Ц.Элбэгдорж: Хүүгээ, хөвгүүдээ маш их хүлээлээ

Ц.Элбэгдорж: Хүүгээ, хөвгүүдээ маш их хүлээлээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” 2011 оны 1996 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаанд оролцсон юм.

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн хоёрдугаар ээлж буюу Мотобуудлагын батальоны 211 энхийг сахиулагч өнгөрөгч бямба гарагт эх орондоо ирлээ.

Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.

Энхийг сахиулагчдыг угтан авах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж баяр хүргэж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Та бүхнийг бид үдэн гаргаснаас хойш яг есөн сар болоод ирж байна. Энэ дотор миний хүү есөн сар та бүхэнтэй цуг алба хаагаад ирж байгаа. Тиймээс энд зогсч байгаа бүх аав, ээжүүд, ар гэрийнхний нэгэн адилаар хүүгээ, та бүхнийг маш их хүлээлээ. Таны хүү Э.Эрдэнэ ёслолын хамгийн сүүлд ирж үнсүүлнэ” гэж ёслолын албанаас надад хэлсэн юм.

Энхийг сахиулагчдад медаль гардуулж байтал нэг нь “Таньж байна уу” гэхээр харсан чинь есөн сар хүлээсэн хүү минь байв. Аав хүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дахин бүх хүүхдүүддээ албаа сайн хаагаад эх орондоо нэр төртэй эргээд ирсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энхийг сахиулагч дайчдад Монгол Улсын төрийн одон, медаль гардуулж, дайчид нэг бүртэй гар барин мэндчилснээр угтах ёслолын үйл ажиллагаа өндөрлөв.


URL:

Сэтгэгдэл бичих