Хонио чононд хадгалуулчихаад… 2
-Гадаад эзэнтэй асрамжийн газар гэх хаалттай ертөнцөд нэвтэрсэн минь-
…Байшинд ормогц 9-10 орчим насны бяцхан охин бидний өөдөөс гүйсээр хүрч ирэв. Энэ айлын охин гэнэ. Аавынхаа нүдний харцаар гадагшаа гарч одов. Охин ээждээ хэл хүргэсэн бололтой. Төд удалгүй эзэгтэй гаднаас орж ирлээ. Өөрийгөө танилцуулж байна. “Альфа коммунитиз” олон улсын байгууллагын “Мишээл” салбарын нийгмийн ажилтан Түвшинзаяа гэнэ. Тэрээр нөхөртэйгөө Архангай аймагт энэ асрамжийн газрын анхны салбарыг нээж байжээ. Түүнтэй цөөхөн хором ярилцав.
-Танайд байгаа хүүхдүүд энэ хорооных уу. Эсвэл өөр газраас авчирдаг юм уу. Ер нь хорооны удирдлагуудтайгаа хэр хамтарч ажилладаг вэ. Тэд та нарыг сайн мэдэхгүй байх шиг байна лээ?
-Манайх хороотойгоо хамтарч ажилладаг. Өмнө нь Нийгмийн халамжийн газартай хамтардаг байсан. Энэ жилээс Хүүхэд хөгжлийн төвтэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр халамжийн газраас өгсөн хүүхдүүдийг манайх авч асардаг.
-Асрамжийн төвөөс гарсан хүүхдүүдтэйгээ хэр холбоотой байдаг вэ. Танайхаас гарсан хүүхдүүд одоо хаана, юу хийж байна вэ?
-Манайх хүүхдүүдээ их, дээд сургуулиа төгстөл нь байлгадаг. Манай төвөөс хоёр хүүхэд гарсан. Тэд хуримаа хийсэн. Нэг хүүхэд маань “Хас” банкинд ажиллаж байгаад, цалин нь бага байна гээд ажлаасаа гарсан. Одоо хувиараа бизнес хийж байгаа.
-Танай төвд ээж, аав нь байдаг мөртлөө, амьдралын боломжгүй хүүхдүүд байдаг хэрэг үү?
-Тийм ээ. Сүүлийн гурван жил эцэг, эхтэйгээ уулзаагүй бол бүтэн өнчин гээд тооцчихдог юм. Зарим хүүхдийнх нь эцэг, эх бүр тодорхойгүй. Манайх төр засагтайгаа холбоотой ажилладаг. Ирсэн, орсон, гарсан, шилжсэн, буцсан бүх зүйл засаг захиргаанаас ямар шийдвэрээр юу гэж хийсэн яг түүнийх нь дагуу мэдээллээ өгч ажилладаг.
-Тухайн хүүхдийн ирсэн, шилжсэн гэсэн мэдээллийг хаанаас авч болох вэ?
-Үүнийг Нийгмийн халамжийн газартай л ярих хэрэгтэй. Хэрэв одоо тэр хамаарахгүй гэвэл Хүүхэд хөгжлийн төвтэй холбогдох байх. Түүнээс бид нарийн зүйлийг мэдэхгүй.
-Танайх байгуулагдаад арав гаруй жил болж байгаа гэсэн. Энэ хугацаанд хэдэн хүүхэд танайхаас гарсан бэ?
-Асрамжийн газрын үйл ажиллагаатай холбоотой нарийн мэдээллийг даргаас ав. Би мэдэхгүй байна гэв.
Бидний асуулт зорилго руугаа хэвийхэд Түвшинзаяа хариулахаас татгалзаж эхэлсэн нь энэ. Тэрээр хүүхдүүдийн талаар нарийн ширийн зүйл асуухад уцаарлаж эхэлсэн юм. “Та нарт хангалттай мэдээлэл өглөө. Зураг авахгүй шүү. Одоо гарцгаа” хэмээн уурлаж, бид тэндээс хөөгдөж гарлаа. Уг нь бид гэрт орсон цагаас эхлээд хүүхдүүд хаана байгаа талаар лавлахад “Хичээлдээ явсан. Орой ирнэ…” гэсээр байсан. Биднийг очиход 16.45 цаг болж байсан. Энэ бол өдийд харанхуй болчихдог үе. Тэгээд ч дунд сургуулийн хүүхдүүд оройн 17.00 цаг болж байхад хичээлдээ суусаар байна гэдэг юу л бол… гэж бодогдсон юм. Ер нь л энэ асрамжийн газрынхан хэдэн хүүхэдтэй, ямар насныхыг хэлэхийг хүссэнгүй. Зураг хөрөг нь ч алга. Хөөгдөж гарахаасаа өмнө герман захирлынх нь утасны дугаарыг асуухад 7022…гэсэн дугаар өглөө. Энэ утас руу нь залгахад “Ашиглалтад байхгүй” гэснээр бидний хувьд “Мишээл” асрамжийн газрын “хаалга” хаагдсан юм.
Уг нь тус асрамжийн газар байгуулагдаад арав гаруй жил болж байгаа гэсэн. Энэ хугацаанд ердөө хоёр хүүхэд насанд хүрч амьдралаа аваад явсан гэх. Сонин статистик байгаа биз. Тус асрамжийн газраас ажил, амьдралын гараагаа эхэлсэн хүүхдүүдийн талаарх мэдээлэл Хүүхэд хөгжлийн төвд байгаа байх гэсэн бүдэгхэн хариултыг өглөө. Харамсалтай нь энэ мэтчилэнгийн асуултад хариулт өгөх сонирхол тэдэнд огт байсангүй. Бүртгэл нь герман хүний нэр дээр байдаг, тэр герман нь сураггүй. Асрамжийн газар нь айлын хашаанд давхар хашаатай болхидуухан байшинтай. Хэдэн хүүхэд байдаг нь тодорхойгүй, хичээлдээ явсан гэх ганцхан хариулттай. Сэжигтэй л санагдсанаа нуух юун.
Тэндээс гарахад хэдийнэ харуй бүрий нөмрөөд харанхуй болох дөхжээ. Бид цааш хөдөлж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байдаг америк эзэнтэй “Алс Дорнодын элч” гэдэг сүрхий нэртэй асрамжийн газрыг зорилоо. Заалгаж, заалгаж очвол Гачуурт тосгон тийш явах замын нүүрний эгнээнд хоёр давхар саарал тоосгон байшин сүндэрлүүлжээ. Ойр хавийн хүмүүсээс нягталбал мөн гэнэ. Гэвч байшингийн ханан дээр “Зарна” гэсэн бичиг хаджээ. Хайж ирсэн асрамжийн газар маань хаалгаа бариад удсан бололтой. Байшингийн хойно малын пүнзтэй хашаа байх аж. Пүнзийг цэвэрлэж байсан 36-38 орчим насны эмэгтэй ажлаа хийхийн сацуу биднийг гярхай гэгч нь ажиглаж байв. Бидний эрж хайсан энэ хоёр давхар байшин түүнд хамаатай ажээ. Хамт явсан албаны хүн “хаяг”-аа хэлж, бид сэтгүүлч гэдгээ танилцуулсангүй. Учир нь өмнөх асрамжийн газраас хөөгдөх шахуу гарсан болохоор тэр. Эзэгтэйг Энхдулам гэнэ. Мэнд асуух завдал өгөлгүй өнөөх бүсгүй биднийг хаанаас, ямар ажилтай яваа хүмүүс вэ гэж байна. “Энд асрамжийн төв байдаг гэж дууллаа. Тэгээд л танайхыг зорьж ирлээ. Хаалгаа барьчихсан хэрэг үү” гэвэл айлын эзэгтэй “Шашны үйл ажиллагаа дэндүү их явуулсан учраас татан буугдсан” гэж хэлэв. Мөн л гадаад эзэнтэй байж. Энд амьдарч байсан хүүхдүүдийг өөр асрамжийн газар руу шилжүүлжээ. Харин эзэгтэй гурван хүүхдийг нь өөр дээрээ авсан гэнэ. Энэ бүсгүй христийн шашинтай гэнэ. Гурван хүүхдийг хоёр настайгаас нь эхэлж асарчээ. Гэтэл нэг хүүхэд нь ёс суртахууны доголдолтой гэж байна. Тиймээс Хүүхэд хөгжлийн төвд өгөх гэж байгаа гэв. Тэр бүсгүй өөрөө таван хүүхэдтэй гэнэ. Түүнээс өөр тодорхой мэдээлэл авч чадсангүй. Харин бид түүнээс холгүйхэн гадаад эзэнтэй асрамжийн газар хэд байдгийг хэлүүлээд, байрлалыг нь заалгаж авлаа.
Ингээд Гачууртад байрлах “Бадамлянхуа” асрамжийн газрыг зорилоо. Уулын энгэрийг бүхэлд нь эзэлсэн том газрыг тойруулан хашаа барьжээ. Асрамжийн төв рүү явах замдаа нэгэн охинтой таарсан юм. Түүнээс “Миний дүү асрамжийн төвд амьдардаг уу” гэж асуусанд тийм гэлээ. Бид нар бас танай төв рүү явж байна. Замаа заагаад өгөхгүй юу гэсэнд дуртайяа зөвшөөрч машинд суусан юм. Тэрээр … дугаар сургуулийн зургадугаар ангид сурдаг аж. Түүнийг өглөө хичээлд нь явахад бусад хүүхдийн хамт хүргэж өгдөг ч орой хүүхдүүд өөрсдөө асрамжийн газартаа ирдэг гэнэ. “Би бүр багаасаа энд амьдарч байгаа, хэзээ ирснээ мэдэхгүй” гэж охин ярьж байна. Мөн тэрээр “Зарим хүүхдийг асрамжийн газраасТайвань, Филиппин руу амраахаар явуулдаг. Тэнд концерт тоглодог гэсэн”, “…Тэгээд хүүхдүүд тэндээ сар гаруй болоод ирдэг” гээд л ярьж өгч байна. Ийнхүү зам зуур охиноос багагүй зүйл сонссоор нөгөөх газарт ирэв.
Асрамжийн төвийн гэрийн багш гэх монгол эмэгтэй ирж, биднийг хүүхдүүдийн амьдардаг байр, хоолны өрөө, сургалтын танхимаар авч явж танилцуулахаар болов.
“Бадамлянхуа” асрамжийн төв 1995 онд байгуулагджээ. Тус төвийн захирал нь австрали хүн байдаг аж. Эзнийг нь Диди Ананда Калика гэдэг. Асрамжийн газрын хүүхдүүд нь Диди гэж дууддаг гэнэ. Өөрийн төрсөн хүүхэдгүй ч тэрээр монгол хүүхдүүдтэй арван найман жил ажиллаж байгаа ажээ. Асрамжийн төв нь 0-18 насны хүүхдийг авч хүмүүжүүлдэг байна. Бид байртай танилцах зуураа гэрийн багшаас бага сага мэдээлэл цуглууллаа. Хүүхдүүдийн амьдардаг байшин нь тохилог. Нэг байшинд долоогоос найман хүүхэд амьдарна. Байшин бүрт нэг гэрийн багштай. Дотроо халуун хүйтэн ус, ариун цэврийн өрөө зэрэг хэрэгцээтэй бүх зүйл бүрэн. Харин хүүхдүүдийн өрөөнд телевиз харагдсангүй. Чөлөөт цагаараа хүүхдүүд телевиз үздэг үү гэхэд тусгай цагтай. Тэр цагтаа хүүхдийн нэвтрүүлэг, кино үздэг гэж тайлбарлав. Мөн гэрийн багш, нийгмийн ажилтан, эмч, тогооч зэрэг шаардлагатай хүмүүс тэнд бүгд ажилладаг байна. Хүүхдүүдийн байшингийн хажууханд захирал эмэгтэйн амьдардаг байшин байлаа. Биднийг очиход тэрээр хот руу ажилтай явсан байв. Биднийг орчин тойронтой танилцсаны дараа сургалт явуулдаг байшиндаа урилаа. Тэнд хоёр багш англи хэлний хичээл зааж байв. Цөөн асуулт, товч хариулт… гэсэн болзолтойгоор нэг багшаас нь асуулаа даа.
-Та хүүхдүүдэд хичээл заагаад удаж байна уу?
-Би энэ төвийн хүүхдүүдэд хичээл заагаад хагас жил болж байна. Өнгөрсөн жил Монголд аяллаар ирэхдээ энэ төвийн тухай мэддэг болсон. Тэгээд эхнэрийн хамт Колумба улсаас ирж хүүхдүүдэд хичээл зааж байна. Би зөвхөн хичээл заадаггүй. Өглөө хүүхдүүдийг машинаар сургуульд нь хүргэж өгнө, байшингийн засвар үйлчилгээг хариуцана гээд ер нь бүх ажлыг амжуулдаг. Сайн дурынх учраас ямар ч цалин авахгүй.
-Одоогоор танай асрамжийн төвд хэдэн хүүхэд байна вэ. Ном, дэвтэр, хувцас авч өгөх зэрэг багагүй зардал гардаг байх?
-Манайд одоогийн байдлаар 57 хүүхэд бий. Өнгөрсөн зун дөрвөн хүүхэд 18 нас хүрээд их сургуульд орж, манай харьяаллаас гарсан. Бид нэг хүүхдэд сард 200-300 ам.долларыг зарцуулдаг. Бас хичээлдээ сайн хүүхдүүдийг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуульд сургадаг. Хүүхдийн сургуулийн төлбөрийг асрамжийн газраас төлдөг. Зарим нь хандив, тэтгэлэгээр ч сурдаг.
-Энэ асрамжийн төв нь олон улсын санхүүжилттэй гэсэн. Танай захирал ч гэсэн өөрийн хандиваа оруулдаг байх?
-Тийм ээ. Олон улсын санхүүжилттэй. Манайд Англи, Америкийн буяны байгууллагууд санхүүжилт хийдэг. Мөн Монголын нэг уул уурхайн компани ч хандив өгдөг. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Харин манай захирал баян хүн биш. Тэр зөвхөн олон улсын байгууллага, компанийхантай уулзаж санхүүжилтийн асуудлаа шийддэг. Би энд сарын дурын ажилтан хийж байгаа болохоор асрамжийн газрын санхүүжилтийн асуудлыг сайн мэдэхгүй.
-Танай асрамжийн төв харьцангуй нээлттэй юм байна. Хүүхдүүдэд шашны хичээл заадаг уу?
-Манай төв бараг өдөр бүр зочидтой байдаг. Олны танил хүмүүс, янз бүрийн хяналт шалгалтынхан гээд олон хүн орж гардаг. Бид ямар ч шашны үйл ажиллагаа явуулдаггүй.
-Энд зөвхөн бүтэн өнчин хүүхдүүд байдаг уу?
-Бүтэн болон хагас өнчин, аав ээж нь шоронд байгаа хүмүүсийн хүүхдүүд бий. Мөн эдийн засгийн хувьд хүүхдээ тэжээж чадахгүй гэр бүлийн хүүхдүүд ч байдаг. Тэдний хувьд хүүхдүүдтэйгээ хааяа ирж уулздаг.
Ингээд бидний яриа өндөрлөв. Энэ асрамжийн газарт амьдардаг хүүхдүүдийн хувьд англи хэлээр багштайгаа чөлөөтэй ярьж байгаа нь содон сонсогдож байлаа. Ямартай ч “Бадамлянхуа” асрамжийн газар нь биднийг дотогш оруулж, хүүхдүүдийн амьдарч байгаа орчинтой танилцуулж, үйл ажиллагааныхаа талаар харьцангуй нээлттэй байлаа. Гэхдээ тэд нэг хүүхдэд сард дунджаар 250 ам.доллар зарцуулдаг гэж бодвол дор хаяж 25 сая төгрөг зарцуулах болж байна. Үүн дээр ажилчдын цалин, хоол хүнс, хүүхдүүдийн гарын мөнгө зэрэг олон төрлийн зардлыг тооцвол 50 сая төгрөг төвөггүй зарцуулдаг байх. Сар бүр ийм хэмжээний санхүүжилт оруулдаг гэхээр чамгүй их хандив цугладаг юм болов уу гэж бодохоор эргэлзээтэй л санагдаж байгаа биз. Олон улсын санхүүжилттэй хэмээх асрамжийн газар манайд 30-40 орчим байдаг гэнэ. Эдгээр гадаадын асрамжийн газар үнэхээр монгол хүүхдүүдэд асрамж үзүүлдэг үү эсвэл өөр зорилгоор хүүхдүүдийг асрамжилдаг уу. Ямартай ч өөрсдийн нутагт үйл ажиллагаа явуулдаг асрамжийн төвүүдийн талаар хорооны дарга нар нь ямар ч мэдээлэлгүй байх юм. Тэр дундаа олон улсын хөрөнгө оруулалттай байх тусам нь бид хатуу чанга хяналт шалгалттай байх ёстойсон. Хэвлэлийнхэн байтугай хуулийнханд хаалттай байдаг энэ олон гадаад дотоодын асрамжийн газруудын үйл ажиллагааг яагаад бид нээлттэй болгож болохгүй гэж. Манай урд хөрш болох тэрбум хүн амтай Хятадын хүүхдийн асрамжийн төвийг хятад хүн л толгойлдог хуультай аж. Тэр бүү хэл, хүүхдүүдийг унтахад нь заавал хятад хүн хажууд нь байх учиртай гэнэ. Гэтэл Монголд үүний эсрэгээр. Монголчууд гадаад эзэнтэй асрамжийн газрын дотоодод нь юу болж байдгийг мэдэхгүй. Тэнд хэдэн хүүхэд байдаг, яаж амьдардаг, хэзээний шөнө хэдийг нь ачаад хил давуулж байгаа нь ч бүү мэд, үүнийг сонирхдог ч үгүй. Нөгөө талаар монгол хүүхдүүдэд эзэн суусан харийнхан биднийг “эзэмшил”-дээ нэвтрүүлэх тун дургүй. Монгол хүний хувьд тэнд орох нь хориотой. Өөрөөр хэлбэл, асрах газар гэдэг буянтай сайхан нэртэй нууцлаг, хаагдмал орчинд Монголын үр удам хэрхэн торниж, амьдарч байгаа нь маньд байтугай төр засагт маань ч хаалттай байна. Үүнд хааяахан дуугардаг сэтгүүлч бидний нийтлэлийн мөрөөр бус монгол хүний үндсэн ухаанаар хандахыг төрдөө уламжилъя. Харийнхны эзэмшдэг асрамжийн газруудын хаалгыг нээе.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ, Д.ЖАВХЛАН
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: