“Дутуу төрөлтөд утаа нөлөөлж байгаа нь үнэн”

569Хаягдал, хуучин дугуй бидний эрүүл мэнд болоод байгаль орчинд заналхийлсээр байгаа талаар бид цувралаар хүргэж байгаа.

Энэ удаад агаарт байгаа хорт хий нь жирэмсэн эхчүүд болон урагт хэрхэн нөлөөлдөг талаар сурвалжиллаа. Утаанд хүний биед хортой нүүрс хүчлийн хийнээс эхлээд азот, аммиак, тоосонцор зэрэг нүдэнд үл үзэгдэх 200 гаруй хорт бодис агуулагддаг. Тэгвэл шатаасан дугуйнаас 2-3 дахин их хорт хий ялгардаг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлсээр байгаа.

Та бидний нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй хорт бодисуудын чимээгүй заналхийлэл зэвсэг барьсан алуурчнаас илүү та бидний эрүүл мэндэд заналхийлсээр байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Орбитын гэр хорооллоор нэлээд явлаа. Хоолой гашуу оргим утаа, нүүрсний өмхий үнэр хамар цоргино. 18.00 цагаас хойш утаа эрс ихэсдэг гэдгийг тэндхийн иргэд хэлж байв.

“Оройн цагаар явахад их хүндрэлтэй. Утаанд юу ч харагдахгүй. Дээр нь гэр хороололд гэрэлтүүлэг муутай. Хаанаас юу гараад ирэх бол гэж айж сандарч биеэ хурааж явсаар л гэртээ ордог” хэмээн СХД-ын 20 дугаар хорооны иргэн Б.Оюунсүрэн ярьсан юм. “Ойрын хэд хоног тэнгэр сайхан байна. Тиймээс утаа бас ч гэж гайгүй байна. Хүйтрэхээр урд замаа ч харж чадахааргүй утаатай болно доо. Манай энэ хавьд дугуй түлдэг айл мэр сэр байдаг юм шиг байна билээ. Хааяа суунагласан, муухай үнэртэй хар утаа зарим айлын яндангаас гардаг. Тэр нь бодвол нүүрснээс өөр магадгүй дугуй түлж байгаа учраас тийм муухай үнэртэй хар утаа гардаг биз” хэмээн мөн тус хорооны иргэн Ч.Эрдэнэбат ярилаа.

Хорт бодис амьсгалын замаар дамжин ургийг хамгаалж буй ихэсийг гэмтээснээс ураг хорддог аж. Үүний улмаас сүүлийн үед ургийн гажиг, бүтэлттэй төрөлт, тархи нь устсан, эрхтэн дутуу хүүхдүүд төрөх нь ихэсчээ. Улаанбаатарт амьдардаг жирэмсэн эмэгтэйчүүд, гэдсэн дэх ураг нь ямар нэгэн байдлаар утааны уршгаар өвчлөлд өртөж байна. Эрүүл саруул төрсөн ч биеийн эсэргүүцэл муутай, дархлаа султай болж буй нь утаанаас шалтгаалж байгааг эмч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.

Одоогоор утаанаас болж бага насны хүүхдүүд тэр дундаа нярай ямар нэгэн гэмтэлтэй төрж байна гэх албан ёсны судалгаа байхгүй ч утаанаас болж дутуу төрөлт, ургийн гажиг нэмэгдсэнийг салбарынхан хүлээн зөвшөөрч байгааг онцолъё. Тиймээс жирэмсэн эхчүүд өөрийн болон үр удмынхаа ирээдүйг хайрлаж байвал нийслэлд бус хөдөө амьдрахыг зөвлөе.

ЭМЯ-наас сүүлийн арван жилд шинээр мэндэлсэн хүүхдүүдийн дунд судалгаа хийжээ. Тодруулбал, сүүлийн арван жилд улсын хэмжээнд төрөлхийн гаж хөгжилтэй 407 хүүхэд төрсөн байна. Энэ нь нярайн гаж хөгжлийн тархалт 1000 амьд төрөлтөд 2.7 хувьтай байна гэсэн үг юм.

Тиймээс бид энэ талаар тодруулахаар ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийг зорилоо. Тус тасгийн хувьд 40 ортой. Өнөөдрийн байдлаар эдгээр ор нь арай ядан л хүрэлцэж байгаа аж. Хүйтний эрч чангарсан, утаа униар нь дийлдэхээ больсон улирал учраас тус тасагт хэвтэх балчир үрсийн тоо нэмэгдсээр байгааг эмч нар нь хэлж байв. Ингээд тус тасгийн эрхлэгч, хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч О.Солонготой ярилцлаа.

О.Солонго: Утаанаас болж уушгины хөгжил дутуу хүүхэд төрж байна

-Хүүхдийн өвчлөл хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Үүнийг нь утаатай холбож тайлбарлаж байгаа. Танай тасагт ирж байгаа хүүхдүүдийн хувьд ямар байна вэ?

-Сүүлийн таван жил өвөл болдгоороо болж, утаа ихэсдэгээрээ ихсэж байна. Дээр нь хүн ам өсч байгаатай холбоотойгоор өвчлөл нэмэгдсэн. Хүүхдийн өвчлөлийн тухай ярихад дан ганц эмнэлгийн салбарын тухай бус бүх салбар тухай ярих хэрэгтэй. Тухайлбал, утаа хүүхдийн өвчлөлд нөлөөлж байгаа нь үнэн. Мөн эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг гэдгийг залуу гэр бүлүүд мэдэхгүй байна. Гэр бүл төлөвлөлт гэж алга. Өнөөдөр суулаа. Маргааш салж байна. Энэ мэт хүчин зүйл хүүхдийн өвчлөлд нөлөөлж байна.

-Дөнгөж төрсөн хүүхдийн уушги агаарын бохирдол, утаанаас болж том хүний уушги шиг болж байна гэж зарим эх сурвалж хэлж байгаа. Тэгэхээр танай тасагт утаанаас болж хэвтэж байгаа уушгины өвчтэй хэдэн хүүхэд байна вэ?

-Манай тасагт 28-30 долоо хоногтой дутуу төрсөн нярай хэвтдэг. Уушги буюу амьсгалын эрхтэн тогтолцоо 35 долоо хоногтой урагт бүрэн гүйцэд хөгжсөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл сурфактант буюу уушгины хэвийн үйл ажиллагааг хангадаг бодис 35 долоо хоногт бий болдог. Гэтэл 28, 29, 30 долоо хоногтой төрсөн хүүхдүүд хүссэн хүсээгүй уушгины дутуу хөгжилтэй төрнө. Үүнд агаарын бохирдол нөлөөлж байгаа. Агаарт 21 хувийн хүчилтөрөгч байхад хүн хүчилтөрөгчийн хэрэгцээгээ хангадаг гэж үздэг. Гэтэл өнөөдөр 21 хувь байна гэж харах ямар ч нөхцөл алга. Ялангуяа, өвлийн улиралд.

-Дутуу төрөлтөд утаа нөлөөлж байна гэж ойлгож болох уу?

-Шууд тийм гэж хариулж чадахгүй. Яагаад гэхээр яг энэ талаар гаргасан судалгаа одоогоор байхгүй учраас би дур мэдэн хэлэх эрхгүй. Гэхдээ утаа нөлөөлж байгаа нь үнэн. Харин ямар хэмжээнд нөлөөлж байгааг хэлэх боломжгүй. Ер нь дутуу төрөлт олон шалтгаантай. Эхийн биеийн байдал, дархлаа, орчин гээд бүх зүйл нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Э.Орхон /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих