаа муу хийж байна. Тиймээс дүр нь хүмүүст хүрэхгүй байна гэж өвгөн ах нь бодож сууна.

Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Итгэлт баян маань даруухнаар инээмсэглээд “Кино урлаг гэдэг дэлгэцэнд мөнх үлдэх юм. Ах нь урлагийн амьдралыг сонгосондоо харамсч, гутарсан удаа байхгүй шүү. Харин ч олон сайхан чанар, хүн хүнээ хайрлах эрхэм сэтгэлийг урлаг надад сургажээ” гэсээр гарч одсон юм.

Ч.Гантулга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих