“Юнител” группын хамтрагч Хятадын “Huawei” компаниас гадны улсууд болгоомжилж байна

shudarga_mn_1385688160_images 2Сүүлийн үед мэдээллийн  аюулгүй байдлын тухай асуудал өндөр зэрэглэлд тавигдаж, энэ асуудал хувийн нууцаас эхлээд төрийн нууцад ч хамаарах болсон. Хэнэггүй,  цөлх монголчуудын хувьд нууцлалын тухай асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тэр ч бүү хэл нууц гэдэгт юу хамрагддаг эсэхээ ч анзаарахгүй явсаар өнөөдөртэй золгож байна. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Монгол төрийн нүд чих болсон Тагнуулын ажилтнууд хүртэл нууцаа задласан гэдэг мэдээлэл олон хүнийг цочирдуулж байсан.

Нууц гэдэг архивт л байдаг гэж ойлгосоор ирсэн Монголчуудын хувьд өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуулт жинхэнэ шүдний өвчин болж хувирав. Саяхан гэхэд л Монголын Батлан хамгаалах салбартай холбоотой мэдээллийг Хятадын дэлхийд алдартай “АРТ1”, “Comment crew” бүлгийнхэн хакердсан талаар АНУ-д төвтэй “Threatconnect” мэдээллийн технологи, аюулгүй байдал сонирхдог мэргэжилтнүүдээс бүрдсэн байгууллага мэдээлсэн. Хакердсан мэдээллүүд дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээлэл, Монгол Улс АНУ-ын хамтарсан “Хааны эрэлд-2014” цэргийн сургуулилт, Вьетнамын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газраас Монгол Улсаас БНВУ-д суугаа Элчин сайдад хүргүүлсэн мэдээлэл зэргийг хакердсаныг дэлгэн тавьсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Мэдээж нууцаа алдчихсан шүү гэж хэлэхээсээ айсан манай дарга нар нам жим суусаар…
Өмнө ширээнд нь байгаа, сейфэндээ цоожилсон, архивт хийсэн нууцын тухай материалуудаа тагнуулчдад алдаж байгааг орос ах нарын бүтээсэн киноноос л үзэж сурсан монголчуудын хувьд нууц материалыг хэн хаанаас ч яаж ч олж авч болдог болсон гэдгийг ойлгуулах цаг ч болсон бололтой. Учир нь сүүлийн үед гар утасны томоохон компаниудтай холбоотой асуудал  яригдаж эхлээд байна.

Тэдний нэг нь “Юнител” ХХК. Монгол улсын бүх аймаг болон сум, суурин газруудыг хамарсан нийт 302 газар сүлжээтэй энэ компани 2011 онд өндөр хурдны интернэт, дуу дүрсний өндөр нарийвчлал бүхий IPTV, суурин утасны гуравласан үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэгч гэж зарлагддаг Univision, сансрын холбооны Monsat, MCS com, Skynetcom, Skynetworks компаниудыг нэгтгэн  групп болж өргөжсөн.

Өөрөөр хэлбэл гар утас, суурин утас, сансрын холбоо, интернет орчин гээд орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны бүхий л чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компани. Гэвч тус групптэй хамтран ажиллаж, Юнител группт тоног төхөөрөмж  нийлүүлдэг Хятадын “Huawei” компанитай холбоотой тун таагүй мэдээллүүд дэлхий даяар цацагдах болсоор удаж байна.  Хятадын энэхүү компани нь харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Харамсалтай нь “Huawei” компани  операторын тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл өргөн тархаад байгаа. Хятадын “Huawei” компанийнхан Энэтхэгт ч мөн тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан бөгөөд  2010 онд Энэтхэгийн Төв мөрдөх товчооноос үүрэн холбооны компаниудаа “Huawei”-тай хийсэн гэрээнүүдээ цуцлахыг шаардаж байжээ.  Учир нь Энэтхэгийн үүрэн холбооны компаниудад нийлүүлдэг тоног төхөөрөмжүүдээс нь чагнах, тагнах зүйл илэрч байсан аж.  Үүнээс гадна  2012 оны гуравдугаар сард Австралийн Засгийн газар “Huawei”-ийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьсан бол,  2012 оны аравдугаар сард АНУ  “Huawei” компанийг Нэгдсэн улсын аюулгүй байдалд томоохон хохирол учруулж байгаа  гэж үзэн бүтэн хориг тавьж байжээ.  Тодруулбал Харилцаа холбооны төхөөрөмж болон гар утас үйлдвэрлэдэг Хятадын Huawei  компанийг  “АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн Конгрессийн тагнуулын хорооноос хүртэл  мэдэгдэл гаргажээ.

Тус тагнуулын хорооныхон “Huawei компани  Хятадын эрх баригчдад хилийн чанадаас төрөл бүрийн мэдээлэл цуглуулж өгөн албан бусаар тусалдаг”  гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Тэр ч бүү хэл тус хороо АНУ-ын газар нутаг дээр үйл ажиллагаа эрхэлж буй  компаниудад  “Huawei”-тэй холбоо тогтоохгүй байхыг зөвлөж байгаа ажээ. Huawei компанийг  үүсгэн байгуулагч нь Хятадын ардын армийн инженер хүн байсан бөгөөд Герман улсын бүх их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гэдэг хориг тавьжээ.
Үүнээс гадна Европын бас нэгэн оронд тагналаа чагналаа гэсэн үндэслэлээр хориг тавигдах болсон тухай шуум сонсогдох болоод байгаа. Олон улсад сүлжээний төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуул хийдэг хэмээн буруутгагдаад байгаа “Huawei” компани манай улсын үүрэн холбооны гуравдагч оператор “Юнител”-ийн  тоног төхөөрөмжийг эхнээс нь нийлүүлж байсан одоо ч нийлүүлж байгаа нь олны сэтгэлийг түгшээж байгаа юм.  Түгшихээс ч өөр аргагүй. Манай урд хөрш хятадын хакерууд, мэдээллийн хулгайчдыг яаж ч чадахгүй байгаагаа АНУ хүртэл хүлээн зөвшөөрч, Хятадын Huawei  компанийг  “АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн мэдэгдэж байхад Монголчууд бид Юнител компанийн түнш,  Хятадын Huawei  компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж суугаа.

Гадныханг маш сайн чагнаж чаддаг шигээ Хятад улс өөрсдийгөө маш сайн хамгаалж чаддаг.  Хятад улс өөрийн армидаа кибер цэргүүдийн элит нэгжтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа.   “Кибер цэнхэр баг” гэж нэрлэх  энэ баг Хятадын сүлжээг гадны кибер халдлагаас хамгаалах зорилготой гэж мэдэгдэж байгаа ч олон хүн энэхүү нэгжийг эсрэг давшилтын үйлдэл хийх, дэлхий дахинд зохион байгуулалттай кибер дайн хийх боломжтой гэгддэг байна.

http://www.shudarga.mn/news/16065.html


URL:

Сэтгэгдэл бичих