Хашаа байшин өмчлөх эрхийн улсын бүртгэлийг ес хоногт багтаан бүртгэнэ

d395c84639cac6c5cd096e0ff03bec8cХашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлд хэрхэн хамрагдах талаар Сүхбаатар дүүргийн Хяналтын улсын байцаагч Л.Энхцэцэгээс тодрууллаа.

-Хашаа байшин,  хувийн сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд өргөдөл бичих шаардлагатай гэсэн. Ямар утгатай өргөдөл бичдэг юм бэ?
-Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлд хэрэв анх удаа бүртгүүлэх гэж байгаа бол тухайн иргэн бүртгүүлэхийг хүссэн  өргөдөл бичих ёстой. Тухайн өргөдөлд  хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байх шаардлагатай.

-Өргөдөлтэй хамт ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгаажуулсан дүгнэлтийн хуулбар байх хэрэгтэй. Түүнчлэн кадастрын зураг гэхдээ эх хувь нь, кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байх шаардлагатай. Мөн өмчлөгчдийн иргэний үнэмлэхийн  хуулбар байх ёстой.

Хэрэв насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар авчирна. Тэгээд хашаа байшин, хувийн сууцыг дөрвөн талаас нь бүтэн харагдуулж, авсан фото зургийг А4 цаасан дээр нааж, доор нь тайлбар бичнэ.  Хэрэв нэг хашаанд хоёр буюу түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авсан байна. Мөн хашаа байшин, хувийн сууцны план зураг байх хэрэгтэй.

-Бүртгэлд хамрагдахад ямар нэгэн хураамж төлөх үү?

-Тэмдэгтийн хураамжийг эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.01 хувиар тооцож авна. Түүнчлэн тухайн иргэн мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас буюу тасалбар авна. Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын ес хоногт бүртгэнэ.

-Захиалгаар бариулсан орон сууцыг өмчлөх эрхийн бүртгэл хийлгэхэд хашаа байшин хувийн сууц өмчлөхөөс өөр бичиг баримт бүрдүүлэх үү?
-Захиалгаар бариулсан орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх гэж байгаа бол бүртгүүлэхийг хүссэн өргөдөл бичих хэрэгтэй. Өргөдөлд үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, үнэ, хэдэн хүний өмч болох, тухайн орон сууцны талбайн хэмжээ зэргийг бичиж гарын үсгээ зурсан байна.

Түүнчлэн өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, орон сууцыг захиалж  бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь нь байна. Хэрэв гэрээний хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай. Мөн орон сууцны төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт, шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна.

Гэхдээ уг  баримтыг тухайн орон сууцыг барьсан иргэн, аж ахуй нэгжээс авдаг. Тэгээд эд хөрөнгийг дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зургийг өөрийн өмчлөлийн орон сууцны цонхыг дугуйлж тодруулсан байна. Мөн орон сууцны план зураг хэрэгтэй.

Ж.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих