Цэнхэр дэвтрийнхээ ид шидийг үзэх нь
Бид сар бүр хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогынхоо хоёр хувийг эрүүл мэндээ даатгуулсныхаа төлбөрт төлдөг.
Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд зааснаар бол заавал даатгуулагч сар бүр хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогынхоо дөрвөн хувийг төлнө гэж заасан байдаг аж. Ингэхдээ үүнээс ажил олгогч хоёр, даатгуулагч өөрөө хоёр хувийг төлөх ёстой байдаг юм байна.
Харин бид сар бүр мөнгө төлдөг хэрнээ эрүүл мэндийн даатгал хэмээх алгын чинээ цэнхэр дэвтрээ хэрхэн ашигладаг билээ. Улсын эмнэлэгт үзүүлэхээс бусад тохиолдолд энэ дэвтрийн олон ид шидийг мэдэрч амжилгүй явсаар насыг элээж байгаа хүмүүс цөөнгүй. И ргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авдарныхаа мухарт хадгалахаас өөрөөр ашигладаггүй. Монголчууд бие сайтай, дээрээс нь хамрын ханиад зэргийг тоодоггүй “гүргэр” хүмүүс тул эмнэлэг гэж гүйх нь тун ховор.
Тиймээс ч иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харвал тэдний дийлэнх нь “Эрүүл мэндийн дэвтрээр дамжуулан хэчнээн төрлийн үйлчилгээ авч болох талаар огт мэдэхгүй” хэмээн хариулжээ. Уг нь та бидний авдрынхаа буланд “хадгалчихдаг” эрүүл мэндийн даатгалын дэвтрээр найман төрлийн үйлчилгээ авах боломжтой юм байна. Тухайлбал, хэвтэн эмчлэх, амбулаторийн тусламж, үйлчилгээ, оношлогоо шинжилгээ зэрэг найман төрлийн үйлчилгээ авах боломжтой байдаг аж.
Харамсалтай нь дээрх заалтууд амьдрал дээр огт хэрэгждэггүй. Тухайлбал, улсын эмнэлэгт үзүүлсэн ч заавал төлбөртэй оношлогоо, шинжилгээнд хамрагдах болдог. Ялангуяа нурууны зураг авахуулах зэрэг нарийн мэргэжлийн оношлогоо шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаараа дамжуулан хамрагдаж байсан тохиолдол байхгүй. Бусдын хувьд ч адил. Энэ бол даатгуулагчаас хамааралгүй, амьдралаас хол хөндий байгаагийн энгийн жишээ. За тэгээд эрүүл мэндийн даатгалаар хэвтүүлдэг рашаан сувиллын газар эрээд ч олдохгүй.
Харин зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтөд дэвтрээ ашиглан хамрагддаг иргэд цөөнгүй бий. Амьдралд арай ойр, нийцтэй нь энэ юм. Бусдыг нь лав нэг ч удаа ашиглаж үзээгүй төдийгүй ашиглах боломж ч олгож байгаа юмдаг. Яг үүн шиг иргэд ашигладаггүй учраас мэдэхгүй байгаа хэрэг. Ашигласан ч одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын хууль болон үйлчилгээ нь даатгуулагчаас хол, даатгуулагчийн оролцоогүй, даатгуулагчаас үл хамаарсан байдалтай явж байгаа талаар иргэд шүүмжилжээ. Т эгвэл энэ тогтолцоог үндсээр нь өөрчилж, иргэдэд ойр, даатгуулагчаас хамаардаг болгох хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийнхээ шатанд явж байгаа аж.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нарын санаачилсан хоёр хуулийн төслийг нэгтгэх замаар боловсруулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Хууль батлагдсанаар олон эерэг өөрчлөлт та бидний амьдралд гарах талаар хууль санаачлагчид ярьж байна. Тухайлбал, энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, зөвхөн гүйцэтгэлээр төлбөр хийгдэх ажээ. Мөн даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгох эрхтэй болох юм.
Үүнээс гадна хамгийн чухал нь шилжилтийн явцад өмчийн олон хэлбэрийг бий болгох зорилт тавьж байгаа гэнэ. Ингэснээр мэдээж өрсөлдөөнд хувийн, төрийн эмнэлгийн зааг ялгаа байхгүй болох нь. Өөрөөр хэлбэл, даатгуулагчдаа хэн сайн үйлчилсэн нь санхүүжилтээ илүү авах юм байна. Мэдээж энэ хэрээр тухайн эмнэлэг бэхжиж үйл ажиллагаа нь дэвжинэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа ажээ.
Ингэснээр бид эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ зөвхөн улсын биш хувийн эмнэлгээр ч үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Хамаг мөнгөө ганц шинжилгээ, рентген зураг авахуулахад зарцуулдаг үе ард хоцрох нь. Мөнгөгүйгээсээ болоод үхэлтэй нүүр тулгардаг өнөөгийн харгис тогтолцоо халаагаа өгөх нь, яамай даа.
Х.Жаргал
URL: