Инженер Н.Нацагнямын бүтээлд 100 сая төгрөгийн шагнал олгохоор боллоо
2013 оны Техник, технологийн салбарын Засгийн газрын шагналыг ШУТИС, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н.Нацагнямд олгохоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэжээ.
Н.Нацагням “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam_AX12 болон түүний виртуал лаборатори” сэдэвт бүтээлээ нэр дэвшүүлсэн юм.
Энэ бүтээлд Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилсон мэргэжлийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна.
Тэдний дүгнэснээр уг бүтээл нь олон мэргэжлийн, өндөр ур чадвартай зохион бүтээгчдийн олон жилийн турш хийх, оюунлаг бүтээн байгуулалтын ажил юм. Харин Монгол Улсын нэг иргэн гадаадад сурсан технологийн давуу талаа ашиглан бүтээлээ гүйцэтгэж, туршин үр дүнд хүрснээрээ ихээхэн онцлог юм. Ийм бүтээлийг зохион бүтээхэд доод тал нь 7-8 өндөр мэргэжлийн инженер, зохион бүтээгч хүн шаардлагатай гэнэ.
Инженер Н.Нацагнямын бүтээсэн реактив чадлын автомат болох NaNyam-AX12 бүтээлийг бүх станц, дэд станцад суурилуулж, реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж, бие даан, найдвартай, тогтвортой ажиллах боломж нээгдэнэ. Мөн эрчим хүчний систем янз бүрийн доргилт ослын үед найдвартай ажиллах боломж бүрдэн, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох юм.
Энэ бүтээл БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд гэнэ. Учир нь өндөр үнэтэй PLC контроллѐр, Matlab-Simulink мэтийн импортын техник болон програм хангамж ашиглаагүй. Энэ бүхнийг Н.Нацагням өөрөө зохион бүтээсэн байна. Зөвхөн 0,11 cent–ийн silicon чип, 5 долларын хавтан зэрэг материаллаг зардлаас бүтсэн техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж, 600 сая төгрөгийн импорт орлох оюунлаг бүтээл болжээ.
Ийм төрлийн бүтээлийг Монголын түүхэнд анх удаа бүтээж байгаа юм байна.
Н.Нацагням бүтээлдээ Англи, Орос, Монгол гэсэн гурван янзын техник технологи ашигласан нь онцлогтой. Учир нь Английн импортын технологи Орос технологийг ойлгохгүй тул хэрэгтэй хэрэггүй гэж ялгахгүйгээр бүгдийг халж сольдог тул асар өндөр өртөгтэй. Түүнээс гадна барууны технологи манай технологид нийцдэггүй. Гэтэл Н.Нацагням барууны технологийг өөрчилж, ашигтай загвар гаргасан, мөн өндөр үнэтэй, хүчтэй, хуучин тоноглолыг хэвээр нь үлдээж хослуулсан нь дэвшилттэй юм.
Н.Нацагнямын бүтээл зөвхөн эрчим хүч бус инженерийн бусад салбаруудад ч өргөн хэрэглэх боломжтой.
Дашрамд хэлэхэд, Н.Нацагням Английн IT компаниудад тоогдож, синѐр инженер хүртэл ахин, 9 жил ажиллажээ. Түүний бүтээлүүдийг Монголын нийт залуучуудыг байлдан дагуулсан, оюуны бахархлын үлгэр жишээ болсон, сод бүтээл хэмээн дүгнэж байна.
Оны шилдэг бүтээлийн эзэнд олгодог тус шагналыг өмнө нь Төмөрбаатар, Намсрай нарын эрдэмтэд хүртэж байжээ. Тус шагналыг 100 сая төгрөг дагалддаг юм.
URL: